Цэвэрлэгээнд хамрагдаагүй байгууллагуудад 3.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
2012-05-14

 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн шуурхай хуралдааны төгсгөлд хотын дарга хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, бүх хүмүүсийг энэ ажилд хамруулах, энэхүү ажилд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын бэлтгэлийг сайтар хангах, эхлүүлэх, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангахыг үүрэг болгосон. Өнгөрсөн хугацаанд нийслэл, дүүргийнхэн хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, 2300 тонн хог цэвэрлэжээ. Иргэдийн зүгээс "Хог тээвэрлэлт удаашралтай, манай хогийг ирж ачихгүй байна" гэсэн гомдол их гаргадаг. Харин Сүхбаатар дүүргийнхэн хороодуудынхаа хогийг тээвэрлэх хуваарь гарган, өрх бүрт танилцуулж, хуваарийн дагуу ажилласнаар хог тээвэрлэлттэй холбоотой гомдол санал багасчээ. Тиймээс энэ санаачлагыг бусад дүүргүүд ч нэвтрүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер уриалав. Мөн өнгөрсөн шуурхайгаас бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцож, ажиллах үүрэг өгсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэгээнд хамрагдаагүй бүх газруудаар нөхөн цэвэрлэгээ хийлгэж, 3,2 сая төгрөгийн торгууль ногдуулан, дахин хур хог үүсгэхгүй, дутагдал гаргахгүй байх талаар албан даалгавар хүргүүлжээ. Дүүргүүдэд тохижилтын ажил эхэлсэн. Харин араас нь шугам сүлжээний ажил хийх гэж өмнөх хийсэн ажлыг нурааж, газар ухахгүй гэдгийг хотын дарга онцлон анхааруулав. Жижигхэн ч гэсэн тохижилтын ажил дээр ийм асуудал үүсгэж болохгүй. Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан энэ жил нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг хатуу мөрдөж, энэ дагуу хийгдэх ажлуудаа мэргэжлийн комиссууд салбар бүрээр сайн ярилцахыг тэрбээр даалгалаа. Энэ жил хийгдэх томоохон ажлуудын нэг болох гэр хороолын зарим хэсгийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлын бэлтгэлийг шуурхайлахыг хотын дарга мөн шаардав. Зуух тараах бус зуухыг татан буулгаж, төвлөрсөн халаалтад холбох, гэр хорооллын иргэд зээл аваад амины орон сууц барих бололцоог хотын зүгээс бүрдүүлэх, бодлогоор хийгдэж буй энэ том ажлын гүйцэтгэлтэй танилцах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хэлсэн. Харин маргааш 11.00 цагаас УС-15 орчмын айлуудыг төвлөрсөн шугамд холбох ажил эхлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин