МУГТ Н.Төгсцогт 4-р сарын шилдгээр шалгарлаа
2012-05-11

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай шалгаруулалтанд өнгөрсөн сараас эхлэн МҮОХ-ны Алтан түнш “Рио Тинто” компани хамтран ажиллах болсон билээ. Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай. Тэгвэл 12-р сарын шилдэг тамирчнаар манай шалгаруулалтанд 2 дахь удаагаа нэр дэвшсэн, Монголын спортын отгон гавьяат тамирчин марафоны спортын тамирчин Б.Сэр-Од Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаар тодорсон билээ. 2012 оны анхны сарын шилдэг тамирчнаар Жүдо бөхийн Мастерсийн тэмцээнд 2 дахиа түрүүлсэн ОУХМ С.Мияарагчаа, харин хоёрдугаар сарын шилдгээр мөн л жүдогийн тамирчин С.Ням-Очир, харин гуравдугаар сарын шилдэг сумогийн ертөнцөөс анх удаа тодорч, амжилттай барилдсан Какүрюү М.Ананд олонхийн саналаар тодорсон юм. Тэгвэл 2012 оны 4-р сарын шилдэг тамирчнаар Монгол улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Нямбаярын Төгсцогт тодорлоо. Тэрээр өнгөрсөн сард Казахстаны Астана хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцон өрсөлдөгчдөө ээлж дараалан илт давуу буулган авсаар Лондон явах тийзээ өвөртөлсөн юм. Тэрбээр эхний даваанд Азийн наадмын аварга Филиппиний Рей Салударыг хоёрдугаар үед буулган авч, 16-д үлдсэн. Тоглолтын явцад өрсөлдөгчийнх нь дасгалжуулагч тамирчнаа гэмтэхээс сэргийлэн алчуур шиджээ. Энэ үед Н.Төгсцогт 10:3- аар илүүрхэж байсан юм. Улмаар дараагийн даваанд Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Суранжой Сингхийг 30:10-аар илт илүүр хэж, шилдэг наймд шалгарч, олимпийн эрхийн төлөө хариуцлагатай тулаанд Пакистаны Мухаммад Васимийг 22:9-өөр хожсон. Нэгэнт эрхээ авсан залуу гавьяат удаах даваанд Японы Кацүаки Сусаг 14-6-аар ялсан. Н.Төгсцогт Монголын спортын нэгдсэн сайт SPORTNEWS.MN сайтаар дамжин авсан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 46% хувийн саналыг цуглуулж чаджээ. Ингэснээр боксын тамирчдаас сарын шилдэг болсон хоёр дахь тамирчин болсон юм. Харин 2-р байрт жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь жилдээ дараалан түрүүлсэн П.Лхамдэгд 22 хувийн саналаар орлоо. Тэрбээр өнгөрсөн оны 11-р сард сарын шилдгээр тодорч байсан билээ. Сарын шилдэг тамирчин болсон Н.Төгсцогт болон нэр дэвшсэн бүх тамирчиддаа халуун баяр хүргэе! А.Алт
Shuud.mn
Сонин хачин
oo bayar hurgie
2012-05-13