44 гишүүнтэй хөлөг онгоцноос холбоо тасраад 72 цаг боллоо Их цагаан тугаа цэнгүүллээ Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно
Улаанбаатар -25°
Такси №114
2015.1.30

Энэ өдрийн цогтой мэнд, манайхаан. Гадаа хүйтэрснээс тэр үү халтуур арай л дээрдэж байна. Ер нь л гар өргөх хүн ховор болжээ. Гэхдээ олны дунд сүнгэнэж явахад элдэв сонин яриа хөөр, элдэв учрал таарсаар л байх юм. Энэ удаа охид залуучуудынхаа инээд хөөртэй хөгжилтэй яриа шивнээнээс голчлон орууллаа. Залуусын минь хөөр хөгжил алиа хошигнол сэтгэлийг тань сэргээнэ гэж найдаж байна.

Таалал орштугай.

.

1.Кекс нь аймаар нялуун

1

Их дэлгүүрийн урдаас нэлээн фокус тааруулж харсан охин гар өргөөд зогсож байхаар нь авчихлаа. Нүдний шил нь эвдэрчихээд өөртөө таарах шил хайгаад олоогүй тул Хороолол явах гэж байгаагаа учирлалаа. Хороололд хоёр ч шилний газар зогссоны эцэст нэг юм таарах нүдний шилээ олж буцаад их дэлгүүр хүргүүллээ. Украинд сурдаг оюутан гэнэ.

1

Х -Украин чинь одоо нөгөө дайнтай байгаа газар биз дээ. Аль хотод нь байна?

О/оюутан/ -Украины яг төвд нь.

Х -Өө за за, яг ширүүн үеэр нь байсан уу?

О -Тэгж аймар юм мэдрэгдээгүй ш дээ. Харин Монголд ирсэн чинь хүмүүс аймаар байна уу гэхээр нь харин тийн л гэсэн.

Х -Чи тэгвэл гардаггүй байсан байна л даа.

О -Тийн, угаасаа гарсны хэрэггүй ш дээ.

Х -Харин тэрнээс биш нэг хэсэг чинь төр эргээ биз дээ. Бослого жагсаал болоод.

О -Тийн жагсаал магсаал болж байсан ш дээ.

Х -Амьжиргаа нь ямархуу юм бэ?

О -Ер нь гайгүй ш дээ. Тийм өндөр өртөгтөй бол биш.

Х -Ямар чиглэлээр сурж байгаа вэ?

О -Нисэхийн чиглэлээр.

Х -Ховор сургуульд орсон байна ш дээ, Украин чинь одоо тэгээд нисгэгч бэлднээ. Чи одоо ямар мэргэжилтэй болох уу?

О -Нислэг удирдагч л болно доо.

Х -Өө за за, гоё юм. Аймаар том пульт нь дээр суучихаад л тиймээ. Төлбөр жилд хэд байна?

О -Эхний жилд бол нэлээн өндөр байсан бараг 3 сая. 1500 орчим доллар. Хэлний бэлтгэл, хоол ундны мөнгө гээд. Намайг анх явдаг жил бол би бараг 10 сая төгрөг үрсэн ш дээ. Сургалтын төлбөр байр сав гээд. Дараа нь бүх мөнгөө бодсон чинь 10 сая болчихсон байсан. Тэр сургууль нь бүр том. Усан цэргийн сургууль шиг, аймаар хатуу чанга.

Х -Украин чинь одоо ямар хэлтэй юм бэ?

О -Орос хэлтэй хэрнээ бас арай өөр, зарим нэг үсэг нь арай өөр ч юм уу.

Х -Орос хэлтэй байхад бол алзахгүй юу, чи тэгээд яагаад нисэхийн сургуулийг сонгосон юм бэ дээ?

