Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэвэр агаарын сангаас Улаанбаатар хотод гэр хорооллын үнс, хог тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болов. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон холбогдох бусад албаныхан оролцлоо.
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын орчны бохирдол, доройтлыг бууруулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд олон тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр"-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн хогийг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэж байх зорилт тусгасан. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2012 оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгож, яамны үйл ажиллагаа, хөрөнгө санхүүгийн нөөцийг энэ чиглэлд хандуулж байна. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайдын төсвийн багц болон Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хог тээврийн 28 автомашин зөөврийн чингэлгийн хамт худалдан авч, ийнхүү өнөөдөр хүлээлгэн өгч байгаа аж.
БОАЖЯ-наас уг ажлын хүрээнд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу нээлттэй тендер зарласан бөгөөд "Хьюндай моторс Монгол" ХХК болон "Номин холдинг" ХХК шалгаран эдгээр автомашиныг нийлүүллээ. Эдгээр автомашинууд нь
Hyundai, Daewoo зэрэг үйлдвэрийн Евро гурав стандартын шаардлага хангасан, манай орны нөхцөлд тохирсон хог тээвэрлэх зориулалтын сүүлийн үеийн тоноглолтой аж. Дээрх 28 автомашиныг төвийн зургаан дүүргийн хүн ам, гэр хороололын өрхийн тоог харгалзан хуваарилсан байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт гурав, Чингэлтэй дүүрэгт тав, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэгт тав, Хан-уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт зургаа, нийслэлийн Хот тохижилтын газарт нэг гэж тус тус хуваарилжээ.
Сурвалжлагч П.Наран
Гэрэл зургийг Н.Ариунаа