Хоёр улсын ЭМ-ийн яамдын сайд нар хамтран ажиллах төлөвлөгөөг үзэглэв
2012-05-03

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өчигдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчдийг ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдыг тус улсын Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ли Мин Жү, Эрүүл мэндийн яамны Олон улсын хамтын ажиллагааны Ази Африкийн тасгийн дарга Финг Юнг, Эрүүл мэндийн яамны Тамгын газрын тасгийн дарга Ли Шан, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн газрын дарга Би Ли Фү, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн газрын Олон улсын харилцааны төвийн захирал н.Цог нар дагалдан ирсэн байна. Уулзалтын эхэнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар урилгыг нь хүлээн авч айлчлан ирсэнд БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу-д талархал илэрхийлээд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэн ярилаа. Н.Хүрэлбаатар сайд Хятад улсын тусламжаар баригдсан Буянт-Ухаа спорт цогцолборын үйл ажиллагаа амжилттай явж байгааг Чэнь Жу сайдад дуулгаж мөн талархалаа илэрхийлсэн юм. БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байгаад нь Н.Хүрэлбаатар сайдад баяр хүргээд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлүүдийн тухайд санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний дотроос уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэдээлэл солилцох болон уламжлалт анагаах ухааны эмч, эмийн үйлдвэрийн мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, халдварт өвчний талаархи мэдээллийг цаг алдалгүй харилцан солилцох болон талуудын эрүүл мэндийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, шууд харилцаа холбоог дэмжин ажиллах шаардлага тавигдаж байгааг онцлон ярьсан юм. Мөн Чэнь Жу сайд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарыг БНХАУ-д айлчлан очихыг урив. БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдыг дагалдан яваа ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн газрын дарга Би Ли Фү өмнө нь хоёр ч удаа Монголд ирж байжээ. Ноён Би Ли Фү хоёр улс малчдад хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд харилцан туршлагаа солилцож, хамтран ажиллах мөн хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллах шаардлагатай байгааг чухалчлав. Түүнчлэн хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, сувилахуйн тусламж үйлчилгээ, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тусгагджээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу нар хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж, уулзалт амжилттай өндөрлөв. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Emnii uildvertei l bolmoor bgaa yum da.
2012-05-03