Стратегийн ач холбогдолтой салбарт эрдэс баялаг, банк, мэдээллийг хамруулахаар боллоо
2012-05-11

Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг гадаад улсын Засгийн газрын хяналтад байдаг байгууллага болон олон улсын байгууллага, түүний хяналтад байдаг байгууллага гэж заасныг тодорхой болгох, стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн Монголын талын хувь хэмжээ 51 хувиас доошгүй байна гэснийг энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн  нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчын хувь хэмжээ 49 хүртэл байх бөгөөд илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх гэж өөрчлөх саналыг оруулж ирснийг Байнгын хорооны гишүүд дэмжжээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо гэсэн зургаан салбар хамрагдаж байсныг эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн гурван салбар болгож цөөрүүлэх санал ч дэмжигдсэн байна. УИХ-ын гишүүн Д.Одхүү, Р.Гончигдорж, Э.Мөнх-Очир нар стратегийн аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсад бүртгэлтэй Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох журмыг баримтлах ба энэ журмыг Засгийн газар холбогдох стратегийн аж ахуйн нэгжтэй зөвшилцөн баталж, мөрдүүлэх гэсэн санал оруулсан нь гишүүдийн дэмжлэгийг авсан ажээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр Энэ хуульд заасан хэлцлийг хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн тухайн хэлцэлтэй холбоотойгоор нөгөө талд шилжүүлсэн төлбөрөөс Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар суутгаж, Монгол Улсын төсөвт шилжүүлэх зэрэг саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуултаа эхэлсэн. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, 1929 онд тэр үеийн Улсын Их Хурал гадаадын капиталыг шахан зайлуулах шийдвэр гарган оросоос бусад бүх улсын хөрөнгө оруулагчдыг хоёр жилд хөөн гаргаж, түүнээс хойш Монгол ганц Зөвлөлтийн колони явсан. Энэ түүх дахин давтагдаж байна уу гэж болгоомжилж байна. Түүх дахин давтагдах нь. Тэр үед Коминтернийн заавраар гадаадын капиталыг шахан гаргах бодлого явагдсан. Одоо энэ ажиллагаа шинэ дүр төрхөөр гарч ирж байна. Ийм үр дүнд хүрэхийг мэдсээр байж яагаад Байнгын хороо энэ хуулийн төслийг дэмжив. Ийм хууль гарснаар шударга хөрөнгө оруулагч огт ирэхгүй. Засгийн газартай яриж зөвшөөрөл авна гэдэг нь авилгал яригдана л гэсэн үг. Улстөрийн эрх мэдэл олж авсан хүмүүст л ашигтай байдаг шийдвэр. Малайз зэрэг улс үүнээс бол баларсан. Хууль гараад Монголын эдийн засаг хүнд байдалд орж, сүйрнэ. Үүнийг хэн хариуцах вэ хэмээн асуусан. АБГББХ-ны дарга Э.Мөнх-Очир, Санаатайгаар байнгын хороонд суухгүй, Монгол Улсын эрх ашгийн асуудал яригдаж байхад эсэргүүцэж байгаа хүмүүс байгаа. Ажлын хэсэгт ч ордоггүй. Тэр хүмүүсийг гадны нөлөөнд орсон хүмүүс гэж хэлмээр байна. Энэ хууль батлагдсанаар улс орон эдийн засгийн хувьд хүнд байдалд орно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хуулиар гадны хөрөнгө оруулагчдын ямар ч хаалгыг хаагаагүй, эдийн засагт ямар ч сөрөг үр дагавар авчрахгүй гэлээ. Түүнчлэн хууль санаачлагчдын нэг С.Бямбацогт, Гишүүдийг хуулиа уншсан байх гэж найдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь хориглосон зүйл байхгүй. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах, хяналт тавих юм. 1990-ээд онд гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг олгож байсан. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа болохоор чаддаг салбартаа үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжье л гэж байгаа. Яахаараа Монголын ард түмний өмчийг гадны хөрөнгө оруулагчид захиран зарцуулж байх ёстой юм бэ. Баялаг ард түмний өмч юм бол бид яагаад мэдэж болдоггүй юм бэ. Гадны хөрөнгө оруулалтыг зохицуулья л гэж хуулийг боловсруулсан гэсэн тайлбарыг өгсөн юм. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Заавал имй хууль гаргалгүй Монгол Улсын эдийн засагт гадаадын тодорхой орнуудын эзлэх хувь хэмжээ, экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр хязгаарлаж болохгүй байсан юм уу. Үүнийг авч үзсэн үү. ДНБ-ий үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр аж ахуйн нэгж тэдэн хувийг эзлэх ёстой гэсэн хувь хэмжээ тогтоох ч юм уу. Стратегийн салбарыг 3 болгоод цөөлжээ. Үлдэж байгаа салбарт сөрөг байдал үүсэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа эхэлсэн хойно дахиад асуудал шийдэх болох вий. Хөдөө аж ахуйгаа хаячихжээ. Гадаад ийм явцуу хүрээнд гуравхан салбарын хүрээнд авч үзсэн юм бэ гэсэн асуултыг тавьсан. Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Гадны орнуудын хуулийг харахад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг 20 гаруй салбар байдаг юм байна. Бид энэ хуулиараа гадны хөрөнгө оруулалтыг хааж боож байгаа юм биш. Зөвшөөрөл авдаг зохицуулалтад шилжих гэж байна. Манай оронд гадны хөрөнгө оруулалттай 514 аж ахуйн нэгж байгаа. Тэдний 277 нь 100 хувийн хөрөнгө оруулалттай, 237 хамтарсан компани байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Үүгээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.  
Shuud.mn
Сонин хачин
Ё.Отгонбаяр хятадуудаас авилга авчээ:
Ё.Отгонбаяр сайд хятадын ZTE компаниас 6 сая долларын авилга авчээ https://www.facebook.com/video/video.php?v=100602203412582
2012-05-13
gadaadaas:
Ta nar odoo boli doo, negent uursduu belen bish, gadniixand idyyleed xanalaa, yyl yyrxain byx yil ajillagaagaa zogsoogood, uursdiiguu byx talaasaa beldsen ni deer, xudulmurluj uur zyilees mungu olj yzie!
2012-05-12