100 мянган мөрөөдөл
2012-05-11

Туулай жилд хувь хишгийнхээ 21 мянгын оочерт зогсож байсан монголчууд луу жилдээ ганц өрөө байрны түлхүүр атгачих санаатай зургаан хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөж эхэллээ. Яг л Солонгост очиж ажиллахаар бүртгүүлж байгаа юм шиг. Эцийн зорилго нь тохилог орон сууцтай болох. Уг нь УИХ-аас хоёр жилийн өмнө бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталж, өнгөрсөн онд Засгийн газраас уг ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо байгуулсан. 100 мянган айлын орон байртай болох мөрөөдөлд мөнгөгүйн гачлан том саад болж байсан юм. Харин төр, засаг анх удаа байртай болох гэсэн өрхийн сарын орлого нь 800 мянган төгрөгт хүрч байвал 55 ам. метр хүртэл талбайтай байр худалдан авах 50 сая төгрөгийн зээл авах боломж олгов. Гэхдээ 10 хувийн урьдчилгааг бор зүрхээрээ төлөх, 20 жилийн турш сар бүр 360 мянган төгрөг тушаах болзолтой. Дээр нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх захиргааны байгууллагынхан хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, хэрэг төвөгт орооцолдоогүй, хэн нэгний орон сууцны ордер дээр хэзээ ч нэрээ хавчуулаагүй гэх мэт шалгуур тавьсан. Шалгуур тус бүрийг нотолсон бичиг болгон тав гурван төгрөгийн хураамжтай. Энэ мэтээр эхний долоо хоногт ИБЕГ-ын дансанд 30 сая төгрөг орж, одоогийн байдлаар ОССК-иас анх удаа орон сууц худалдан авахаар 55 м. кв-аас дээшгүй талбайтай байр сонгосон 1145 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч бүрдүүлэн, Капитал болон Төрийн банкинд шилжүүлжээ. Гэсэн ч 50 саяын зээлийн давааг давсан ганц ч хүн алга. Тавантолгойн хувьцааны араас орчих вий гэж санаа зовсон хүмүүс харин маш олон байна. Монгол Улсын 743 мянган өрхийн 153 мянга нь цэвэр, бохир устай, нэгдсэн халаалттай орон сууцанд амьдардаг юм байна. Гэсэн ч байртай болохыг хүссэн 850 мянган иргэн байхад жилд 15 мянган айлын сууц ашиглалтад ордог. Хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрч, тэдний 63 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тиймээс хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн эхний ээлжинд нийслэлд барилгын 54 компанийн 68 мянга, хөдөө орон нутагт 17 аймгийн 10 мянга гаруй айлын орон сууцны барилгыг шаардлага хангасан гэж үзсэн. Гэвч жил зургаан сарын дотор ашиглалтад орох нь 28 мянга байгаа юм. Тэдгээрийн дотроос шигшээд үзвэл дөнгөж  6341 нь болзолд заасан 55 ам. метр талбайтай байрт багтсан нь аманд ч үгүй хамарт үгүй бололтой. Харин Засгийн газраас дараа нь 44 мянган айлын орон сууцыг нэмж хамруулахаар болов. Улсын нийслэл Улаанбаатарт амьдралын түвшин доогуур 210 мянган өрх байгаа. Тэдний итгэл найдвар нь бага хүүтэй урт хугацааны зээл болж байна. Зээлийг мөнөөх шинэ байраараа барьцаалж авч болох давуу талтай. Гэтэл банк иргэдээс түр барьцаа шаардсан учир дуусаагүй барилгын түр гэрчилгээ гаргаж, банкинд барьцаалах арга хэмжээ авахаар болов. Уг нь ашиглалтад ороогүй орон сууцаар барьцаалж олгодог ийм зээлийг моргейж гэдэг. Манайхан Америкийн санхүүгийн энэ аргыг анх удаа Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж эхлэх гэж байна. Эрх зүйн үндэс нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль бөгөөд Европынхны томъёоллоор ипотекийн хууль гэж нэрлэдэг. Моргейжийн зээлтэй хүн манайханд насаараа өртэй явах юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл арилжааны банкуудын олгож байсан 12 хувийн хүүтэй зээлийн дэргэд зүгээр олдож байна гэсэн үг. Моргейжийн зээлийг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэхгүй бол шууд хуулбарлах аргагүй. Санаагаар болдогсон бол өдийд Хөгжлийн банк Засгийн газрын 200 тэрбумын бондыг арилжиж, 50 саяар тооцвол дөрвөн мянган айлын байрны мөнгө босгочихоод байх учиртай. Хараахан амжаагүй учраас Капитал, Төрийн банк энэ ажлыг нуруундаа үүрч эхлээд байгаа юм. Одоогоор Капитал банк арваад тэрбум төгрөг, Төрийн банк 10 мянган айлд зээл олгох боломжтой гэсэн нь бодит дэмжлэг болж байна. Бас нэг сайн мэдээ гэвэл саяхан Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр таван жилийн хугацаатай 580 сая ам. долларын бонд амжилттай гаргасан тухай “Евразиа Капитал” мэдээллээ. Эдгээр бондын санхүүжилтээр 100 мянган айлын орон сууцны моргейжийн зээлийн эх үүсвэрийг хангах юм. Моргейжийн зээл иргэдээс заавал урьдчилгаа төлбөр авдаг. Дөрвөн жилийн өмнөх Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал урьдчилгаа аваагүйтэй холбоотой гэж тайлбарладаг. Урьдчилгаагүй зээл өгөхөөр иргэдийн хариуцлага суларч, санхүүгийн хүндрэлтэй тургарангуут хаяад явчихдаг тал бий. Тэгвэл хүн өгсөн мөнгөө хэзээ ч зүгээр орхихгүй. Харин моргейжийн зээлд хамрагдсан хүмүүст ажилтай байх ёстой гэсэн алтан зарчим үйлчилдэг. Барилгын компаниудын “Шинэ бүтээн байгуулалт”-ын хөтөлбөрт багтсан шинээр барих орон сууцны хороолол, хотхоны газрыг дэд бүтцийн шугам сүлжээнд холбох ажлыг улсаас хийж, бэлэн болгох ёстой. Гэсэн ч Улаанбаатарын 54 компанийн барилгын газруудаас Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, Баянзүрхийн “Ургах наран” хороолол, Яармагийн дэнжийн хойд талыг эс тооцвол дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны системд холбогдсон нь ховор байна. Дэнжийн мянга, телевиз, Цагаан хуаран гээд дандаа айлуудыг нь нүүлгэж, газрыг нь чөлөөлөөд барилга барина гэсэн байдалтай байна. Тэгэхдээ нийслэлийн ИТХ-ын газар чөлөөлөх тухай тогтоолоор далайлгаж, ам метрийг нь 100 мянгад бодож хууль ёсны 0,07 га газрыг 30, 40 сая төгрөгөөр тийм ч амархан авчихгүй болов уу. Хоёр айлын хашааны газар дээр 15 давхар 60 айлын сууц барьчихаад эзнийг нь шинэ суурьшлын бүсэд цөлөх, эсвэл ганц өрөө байраар хуурах явдлыг эрхэм гишүүн Э.Бат-Үүлээс эхлээд эсэргүүцэх хүн олон байна. Өнгөрсөн онд 24 тэрбум төгрөгийг газар чөлөөлөхөд зарлагадсан атлаа энэ жил 10 тэрбумыг төсөвт тусгасан нь хачирхалтай. Ингээд бодохоор энэ Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа нүүр тахлах 10 тэрбумыг зоочихоод сонгуулийн кампанид гар сунгах нь уу гэсэн хардах сэтгэл эрхгүй төрнө. Эрх баригчдын өгөөмөр амлалтууд ард олныг цөхрөнгөө барахад хүргэсэн нь үнэн. Хажуугаар нь төрийн захиргааны албан хаагчдын авлига царайлсан хүнд суртал нийгэмд бухамдал үүсгэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад тунхагласан цахим засаглалын үнэр зургаан хувийн хүүтэй зээлийн урт дарааллаас ханхалсангүй. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж, насаараа дэр нийлүүлсэн хоёр заавал амьдаараа очиж орон сууцны түүхчилсэн лавлагаа авдаг, аавынхаа байранд өсч өндийсөн хүүхэд орон сууцтай болох эрхээ хасуулж байгаа нь ардчилсан нийгмийн тэгш эрхийн баталгаа яавч биш. Цагдаагийн хаалга татсан бол бас зээл авах эрхгүй. Төрийн бодлого зөв хэдий ч түүнийг гуйвуулдаг бичигдээгүй хууль Монголд үйлчилсээр байна. Мал өсөхөөр   махны үнэ өсдөг, шударга өрсөлдье гэхээр үгсэж хуйвалдаад бензиний үнийг нэмдэг, бага хүүтэй зээл олгоё гэхээр орон сууцны талбайн үнэ тэнгэрт хаддаг. Хөнгөлөлттэй зээлийн сургаар барилгын компаниуд нэг м. кв талбайн үнийг 200-400 мянгаар өсгөсөн боловч салбарын яамтай завшилцсөний үндсэн дээр 1,1 сая төгрөгт багтаахаар болсон.  Гэвч иргэдэд барилгын үнэ, материалын чанар, баригдаж дуусах хугацааг тов тодорхой мэдээлэхгүй бол суурийн ухсан нүхэн дээр оочерлож, ул мөргүй орон сууцны наран талын байранд орноо гээд агаарын наймаа хийж эхэлсэн нь цөөнгүй. Зарим нь бүр урьдчилгаа 10 хувийг 30 болгож, иргэдийн зээлийн мөнгийг түрүүлж өвөрлөхөөр амаа ангайж байна. Засгийн газраас банкуудыг шавдуулж, иргэдэд зээл амлаж эхэлсэн нь зохиомол ачаалал үүсгэж, 2016 он хүртэл хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр дуусчих юм шиг сэтгэгдэл төрүүлснийг нуух юун. Уг нь зээлийн хөрөнгө хүртээмжтэй, хугацаа болоогүй, барилгын компаниудын аманд оролгүй тав тухтай орчинд амьдрах тохилог орон байртай болохын тулд оновчтой сонголт хийх нь алсдаа ашигтай. “Шинэ бүтээн байгуулалт” орон сууцжуулах зорилтот хөтөлбөр XXI зууны Монголын нийгмийн эгэл бор иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, байгаль орчны бохирдлыг багасгах, ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийг хөгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг багасгах үр дүнтэй алхам боловч хүнд суртлын золиос, ашиг хайгчдын олз, сонгуулийн шоу болох учиргүй. Уртаас урт оочерт зогссоноор биш, зах зээлийн жам, төрийн дэмжлэгээр 100 мянган айл орон сууцтай болох мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Х.Ариунбаатар    
Shuud.mn
Сонин хачин
20:
Засгийн газар 1,5 сая төгрөг шигээ 1000-аадхан хүнд зээл өгсөн болоод цонхны цаанаас чихэр долоолгож байна...Өвгөн Коммунистууд төр барьж байхад Монгол улс хэзээ ч хөгжихгүй.......
2012-05-11
Түр хүлээ хүлээ хүлээ... Байрны үнийн хөөс удахгүй бүрэн замхрах хүртэл, түр хүлээ.. Учир нь яг одоогоор байр авч байгаа хүн ч алга, зарагдаж байгаа байр ч алга. Наад хэдэн чэнжүүд, барилгын компаниуд, мөн үл хөдлөх хөрөнгө зуучийн нөхдүүд орон сууцны үнэ өснө, төгрөгийн ханш унана гэсэн цуурхал хийрлийг зориуд санаатайгаар тарааж, маш хямд үнээр авсан нөгөө байраа 1 өрөө 20-35сая, 2өрөө 35-50 сая, 3 өрөө 55-70 сая, 4 өрөө 70-80 сая, зөвхөн нэг ченж гэхэд л 50, 60 орон сууц худалдан авсан 2-оос 4 нугалж зарах гээд амь нь тэмцэж энд тэндхийн сайт сонин дээр санаанаасаа зохиосон үнэ хэлж, бүр зарагдахгүй болохоор маш өндөр үнээр түрээслэх арга руу шилжиж байна.
2012-05-11
зочин:
Энэ бол доромжлол.Ард түмнээ зүгээр л тохуурхаж байна.
2012-05-11
OSSK 1100 garui l urgudul avsan geed TV-eer zarlaad bsan. Uldsen 99000 orchim ni shalguurt niitsehgui aan..
2012-05-11
qwe:
http://www.youtube.com/watch?v=BF9Rrk0qOx0&feature=youtu.be
2012-05-11
almas:
estoi teneg hulgaid sh dee pyazdanuud
2012-05-11
zochin:
Ene butehgui bolj baigaa um bishuu Zasgiin gazraas bairni uniig 1200 bolgono gesen bolowch uund bagtah kompani ch alga Tegeed bank ni bas uridchilgaa 10 bish 30huwi neheed bur baritsaa hurungu bair neheed ene bol hezee ch butehgui songuulin shoy bolj baih shig baina Zasgiin gazar yagaad ingej ard tumneeree arai l denddu togloj bainadaa Yduu hun hun bish boljee
2012-05-11
irgen:
100 000 bair n MAH-ii eeljit butelgui songuuliin show baisang bugd oilgonoo.
2012-05-11