О -Манай аав нислэг удирдагч, ээж стюардес. Тэгээд аль нэгнийх нь мэргэжлийг эзэмшинэ гээд бодчихсон байсан. Ээж болхоор стюардес эрт тэтгэвэрт гардаг. Байнга гадагшаа явж байдаг дэмий гээд. Одоо ч тэгээд бие нь өвддөг талдаа. Онгоцонд чинь ямар бодис гэлээ. Тэр нь биенд аягүй муу гэсэн. Тэрнээс болоод одоо их өвдөөд байдаг ш дээ.

Х -Тийм байх оо. Байнгын битүү юманд чинь. Монголд нисэхийн ажлын байр гэхдээ тийм их байхгүй байх тэ.

О -Монголд нэг их байхгүй ээ. Ирээд ажилд орьё гэсэн ч тэнцээгүй хүмүүс олон байдаг юм байна лээ.

Х -Хэ хэ тийм байх. Ажлын байр нь ховор шалгуур өндөртэй байх л даа.

О -Үгүй, эрүүл мэндээр л шалгуур нь их өндөр.

Х -Чи бид хоёр бол хараагаар хэцүү л юм байна даа. Одоо хэдэн жил дутуу вэ?

О -Одоо 9 сард оюутан болно.

Х -Хамгийн брэнд хоол нь ямар хоол байна?

О -Анх очиход надад алимтай кекс хийж өгөөд. Би ядаж байхад тийм юманд дургүй. Идсэн чинь дотор муухайраад идэж чаддаггүй. Зөгийн балтай хийсэн. Сүү мүү нь бас аягүй нялуун.

Х -Ер нь нялуун юм иддэг улс байна даа. Охид хүүхнүүд нь л их гоё харагддаг ш дээ тэ?

О -Тийн хамгийн гоё нь, Ази хүн гээд л их сонирхоод байдаг юм. Би нэг Хятад охинтой мэтгэлзэж байсан. Хятад охидууд гэхдээ аймар мундаг юм байна лээ. Хичээл мичээл чармайлт нь их. Өдөржин хичээл хийгээд л, хичээлдээ яваад л ирээд л. Дахиад орой унтахдаа ийм зузаан ном уншаад дуусгачихаж байгаа юм чинь ккк.

Х -Манайхан гэхдээ хайнга явж байгаад сайн сурдаг байх тэ. Гэхдээ биеэ дайчилдаггүй л дээ тэ.

О -Тайвань, Хятад, Солонгосчууд аймаар ш дээ. Аягүй мэрийлттэй.

Х -Монгол залуус банди нар байгаа юу?

О –Нэг их байхгүй.

Х -Баасан, хагас сайнд эндэх шиг шоудах уу?

О -Тэнд Монгол банди нар л их шоуддаг юм дөө. Өөрийн ухаангүй тэнэг царайлаад л.

Х -Хэ хэ манай банди нар нээрээ хэцүү юм аа.

О -Тэнд очоод тэгээд хувь хүний ухамсраас л шалтгаалдаг. Шоучин болох нь болж байна ш дээ. Манай сургууль чинь аягүй томд орно. Нисэхэд бол Тайвань, Украинаас төгссөн хүмүүсээ сайн гэдэг юм байна лээ.

Х -Далай үзсэн үү?

О -Өө үзээд ёстой аймаар тайвширсан ш дээ ккк. Далай явах гоё. Тэр хавийн айлын газраар нь гүзээлзгэнэ ургачихсан байдаг.

Х -Төгсөөд тэгээд Монголд ажил олдохгүй бол яана аа.

О -Ажилд авахаар л чадвартай болж ирнэ ш дээ. Угаасаа л зорилго тавьчихсан юм чинь. Нисэхийн ажил гоё, би өөр ажил бол хийхгүй ээ ккк. Сургуулиа төгсөөд нисэхэд орно. Тэгж байж гэрлэнэ гээд ккк.

Х -За за тэгвэл чамд амжилт хүсэх л хэрэгтэй юм байна даа...

