Н.Дүгэрсүрэн: Иргэний цахим үнэмлэхийг одоо хэвлэсэн ч болно
2012-04-13

Иргэний цахим үнэмлэхийн бэлдэц болон иргэний үнэмлэхийг хэвлэх машин нийлүүлэх ажлыг хариуцаж байгаа “Бодь интернэйшнл” компаниас уг ажлын явц ямар байгааг тодрууллаа. Иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх ажил сонгуулиас өмнө амжихгүй болсон, гүйцэтгэгч тал буруутай мэтээр мэдээлэл цацагдаж байгаа. Үйл явц ямар шатанд яваа, ажил удаашрахад юу нөлөөлсөн талаар бодитой мэдээлэл хүргэх үүднээс “Бодь” группын зүгээс энэхүү төслийн удирдагчаар ажиллаж буй Н.Дүгэрсүрэнтэй ярицллаа. -“Бодь интернэйшнл” компани иргэний цахим үнэмлэх бэлтгэх үйл ажиллагаанд яг ямар оролцоотой байгаа юм бэ. Танайх чухам юуг нь хариуцаж байгаа юм бэ? -Иргэний ухаалаг үнэмлэхийн бэлдцийг Франц улсын “Жемальто” компаниар хийлгэхээр Засгийн газар шууд гэрээний дагуу сонгосон юм. Энэ удаад Засгийн газрын зүгээс “Жемальто” компанид өгсөн иргэний үнэмлэхийн бэлдэц нийлүүлэх захиалгын гэрээг тус компанийн албан ёсны төлөөлөгчийнх нь хувиар манай компани байгуулсан юм. Бид энэ захиалгын дагуу үнэмлэхийн бэлдцийг нийлүүлэхээс гадна үнэмлэх хэвлэх машиныг нийлүүлэн ажиллаж байгаа. Харин одоо хэвлэх ажил биднээс шалтгаалахгүйгээр хойшлох болоод байна. -Үнэмлэх хэвлэх ажил хойшилж байгаа нь танай компаниас шалтгаалаагүй гэж хэллээ. Тэгвэл яагаад, юунаас болоод хэдий хугацаагаар хойшлох болсон юм бэ. Үүнтэй холбоотой хэл ам гараад байна шүү дээ. -Бидний хувьд иргэний ухаалаг үнэмлэхийг одоо ч хэвлэсэн болж байна. Бүх юм нь бэлэн байна. Олон улсын стандартад нийцсэн ухаалаг үнэмлэх хэвлэх бүх техник нөхцөл, шаардлагаа бид хангачихсан. Харин юун дээр гацаад байгаа вэ гэхээр тэрхүү ухаалаг үнэмлэхийг хэрэглэх талууд нь бэлэн биш байна. Юуны өмнө ирэх сонгуулийн санал хураалтад уг үнэмлэхийг ашиглахаар тооцож байгаа ч Сонгуулийн ерөнхий хорооны авчирсан уншигч машин нь тэр үнэмлэхийг уншиж чадахгүй, тун энгийн технологитой юм байна. Ингээд олон улсын стандартаар хийгдэж байгаа ухаалаг үнэмлэхээ СЕХ-ны уншигч машинд нь тааруулж өөрчлөх үү, эсвэл СЕХ-ны уншигч машиныг өөрчлөх үү гэдэг асуудалтай тулгарсан. -Тэгээд яаж шийдэж байгаа юм бэ? -Иргэний цахим үнэмлэхийг унших, таних төхөөрөмж буюу терминал гэдэг нь тун боловсронгуй ухаалаг эд байдаг. Тэгэхээр ухаалаг үнэмлэхийг хэвлэх технологи, дараалал нь тэрхүү терминалдаа зохицсон байх ёстой. Харин СЕХ-ны хэрэглэх гээд байгаа төхөөрөмжөөр иргэний ухаалаг үнэмлэхийг уншуулж, санал хураана гэвэл дахиад 4-5 хэсэг салангид эд ангиуд хэрэгтэй юм байна. Иргэний үнэмлэхний чипин дэх мэдээллийг нэг төхөөрөмж биш нэлээн хэдэн хэсэг төхөөрөмжөөр уншуулна гэвэл бид үнэмлэх хэвлэх технологи, дараалалдаа