Дэлхий нийт дархлаажуулалтын долоо хоногийг тэмдэглэж байна
2012-04-25

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг вакцинаар сэргийлж болох өвчин, эндэгдлээс хүн амыг хамгаалах зорилгоор Дэлхийн хэмжээнд Дархлаажуулалтын долоо хоног болгон зарлаж, тэмдэглэж байна. Харин Монгол Улсын хувьд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн, аравдугаар сарын эхний 10 хоногийг Дархлаажуулалтын Үндэсний 10 хоног болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн тавдугаар сарын Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд Монгол улсын Өмнөговь, Сэлэнгэ аймагт болон Багануур, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжүүлж байгаа хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын хоёр дахь тунг тарих, мөн товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, дархлаажуулалтын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тус тус төлөвлөөд байна. Номхон Далайн Баруун бүсэд 2-3 сая хүн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх, улмаар зарим тохиолдолд хүний амь насанд аюул учруулж болохуйц вакцинаар сэргийлж болох өвчнөөр өвчилж байна гэсэн тооцоо байдаг. Тус бүсийн ДЭМБ-ын гишүүн орнууд энэ жил хоёр дахь удаагаа дархлаажуулалтын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Энэ жилийн онцлог нь ДЭМБ-ын зургаан бүс анх удаагаа хамтран дархлаажуулалтын дэлхийн долоо хоногийг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг гишүүн улс орнууд нь өөрийн орны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэмдэглэж байна. Тухайлбал, Филиппин улс ротавирүсийн эсрэг вакциныг, Камбож улс улаанбурхан өвчний эсрэг вакцины хоёр дахь тунг товлолдоо тус тус нэвтрүүлж байгаа бол, Лаос улс төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан томуугийн вакцинжуулалтыг анх удаагаа зохион байгуулж байгаа юм байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин