Аваргууд баяртай
2012-05-06

Оклахома Тандер Сити ба Даллас Маверикс багуудын цуврал өндөрлөлөө. Энэ цувралд Оклахома 4:0-ээр өнгөрсөн жилийн аварга багийг буулгаж авснаар шуугиан дэгдээгээд байна. Өнөө өглөө болсон цувралын дөрөв дэх тоглолтод Оклахома өөрийн талбайдаа аваргуудыг хүлээн авч улмаар 103:97-гийн харьцаагаар ялалт байгуулснаар плэйоффын дараагийн шатанд хамгийн түрүүнд үлдсэн багаар тодроод байна. Өнгөрсөн жил бүсийн аваргын төлөө энэ хоёр баг үлдэж 4:1-ээр Даллас Мавериксчууд ялж улмаар NBA-гийн аварга цолыг Майами Хит багаас булаан авч түрүүлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн жилийн бүсийн аваргын тоглолт энэ жил эхний шатанд давтагдлаа хэмээн хэлж болохуйц бөгөөд үр дүн нь харин эсрэгээрээ гарч Оклахомагийн залуус даагаа нэхэж чадлаа. Аваргуудын хувьд бүсээсээ долдугаар байраар шалгарч плэйоффд гарч ирсэн ба ийнхүү цувралд нэг ч удаа ялалт байгуулж чадалгүй ирэх улирлыг хүлээх боллоо. Оклахомагийн залуучуудын хувьд Лос-Анжелос Лэйкерс болон Денвер Наггетс багуудын аль ялсантай нь дараагийн шатанд тулах болно. Одоогийн байдлаар Лэйкерс цувралыг 2:1-ээр тэргүүлж буй. Нуурынхан Денверийг ардаа орхиж Өрнөд бүсийн дараагийн шатанд үлдсэнээр тун сонирхолтой тулаан сагсан бөмбөг сонирхогчдыг хүлээж байна. Өрнөд бүсийн бусад цувралууд Сан-Антонио Спэрс Юта Жаззыг 3:0-ээр, Лос-Анжелос Клипперс Мемфис Гризлесийг 2:1-ээр хожсон үр дүнтэйгээр тус тус үргэлжилж байна. Дорнодын тоглолтууд ч мөн сонирхолтой өрнөсөөр. Бүсийг итгэл төгс тэргүүлэн плэйоффт нэгдүгээр байраар орж ирсэн Чикаго буллз наймдугаар байраар шалгарсан Филадельфид 2:1-ийн харьцаагаар хожигдож явна. Мэдээж энэ бол яах аргагүй Бухнуудын лидер Деррик Рөүзийн бэртэлтэй холбоотой. Харин Бостон Селтикс болон Атланта Хоуксын цувралыг 2:1-ээр Бостоны баг тэргүүлж байна. Бостоны оддын тоглолт гайхалтай байгаа бол эсрэгээрээ Хорфорд, Пачиулла нарыгаа алдсан Атланта Хоукс энэ цувралыг тун базаахгүй үргэлжлүүлж буй. Тэгвэл Орландо шидтэнүүд плэйоффыг санаснаас түргэн өндөрлүүлж магадгүй болоод байна. Одоогоор Индиана Пэйсерс шидтэнүүдийг сүүлийн гурван тоглолтод дараалан ялснаар цувралыг 3:1 болголоо. Гайхамшигт Лин болон Амаар Стаудемайр наргүйгээр Нью-Йорк Никсийн залуус Майамигийн супер оддын зугаа болох бололтой. Энэ цувралд Майами 3:0-ээр итгэл төгс тэргүүлж байна. Майамигийн хувьд энэ улиралд түрүүлэх багаар хэдийнэ нэрлэгдчихээд буй. Тэд Нью-Йоркийг эхний шатанд ялаад, дараагийн шатанд Индианатай тулах магадлал өндөр. Индиана ч Леброн, Уэйд, Бош нарын хувьд хангалтгүй өрсөлдөгч. Тиймээс Майамигийн хувьд хүндхэн тоглолтууд бүсийн аваргаас эхлэх бололтой. Бүсийн аваргын төлөө найдвартай гарч ирэх Чикаго буллз одоогийн байдлаар Майамитай тулвал ялагдах магадлалтай. Тиймээс Майами улаан, ногоон гэрлээр бүсээсээ гарч ирлээ гэхэд Өрнөдөөс Оклахомагийн залуус болон Коби Брайнт тэргүүтэй Нуурынхан л аваргын төлөө тэдэнтэй тулалдах боломжтой. Ямартай ч дараагийн шатанд үлдсэн багуудын тоглолтоос хэн нь хэн гэдэг нь харагдах болно. Ийнхүү NBA-гийн плэйофф гайхалтай тоглолтуудаар дүүрэн үргэлжилж байна. О.Нар      
Shuud.mn
Сонин хачин