1

Бид хоёр ийн буу халсаар дороо л Их дэлгүүр ирлээ. Охиныг буулгаж өгөөд сурлагад нь амжилт хүсээд таксины мөнгийг нь өөрт нь үлдээлээ... Өмнөө зорилго тавьсан, сүрхий охин байлаа даа. Гадаадад сурч байгаа оюутнууд маань бүгд ийм байвал юм дуулгана шүү гэж бас бодогдов.

1

2.Өдөр өнжүүлэхийн багш

1

Хорооллын дундуур явдаг зам дээрээс тав зургаа орчим насны хүүхэд хөтөлсөн залуухан бүсгүй гар өргөлөө. Чигээрээ яваад модны хоёр хүргүүлье гэлээ. Машинд суусан хүү цонхоор ийш тийш хараалж байснаа “Хү, Хү ...хүнсний ... өө бусдыг нь уншиж амжсангүй” гэлээ.

1

Х -Өө ийм удаан уншдаг юм уу?

Э/эмэгтэй/ -Нэгдүгээр анги. Хэдэн үсэг үзлээ?

Хүүхэд -18 үсэг. Үгүй ээ 19 юм байна. Өнөөдөр “Г” үсэг үзсэн.

Х -Аан тэгвэл ч яахав. Бас амжилт шүү. Үсгийг чинь ийм удаан заадаг билүү?

Э -Тийн ш дээ. Хавар л үсэглэлийн баяр нь болно шүү дээ.

Хүү -Юу нөгөө арай өөр сургууль бас хагас “И” үсгээ үзчихсэн гэж байна лээ.

Э -Зургаан настнууд арай тааваараа явна л даа. Бид нарын үед чинь нэгдүгээр ангид Монгол бичиг тэгээд гурваас кирил заагаад завааруулж өгсөн ш дээ.

Х -Та нар ч ёстой хэлмэгджээ. Нэг хэсэг худам бичгээрээ бүгд бичдэг болно гэж бөөн юм болсон тэ.

Э -Эд нар чинь яахав үзсэн 18 үсгэнд нь өгүүлбэр гаргаад өгчихсөн. Тэрийгээ л нухаад байгаа юм ккк.

Хүү -Ээ 19 үсэг ш дээ ...

Э -Үсэглэлийн баяр гэж гэж бидний хонхны баяр шиг том юм болно шүү дээ. Ресторанд орно, монтаж авахуулна ккк. Мань чинь тэгэхэд ангидаа хэдэн алим тавьчихаад сууж байдаг байлаа. Зөөлгөдөг ч үгүй байлаа. Яаж нэг юм болдог байсан юм. Өглөө хар эрт нүүр ам битүүлж өгөөд л гаргачихна. Унаа таксич гэж байхгүй. Би ч ганцаараа алхаад л, хол газар аа. Тараад гар утас  байхгүй, хаана яваа юм бүү мэд байж дээ.

Х -Миний үед бол нохойнд хөөгдөөд нэг чулуу атгачихсан л алхдаг байлаа даа.

Э -Одооны хүүхдүүд чинь өөрөө. Хичээл тарахад нэг хонь хурга нийлж байгаа юм шиг л юм болох юм байна ш дээ. Эцэг эхээ олох гэж аюул. Утсаараа ярилцаад “би энд, чи тэнд байна уу” гээд л ккк. Сургуулийн үүдэн дээр битүү эцэг эхчүүд ирсэн. Багш нар нь хүлээлгэж өгдөг болсон байна.

Х -Цаг бас хэцүү болоод аргагүй байх л даа.

Э -Бид нарын үед чинь найм төгсч байна гэж цай хоол идээд. Тэгээд төгсөлтийн баяр гэж хийдэг байсан. Одоо бол цэцэрлэг төгссөн баяр, бага анги төгссөн баяр, хонхны баяр. За бүүр хэд юм бэ ккк. Одоо найм ес төгсч байгаа охид чинь одоо багшаасаа ялгарахгүй л харагдах юм. Тэгээд л бөөн нийллэг паарий гээд л пиво шимээд. Маний үед тэгвэл сургуулиас, бүүр дэлхийгээс зайл болох байх даа ккк.

Х -Та хоёр чинь ингээд нэг хоёр буудал газар шулуун явчихдаг хоёр уу?

Э -Өө одоо эндээс бас нэг охин авнаа би. Манайх чинь өдөх өнжүүлэх ажиллуудаг байхгүй юу. Одоо эцэг эхчүүд чинь завгүй болчихсон байна ш дээ. Таксиний мөнгийг нь үлдээгээд гэрт оруулаарай гээд яваад өгөх юм байна. Өдөр нь хичээлийг нь хийлгээд, сургуульд нь хүргэж өгч аваад. Дахиад гэрт нь хүргэж өгөөд л ккк.

Х -Ёстой 100 хувь өдөр өнжүүлдэг юм байна тэ.

Э -ккк Тийн. Зарим нь тэгээд орой унтахаас нь өмнө нэг ирж авах юм даа.

Хүү -Тэгээд тоглоно бас... тасархай ш дээ.

Э -Тийн тоглоно. Цэцэрлэгтэй. Цэцэрлэгийнхээ хоолноос идчихнэ. Тоглоомоор нь тоглочихно. Жаргалтай, эд нар...

Хүү -Тэд нар чинь өөрөө тоглоомыг нь авчирч өгөөд байсан ш дээ. Тэгээд би гурван тоглоом эвдчихсэн.

Э -Аан эд нар маань бас хэцүү. Үнэтэй тоглоомоор тоглоно. Үнэтэй гар утас барина. Үнэтэй цайтай утсыг нь маллах гэж дээш доош нь тавиад. Яанаа ийнээ гээд бас нэг хүүхэд харах шиг л ажил болно ккк. Эд нар чинь их үнэтэй утас баринаа, аймаар үнэтэй.

Х -Хажууд нь бас эд хөрөнгө хариуцдаг юм байна тэ.

Э -Өө тэгж л амьдарч байна даа. Бид яахав мөнгөтэй, буянтай улсын мөнгөнөөс нь бас мөнгө хараад амьдарч байна даа, ах минь ккк. Бид хоёр ингээд буунаа.

1

Хэд болж байна. За за аав ээж нь яг л тааруулаад өгчихдөг юм даа. 1500 болж байгаа биз... тэгнээ ккк. За баярлалаа.

1

3.Зохицуулдаг залуу

1

1-р хороолллоос суусан 20 гаран насны залуу суугаад л утсаар ярьж ажлыг ч харин зохицуулж байна аа.

1

З/залуу/ -Байна уу... Өө тийм үү. Хаана юм бэ. За за гялалзуулсан байна ш дээ. Мань чинь 100 айл руу л явж байна. За аль подвал. Аан тийн тэнд үү. Гайгүй байх тэ. Аан харин. Зохицуулья л даа. За би яриадхья. /Утсаа салгаад дахин залгалаа/

1

...Байна уу. Өө сайн уу хөө. Эртээр яасан шөнөжингөө явсан гэсэн тэ. Хөөе, нэг ажил байнаа хөө. Манай найз 11-р хороололд подвалд нэг интернэт нээх гээд байгаа юмаа. Тийн. Албан газар гээд нэт тавиулахаар чинь явж өгнө дөө. Төлбөр мөлбөр нь аймаар гардаг биз дээ. Тэрийг нэг айл гээд яриад нэт авчихмаар байнаа. Яахав тэгээд асуудал гарвал төв рүү ярихгүй чам руу ярьж бай гээд хэлчихье. Чи тэгээд зохицуулаад байна биз тэ. Аанхан 150 мянга байдаг бил үү. Тэгээд чамайг яахын. Хэд гэх юм. ...50 мянга уу. Болж л байна тэ. Мань чинь бас хамт оролцож байгаа юмаа. Чи тэгээд өөрөө тавиад зохицуулчих юм байгаа биз дээ. Аанхан, за би наад саналыг чинь хэлээд яриадхья.

1

/дахин залгалаа/ ...Өө мань чинь асуулаа. Үндсэн мөнгөн дээр нь 70 мянгыг өгчих гэнэ ээ. Яахын. Хамаагүй хямд гарна ш дээ. Тэгээд чи шууд харьцаад л зохицуулаад яваад байхгүй юу. Гайгүй ш дээ. 70 мянга бол хамгийн бага даа. За тэг би хэлчихье. Одоохон. /эргээд залгав./

1

...Өө мань чинь хэллээ. Тэгье гэнэ ээ. Тэгээд чи өөрөө очоод тавиад өгчих юм уу. Аанхан...ккк. Тэгээд чиний 50 мянгыг яахын. Яаж зохицуул гэхийн. Шууд очиход чинь өгчих гэчихье тэ. Чи тэгээд арыг нь даагаад өрөө зохицуулаад байх юм байгаа биз дээ. Сардаа нэг жоохон юм өгөөд байх байлгүй дээ. Мань чинь хэлчихье...

1

/нөгөө найз руугаа дахин залгав/ Мань чинь яг таг ярьчихлаа шүү. Хоёр гээд очьё гэнээ. Захилга өгөх хэрэггүй гэж байна. Чи очихоор нь нөгөө надад хэлчих. Би бас очоод нөгөө 70-ыг нь би өөрөө өгье. Тэгэхгүй бол шийрэгнээд байж магадгүй. За за. Чи тэгээд нээлт гээд пари хийнэ биз дээ. Чи тэгээд хэдэн РС-тэй юм. 25 ч бас овоо шүү тэ. Мань чинь нам хийж өглөө шүү. Манийгаа бодно биз дээ ккк. За за өдөр очьё, за бака.

Залуу утсаар ярьж дуусаад сэтгэл өндөр байгаа бололтой. За ингээд буунаа. 5000 гарсан байна уу... гэлээ.

1

Мөнгөө өгөөд буухдаа залуу мөн л утсаар ярина. Хаана гэнээ. Харин ээ. Зохицуулбал ч зохицуулна л даа... гэсээр буув. Баргийн юм зохицуулдаг сүрхий эр бололтой.

1

4.Шартахад сайхан яах ч сайхан шүү

1

Хоёр хүүхэн, хоёр залуу сууж Өргөө-2 хүргүүллээ. Замдаа ажлын орчныхоо сонин хөгжилтэй зүйлсээ хоорондоо хөөрөлдөв.

1

Э/эмэгтэй/ -...Ёооё аманд эм л амтагдаад байх юм яах вэ. Бөөлжис цутгаад байх юм.

З/Залуу/ -Доогий хаачсан юм. Үнэгүй хоол идэхгүй юм байх даа.

Э -Доогий шууд очно гэсэн. Дээр бид хэд ангалзаж байхад түрүүлээд явчихсан шүү дээ. Би одоо дахиж тэнд очихгүй ээ. Орой болгон нэг хувцастайгаа ороод байхаар юу гэж бодох юм энэ чинь. Би дээр нээрээ аймаар их мөнгө картнаасаа уншуулчихжээ. Би найз охиндоо өртэй байсан байхгүй юу. Тэгээд өртөй болохоор. Ер нь бол тэрний мөнгөөр нэг удаа уугаад. Шоудаад. За чи надад талыг нь өгчих гээд өрөө аймаар багасгасан байхгүй юу. Би өчигдөр “за за би чамайг дайлья” гээд явчихсан чинь бас л аймаар явчихжээ. Тэрний оронд 50 мянгаа илүү өгчихдөг байж зүгээр ккк.

