Даатгалын салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ
2012-04-30

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан даатгалын салбарын нийт албан хаагчид, үе үеийн ажиллагсдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нийгмийн даатгалын байгууллага үүсч байгуулагдсан цагаасаа л улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч болсон иргэд, хөдөлмөрчдийн амьдралын баталгааг хангах, учирч болох эрсдлээс хамгаалахад чиглэсэн нийгмийн хамгааллын чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Эдүгээ энэ хамт олон өндөр түвшинд мэргэшсэн, бие даасан салбар болон төлөвшиж хөгжсөнийг тэмдэглэхэд таатай байна. Монгол Улсын анхны тэтгэврийн хууль мөрдөгдөж эхэлсэнээс хойш 34 жилийн дараа нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг агуулсан 1992 оны Үндсэн хуулиар нийгмийн даатгалын байгууллагад шинэ үүрэг, зорилт тавигдах болсон юм. Улсын Их Хурал 1994 онд Үндсэн хуулийн үзэл санаа, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, ардчилал зах зээлийн харилцаанд нийцүүлэн Нийгмийн даатгалын тухай багц хуулиудыг баталсан. Улмаар иргэдэд үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээг төгөлдөржүүлэхэд чиглэсэн 41 хууль, шийдвэрийг УИХ өнгөрсөн хугацаанд гаргасан. Өнөөгийн даатгалын тогтолцооны эрх зүйн орчныг шинэчлэх үйл явц одоо ч үргэлжилж байна. Төрөөс нийгмийн даатгалын байгууллагуудын болон даатгалын сангийн бие даасан үйл ажиллагааг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар цаашид ч анхаарал тавих болно. Нийгмийн даатгалын байгууллага сүүлийн жилүүдэд амжилт бүтээл арвинтай, өндөр үр дүнтэй ажиллаж, 2011 он гэхэд Монгол улсын иргэдийн 98 хувийг эрүүл мэндийн даатгалд, эдийн засгийн идэвхтэй хүн амын 65 хувийг нийгмийн даатгалд тус тус хамруулжээ. Энэхүү ололт амжилтаа улам бататгаж, хүн амын сайн сайхны төлөө тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг баталгаажуулах талаар илүү шаргуу, идэвх санаачилгатай ажиллах шаардлага тулгарч байна гэж Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцлон дурдсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  
Shuud.mn
Сонин хачин