Архинд таван хүн хордож амиа алдсан хэрэгт холбогдуулан спиртийн үйлдвэрийн ажилтнуудыг шалгаж байна
2011-10-17

Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт 2011 оны наймдугаар сарын 19-21-ний хооронд таван хүн согтууруулах ундаа ууж түүнээсээ хордон амиа алдсан билээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-тай хамтарсан ажлын хэсэг гарч мөрдөн бай¬цаалтын ажиллагаа хийж эхэлсэн юм. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд талийгаачид "Хархорин" захад спирт найруулж зардаг иргэдээс согтууруулах ундаан тогтмол авч хэрэглэдэг болох нь  тогтоогджээ. Тиймээс “хулхи” архи зарж борлуулдаг гэх найман этгээдийг шалгаж байгаа аж. Тэд "Хархорин" болон "Дэнжийн 1000" дахь "Хүчит шонхор" зах дээр спирт найруулж зардаг байсан нь тогтоогдсон байна. Тэд “хулхи” архи хийх түүхий эд буюу техникийн спиртээ Монголд томд тооцогдох архины үйлдвэрээс худалдан авч найруулан зардаг байжээ. Тиймээс уг архины үйлдвэрийн ажилтнуудыг дээрх хэрэг буюу таван хүн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Одоогоор цагдаагийн газар техникийн спирт зардаг байсан архины үйлдвэрийн нэрийг нууцалж байгаа юм. Хэргийг Улсын мөрдөн байцаах газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Shuud.mn
Сонин хачин