өөрчлөлт, тохируулга хийх ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, чипинд бичих мэдээллийн дараалал, түүний протоколыг нэмж өөрчлөх шаардлагатай болсон. Үүнд хугацаа хэрэгтэй. Бидний тооцоолж байгаагаар хоёр долоо хоног шаардлагатай. Үүнийг хэлэхээр л үнэмлэх хэвлэх ажлыг гацаалаа гээд биднийг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Ердөө СЕХ-ны ашиглах гээд байгаа уншигч машинд нь тааруулах үүднээс л олон улсад мөрддөг стандарт, технологийг өөрчлөх шаардлагатай болчихоод байна гэсэн үг. Бид бэлэн байгаа бэлдцэн дээрээ терминальд зориулсан стандартаар хэвлэе гэвэл өнөөдөр ч бэлэн байна. Үүнийгээ ч илэрхийлсээр, хэлсээр ирсэн. -Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо болохоор УБЕГ болон танай компанийг  үнэмлэхээ хэвлэж чадахгүй хойшлуулаад байгаа гэж буруутгасан мэдээлэл хэвлэлд өгсөн байна. Эхлээд үнэмлэхээ хэвлэчихвэл бид дараагийнхаа ажлыг хийнэ гэж Тамгын газрын дарга нь хэлсэн байна шүү дээ. -Тэгвэл хамаагүй, бид үнэмлэхийг одоо хэвлэлээ. Тэр тусмаа олон улсын стандартад нийцсэн байдлаар, терминальд зориулсан стандартаар хэвлэе, болж байна. Ингэлээ гэхэд СЕХ-ны машин нь ухаалаг үнэмлэхтэй ажиллаж чадахгүйд хүрнэ шүү дээ. Сонгуулийг цахим үнэмлэхээр явуулах, санал тооллогыг хүний хүчин зүйлээс хамааралгүй болгох зорилго биелэхгүйд хүрнэ шүү дээ. Үүнийг ч СЕХ-ны удирдлагууд өөрсдөө мэдэж байгаа. Бид ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй, СЕХ-ноос үүдэн гарсан хүндрэлтэй асуудлыг зохицуулах гээд ингэж хэл аманд өртөж байхаар гэрээгээ баримтлаад терминальд тохирсон стандартаар үнэмлэхийг хэвлэчихвэл болж л байна. Энэ байр сууриа ч Улсын бүртгэлийн ерөнхий газарт уламжилсан албан бичиг төлөвлөөд сууж байна. -Улсын бүртгэлийн ерөнхий газар ямар хариу өгөх бол. Ер нь иргэний үнэмлэх ямар стандарттай байх, хэзээ бэлэн болгох, хэнээр захиалга гүйцэтгүүлэх гэх зэрэг асуудлыг УБЕГ л мэдэх ёстой биз дээ. СЕХ-ны худалдан авсан хямдхан машинд тааруулж иргэний үнэмлэхийг бэлтгэх шаардлагагүй гэдэг байр суурин дээр УБЕГ хатуу зогсч болдоггүй юм байх даа. Тэр үнэмлэхийг зөвхөн сонгуульд ашиглаад хаячихгүй, дараа нь олон зүйлд ашиглана шүү дээ? -Иргэний ухаалаг үнэмлэхний хэрэглээний зөвхөн нэг хэсэг нь сонгууль. Одоо бол СЕХ-ны стандарт бус уншигчид тааруулахын тулд хэлвэх машинд нэмэлт ажлуудыг хийж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь цахим нууцлалын системийн чанарыг чанарыг алдагдуулахгүй байхаар хийж байгаа юм. Үүнд хугацаа хэрэгтэй гэхээр л биднийг буруутгаад байх юм. За тэгвэл, хугацаа алдана гээд байгаа бол одоо хэвлэлээ гэхээр СЕХ-ны машинтай нийцүүлэхгүйгээр шууд хэвлэчихэж болохгүй гэж УБЕГ-ын холбогдох