З -Үнэн муухай тэ.

Н/найз охин/ -Манай нэг найз бас бид нарыг дандаа даадаг байхгүй юу. Тэгээд бид нар бүүр санаа зовоод чамайг нэг өдөр хоолонд оруулья гэсэн чинь “би өдөр завгүй байдаг юм оо” гээд.

З -Үнэн онгироо айн.

Э -Ээ тэр залуу чамтай орой хоол идэж юм болох гээд байхгүй юу даа ккк. Энэ нээрээ үнэн удаан ойлголттой. Дээр яалаа. Ганаа эмч, Хосоо бид нар байсан байхгүй юу. Тэгсэн эмч “уул нь ч шартсаны дараа сайхан яах ч бас сайхан шүү. Аятайхан хөлрөөд яавал ч гоё л байдаг. Цайны цагаар нэг харьдаг ч юм уу” гэхгүй юу. Тэгсэн энэ Хосоо “Хөлрөхөөр зүгээр шар тайлагддаг юм уу” гэдгийн. Бид нар ойлгоод мушийгаад байгаа байхгүй юу. Тэгсэн энэ дундуур орж ирээд хөлрөөд, өдрөөсөө их ууна гэсэн үг үү гээд кк. Үнэн эвдрээгүй ккк.

З -Нээрээ шартахад хүүхнүүд юу яахаар сайхан болдог юм уу. Чи үзсэн үү?

Э -Эхнэрээсээ асуухгүй юу. Үзээгүй байгаа юм уу хаашаа юм. Бас нэг эвдрээгүй хүн байна уу, үгүй юу хахаха.

1

Залуус ийн бие биенээ явуулсаар ганц буудал газар яваад буулаа.

1

5. Фасе-ийн одууд

1

Бас л сурдаг бололтой 3 охин сууж 1-р сургуулийн урд хүргүүллээ.

1

З/зорчигч/ -Хөөх 2013 онд долларын ханш 1300 байсан юм билээ ш дээ. Бүтэн нэг жилийн төлбөр аймаар бага байсан байгаа юм чинь. Одоо манай Номин чинь зургаараа фасе-д аймаар болж байна ш дээ.

Н/найз/ -Фасе дээрээ нэг гоё зурагтай болмоор байнаа. Хөөш одоо тэгээд нөгөө нэг beer пабад нь очихгүй юм уу. Тэгж байгаад нэг Хазаар орж цадталаа хоол идье.

З -Цагаан сар болж байхад яах юм бэ. Өлсөж байгаа царайтай ккк. Хөөх нээрээ нэрийн хуудсан дээр чинь утас байхгүй байж болдог юм уу.

Н -Хүсэхгүй бол тавихгүй байж болно. 9911-тэй фасе-ийн одууд чинь дугаараа тавиагүй нэрийн хуудастай юм билээ дээ. Нэрийн хуудасны соёл ийм байхгүй гээд нэг 9911-тэй ах надад чинь аймаар тайлбарласан ш дээ ккк. Тэр бас фасе-ийн од юм билээ. Уулзья гээд ккк. Нээрээ Их хурлын гишүүд чинь нэрийн хуудсан дээрээ утсаа тавьдаггүй гэж байна ш дээ.

З -Оюунгэрэл гишүүн утсаа тавьсан л байдаг юм байна лээ ш дээ.

Н -Би нэг сайд болсных нь дараа уулзсан чинь намайг таниагүй ш дээ. Ёооё. Хурдхан алдартай болмоор байнаа. Ядаж Фасе-ийн од ч гэх шиг ккк.

З -Зургаа, зургаа л гоё шийд л дээ ккк. Хөөш нээрээ фасе-ийн зураг аймаар гоё авч өгдөг ахтай танилцсан шүү. Тэр ахтайгаа найзалж фасе од болноо яадгийн ккк.

