Ван Гогийг амиа хорлоогүй гэж үзжээ
2011-10-17

Голландын нэрт зураач Винсент Ван Гогийг амиа хорлосон гэж өдий хүртэл үздэг. Тэгвэл Америкийн урлаг судлаач Стифен Найфех, Грегори Уайт Смит нар алдар зураачийн намтар дээр 10 жилийн турш ажилласныхаа дүнд түүнийг амиа хорлоогүй, золгүй тохиолдлоор нас барсан гэж дүгнэжээ. “Ван Гог: Амьдрал” хэмээн намтар ном өнөөдрөөс эхлэн Британид худалдаанд гарч буй юм байна. Тус номд энэ талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Одоогоор хүн төрөлхтөн Ван Гогийг 1890 оны зургадугаар сарын 27-нд Овер-сюр-Уаз-д зургийн хэрэгслээ авч яваад өөрийгөө зүрхэн тушаа газраа буудаж хөнөөсөн гэж үздэг. Шарх авснаасаа хойш хоёр хоногийн дараа Ван Гог нас барсан юм. Түүнийг амьдралынхаа сүүлийн хэдэн жилд сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон гэж үздэг. Харин Америкийн судлаачдын дүгнэлтээр бол Ван Гогийг орон нутгийн хоёр залуу буудан хөнөөжээ. Ван Гог тэр хоёр залуутай хааяа хундага тулгаж, ярьж суудаг байж. Харин тэр өдөр залуус ихэд халамцаж, нэрт зураачийг санаандгүй байдлаар буудчихсан байж болох гэнэ. Судлаачдын үзснээр Ван Гог хоёр залууг хэрэгт хутгахгүйн тулд юу ч хэлэлгүй нас барсан байж болох аж. Ван Гог биедээ буу авч явдгийг өмнө нь харсан хүн огт байхгүйн дээр цээжиндээ шархтай хүн хол орших буудалдаа өөрөө очих чадалгүй болох ёстой гэж зарим мэргэжилтнүүд дүгнэсээр ирсэн ажээ. Стивен Найфех, Грегори Смит нар Ван Гогийн намтар номыг бичихийн тулд 28 мянга гаруй бичиг баримт, зохиол уншсан юм байна. Тэд өмнө нь Жексон Поллокийн намтар номыг бичснийхээ төлөө Пулицерийн шагнал хүртэж байсан юм.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
baabar munhag hun
2012-08-10