хүмүүс хэлээд байгаа. Тухайлбал, УБЕГ-ын Мэдээлэл, технологийн газрын дарга Чинбат “Энэ ажилд танайх, манайх хоёр буруугүй. Гэхдээ энэ байдлаар хэвлэж болохгүй. Тэгэх юм бол ямар ч утгагүй болно” гэж хэлсэн. Иймээс л бид СЕХ-ны уншигч машинд тааруулж, хэвлэх дараалал, чипний программаа өөрчлөх болж байгаа юм. Ухаалаг үнэмлэх хэвлэх машин, программ хангамжийг нийлүүлж байгаа АНУ-ын “Датакарт” компанийн төлөөлөгч маргааш /өнөөдөр/ Монголд ирнэ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яам, УБЕГ, СЕХ-ны холбогдох хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлын талаар танилцуулахаар болсон. Уулзалтын дараа нэгдсэн ойлголтод хүрэх байх гэж найдаж байна. -Үнэмлэх хэвлэх машин, программ хангамжийг америкчуудаас авч байгаа юм уу. Тэгвэл СЕХ-ны үнэмлэх уншигч машин нь хаанахын ямар эд болж байна вэ? -СЕХ унших төхөөрөмжөө Францын “Жемальто” компанийнх гэж хэлдэг юм. “Жемальто” бол үнэмлэхний бэлдцийг нийлүүлж байгаа компани. Бид СЕХ-ны хэрэглэх гээд байгаа машины талаар тус компаниас асуусан. Тэгэхэд ямар тайлбар хэлж байгаа вэ гэхээр “Энэ төхөөрөмжүүд бол ухаалаг үнэмлэхэнд зориулаагүй, ердөө хөнгөлөлтийн, урамшууллын, гишүүнчлэлийн зэрэг картын хэрэглээнд ашигладаг зүйл” гэж хэлсэн. Дурын жижиглэнгийн интернэт дэлгүүрээс 20 ам.доллараар авч болох тийм л зүйлүүд байна. Үүнийг ухаалаг үнэмлэхний төсөлд зөвлөхгүй, баталгаа гаргахгүй гэж үйлдвэрлэгчийн зүгээс мэдэгдсэн дээ. -Одоо тэгээд хэн нь буруутай болж таарч байна? -“Бодь интернэйшнл” компани цахим үнэмлэх хэвлэх машин болон цахим үнэмлэхний бэлдэц нийлүүлэх үүрэгтэй. Энэ бол ухаалаг үнэмлэхний системийн тулгуур хөл нь. Харин удирдах толгой, гар нь алга байна. СЕХ цахим үнэмлэхийг ашиглаж санал хураалт явуулах үүрэгтэй. Тэр үүргийн дагуу бол ухаалаг үнэмлэх уншигч, түүний праграммыг СЕХ хариуцах ёстой. УБЕГ үнэмлэхэд суулгах мэдээллийн баазыг бэлтгэх үүрэгтэй. Гурван байгууллага маш нарийн төлөвлөгөөгөөр хамтарч байж системийг бүрдүүлэх учиртай. Гадаадын улс оронд цахим үнэмлэхжүүлэх ажлыг хоёр жилийн хугацаанд хийдэг. Харин манайх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээс ажлаа эхэлсэн. Дэлхийн жишигт байхгүй цаг хугацаанд амжуулах гэж ажиллаж байна. Ингэж хугацаа тулган зохион байгуулсан төр, засгийн байгууллага, шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүсийн ажилдаа хандах хандлага, манай монголчуудын ажлыг яаж зохион байгуулдаг  дүр төрх л эндээс харагдаж байгаа болов уу. Хэрэв цаашид “Бодь интернэйшнл” компанийн буруугаас болж, үнэмлэхний ажил удааширлаа гэх байдлаар талууд тайлбарлах юм бол бид хууль, шүүхийн байгууллагад хандан бизнесийн нэр төрөө хамгаалах болно.
Shuud.mn
Сонин хачин