Хүүхдүүд хөгжмийн ертөнцөд Монголынхоо нэрийг дуурсгаад иржээ
2012-04-11

Урлагийн “Дэм” нийгэмлэгийн дэргэдэх сургалтын “Авьяастан” төвийн СТА Б.Одгэрэл багштай төгөлдөр хуурын дугуйлангийн 17 сурагч гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Францын Монтре Ле Бан хотын захиргаанаас зохион байгуулсан олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны өсвөрийн төгөлдөр хуурчдын наадамд амжилттай оролцож олон улсын сонгодог хөгжмийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаад ирлээ. 5-15 хүртэлх насны хүүхдүүд оролцдог өсвөрийн төгөлдөр хуурчдын наадам нь дотроо насны эрэмбээр 12 ангилалтай, ангилал бүртээ өгөгдсөн болзолт зохиолууд нь нас насандаа тохирсон боловч тоглогчдоос өндөр ур чадвар, техник ажиллагаа, авьяас,  мэдрэмж, сэтгэлгээ шаарддаг байна. Эдгээр нь голдуу Францын хөгжмийн зохиолчдын болон сонгодог зохиолууд байдаг аж.  Уг наадамд “Авьяастан” төвийн сурагч, М.Ануужин, Үй Цай сургуулийн сурагч Б.Тэнгис, Орчлон сургуулийн сурагч О.Амина, С.Номундарь, С.Ирмүүн, Зуунбилэг сургуулийн сурагч Ж.Уянга, Шинэ-Үе сургуулийн сурагч Г.Нямжаргал нар тус тус I байранд шалгарч алтан медаль, дурсгалын дипломоор шагнуулжээ. Тэдгээрийн дундаас О.Амина хоёр ангилалд давхар оролцон хоёуланд нь I  байр эзэлж, наадмын цом хүртсэн байна. Харин II, III байранд О.Тэмүүл, Б.Батчансаа, эгч дүү хоёр болох 7 настай Б.Чангаа, 5 настай Б Хатангарвалт нар, мөн Х.Хангал, Д.Тэргэл, Э.Мишээл, Н.Мишээл, Э.Цэлмүүн, Б.Мичидмаа нар шалгарч мөнгө, хүрэл медаль, диплом хүртжээ. Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан нь жинхэнэ авьяастнуудыг хоёр ангиллаар шалгаруулдгийн дээд ангиалалд нь дээд сургууль төгссөн буюу консертаторын төгсөх курсийн оюутнууд, харин ахлах ангилалд нь ихэвчлэн консерваторын оюутнууд оролцдог аж. Энэхүү өндөр зэрэглэлийн ахлах ангилалд Францын Лионы консерваторын II курсийн оюутан Б.Анударь амжилттай оролцож III байранд шалгарчээ. Тэрбээр найман настайгаасаа “Авьяастан” төвд БСТА Д.Наранцацрал багшийн удирдлага дор 10 жил суралцан, СУИС-д  ардын жүжигчин, профессор Т.Цолмон багшийн ангид элсэж, улмаар 2010 оноос тус консерваторт тэнцэн суралцаж байгаа аж. “Авьяастан” төв нь үйл ажиллагаа явуулаад 18 жил болж байгаа бөгөөд сүүлийн 10 жилд нь олон улсын уралдаанд сурагчдаа жил бүр амжилттай оролцуулснаар шагналт болон тусгай байр эзэлж иржээ. Ирэх зургадугаар сард бас БСТА Д.Наранцацрал багштай 9 сурагч Унгар улсад болох Ф.Шопений нэрэмжит олон улсын уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа аж. Эдгээр амжилт бол нэг талаас сурагчдын авьяас билиг, хичээл зүтгэл, нөгөө талаас тус төвийн Д.Наранцацрал, Б.Одгэрэл, Б.Сувдаа, Д.Энхмаа, У.Цэцэгмаа зэрэг багш нарын уйгагүй хөдөлмөр, ур чадвартай зайлшгүй холбоотой гэж эцэг эхчүүд үнэлж байна.
Shuud.mn
Сонин хачин
mongoloos oor oron orolcson um boluu esvel manaihan parist ocij avargaa shalgaruuldag bolson um bolovuu
2012-04-12
Sain bna. Bayr hurgey
2012-04-12
BC:
ta nariigaa yamar ix sanaj bainaa, xairt mongolchuud mine.
2012-04-11
BAYARLALAA HUUHDUUDEE:
TANARAARAA BAHARHAJ BNA SHUU EH ORON CHIN AZ JARGAL HUSIE
2012-04-11