Боулингийн УАШТ-д оролцох тамирчдын нэрс тодорлоо
2012-04-30

Монголын Арванбайт Боулингийн Холбоо,Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран Гэр бүлийн лигийн тэмцээнийг  сар бүр зохион явуулж байгаа бөгөөд ээлжит тэмцээн Паркийн боулинг төвд боллоо.Оролцогч бүх багууд урьдчилсан тоглолтонд хүн тус бүр 3 тоглолт хийн,2 тоглогчийн 6 тоглолтын нийлбэр дүнгээр шилдгүүд цааш хасагдах шатанд тоглов.2-р сарын тэмцээний дэд аварга,хоёул зэрэгтэй тоглогчид болох Т.Батбаяр-С.Ариунжаргал нар 1003 оноогоор эхний байраар шалгарч,анхдугаар тэмцээний дэд аварга Ч.Даваадорж-Д.Амарсанаа/Нью бэлэг/ нарын аав хүү хоёрын багийг хожсон бол спортын дэд мастер Г.Сундуйжав/Нью бэлэг/ дүү Г.Отгонбаяр/Нью бэлэг/-ын хамтаар 909 оноогоор хоёроор гарч,энэ тэмцээнд гурав дахиа оролцож байгаа Г.Энхболд-Д.Сэлэнгэ/Грийн Страйкес/ нарын гэр бүлийг буулган авчээ.Харин сүүлийн хоёр тэмцээн дараалан гурвалаад байгаа Ц.Бямбасүрэн-Ц.Батбаяр/Паркийн боулинг/нарын ах дүүс өмнөх тэмцээнд шөвгийн дөрөвт тааран хожигдож байсан 2-р зэрэгтэй тоглогч Н.Цэдэндамба/Грийн Страйкес/-А.Одцэцэг нарын гэр бүлээс даагаа нэхэж чадсан бол нугалаан дээр таарсан Н.Тамир-Т.Дорждэрэм нарын хос,2 дах тэмцээний аварга,хоёул 2-р зэрэгтэй тоглогчид болох Ц.Батжаргал-Б.Мөнхтулга/Грийн Страйкес/ нарын аав хүү хоёрт дахиад л ялагдав.Эдгээр багууд анхны тэмцээний 3-р байрын тоглолтонд таарч байсан удаатай.Ялагчид дараагийн учраа болох Т.Батбаяр-С.Ариунжаргал нарын хосыг хожсоноор шигшээд шалгарлаа.Шөвгийн дөрвийн нөгөө тоглолтонд Г.Сундуйжав-Г.Отгонбаяр нар Ц.Бямбасүрэн-Ц.Батбаяр нарыг 221:132 оноогоор илт давуу буулган авч,нэг зам дээр ээлжилж шидэх тоглолтын дээд оноог тогтоосон юм.3-р байрын төлөө Паркийн боулинг төвийн залуус 7 оноогоор Т.Батбаяр-С.Ариунжаргал нарыг хожин,3 тэмцээн дараалан гуравт хурдалжээ.Гэр бүлийн лигийн 4 дах тэмцээний аваргаар Г.Сундуйжав-Г.Отгонбаяр нарын багийг 204:178-ын харьцаагаар буулган авсан Ц.Батжаргал-Б.Мөнхтулга нар тодорч,хошой аварга хэмээх эрхэм алдарт хүрсэн байна.Тэмцээний өндөр онооны шагналын эздээр Ц.Бямбасүрэн/204/,С.Ариунжаргал/188/ нар шалгарч,шагналт байранд орсон бүх тоглогчдод мөнгөн шагналаас гадна хамтран зохион байгуулагч Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тусгай шагнал олгов.Мөн энэ өдөр МАБХ-ны 2012 оны УАШТ-д оролцох тоглогчдыг сонгон шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж,эрэгтэйчүүдийн ангилалд 1-р зэрэгтэй тоглогч М.Түвшинсанаа,С.Мөнхзул/Сувинер хаус/,2-р зэрэгтэй тоглогч Н.Батболд/Дабль-Икс/,эмэгтэйчүүдийн ангилалд 1-р зэрэгтэй тоглогч Т.Туул/Биг боулинг/,Т.Долгормаа,Г.Алтанзаяа нар эхний байруудыг эзэллээ.Боулингийн энэ оны УАШТ 5-р сарын 3-5-ны өдрүүдэд эрэгтэй ,эмэгтэй ганцаарчилсан,хоёрол,мастер гэсэн 6 төрлөөр явагдах бол ганцаарчилсан төрөлд эрэгтэй 52,эмэгтэй 28 тоглогч эрхээ авсан байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн 5-р сарын 1-ний 19:00 цагт Паркийн боулинг төвд болох ажээ. А.Алт  
Shuud.mn
Сонин хачин