1

6.Ганга үнэртэй охин

1

Найзууд бас нэг газар ажилладаг бололтой гурван залуу сууж буу халлаа. Харахад их овор багатай 20 гаран насны л залуус харагдлаа.

1

З/залуу/ -За маргааш нэг 100 мянган төгрөгийн өрөө дарчихвал тэгээд нэг утас авна даа.

Н/найз/ -Ямар утас авах гээд байна аа.

З -Наадах шиг чинь Nokia авчих гээд л байна. Авчихдаг ч юм уу.

Н -Чи ямар над шиг алдчихдаг хүн биш. Гайгүй утас авахгүй юу. Ганц автобусанд суугаад л алдсан шүү. Одоо тэгээд “3 жи” интернеттэй утас л авахгүй бол тэ. Андриод л зүгээр тэ.

З -Ломбардан ч Note-1 зуу гээд байж л байна л даа. Цалингаа аваад талыг нь картандаа үлдээгээд. Талыг нь хэрэглээд тэ.

Н -Хөөш хоёулаа нэг заагаад яриад байсан даа. Тэр чинь хүүхэдтэй, нөхөртэй юу?

З -Би яаж мэдэх юм.

Н -Дагалдангаа мэдэхгүй. Тэгээд хэнийгээ хараад юу бодоод яваад байдаг юм.

З -Ундрах гэдэг бил үү. Юун гоё нэртэй юм.

Н -Аймаар хөөрхөн ааштай лаг хөөрхөн цэвэрхээн охин ороод ирсэн байна лээ дээ. Өнөө өглөө хамгийн түрүүн орж ирдэг. Дээгүүрээ нэг цагаан юмтай байсан. Аймаар хөөрхөн. Хажууд нь байхад аягүй “ганга” үнэртэй.

З -ккк бас айн. Үнэр нь ганга, гоё ккк.

Н -Үнэр нь нээрээ гоё. Бас гэзэгний үзүүр нь юу хөдөлгөөд ч гэх шиг хахаха.

З -Ганга үнэртэж байна уу тэ ккк. Тэр дэмий за. Тэр чинь хүүхэдтэй юм билээ. Би мэднэ шүү.

Нөгөө найз/Н2/ -Надад нээрээ төхөөрөмж дээр дагалдах охин ирэхгүй юмаа.

З -ккк нэрнээс нь л эмэгтэй хүн дагалдахааргүй тэ ккк. Төхөөрөмж гэчихсэн.

Н2 -Харин тийн.

З -Нээрээ зугаалгын дараа Цэндээ эгч “та хоёр гоё шүү” гээд байсан. Гомдсон юм байлгүй. Амралтаар баахан харсан байх аа.

Н -Чи ч бас л халуухан яриад байсан л даа.

З -Нээрээ одоо даруухан байж байгаад Ундрахтайгаа гэрлэчихмээр байна аа. Юун Цэндээ эгч. Ганга үнэртэй охин ирчихээд байхад ккк, нээрээ. Нүд мүд тасарцан юмаа. Бурхан нээрээ гараа гаргаж зурсан. Сормуусны урт мурт гэж. Сормуус бол 3 см байна лээ дээ. Юун гэзэгний үзүүр ккк...

1

Ийн хөөрөлдсөн гурван залуу ирэх бүтэн сайнд Ганга үнэртэй дагалдагч охинд цанын бааз явж гулгах санал тавихаар болоод буулаа...

1

Ойрын хэдэн өдөр охид залуус их таарч бид ер нь хямраагүй асуудалгүй юм шиг л санагдлаа. Залуу нас сайхан шүү гэдгийг эргэж нэг мэдэрлээ. Үүгээр энэ удаагийн бичлэгээ өндөрлөж байна. Урам хайрлаж сэтгэгдэл талархал үлдээж байдагт баярладаг шүү, манайхаан...

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Такси №114
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг