Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Такси №116 /УБ-Сөүл/
2015.3.13

 

Энэ өдрийн мэнд манайхаан. Хоовон миний бие Сөүл хотоос энэхүү яриаг буулгалаа. Удаан уулзсангүй, бичлэг тасалдлаа. Хүлцэл өчье. Гэхдээ би зүгээр байсангүй хэсэг нөхдийг даган Солонгос улсыг зорилоо. Цагаан сар дамнаад Сөүл, Бусан хотуудад байж шинийн нэгний өглөө чинь зүг чигээ мэдэхгүй хүний нутагт алхаж явлаа шүү дээ. Олон нийтийн байгууллагын төлөөлөл, сэтгэл зүйч, сэтгүүлч, дуучин гээд нэлээд олон гишүүнтэй нэг багийнхан миний биеийг хамт явахыг урьж Сөүлээс монголчуудынхаа тухай сонин хачин ихтэй тэмдэглэл хийхийг санал болгосон нь маний хувьд гэнэтийн байлаа. Хэдийгээр таксины түрээс, цалингийн зээлийн хугацаа хэтрэлт гээд хувийн амьдралд хямрал нүүрлэж тулгарсан асуудал их байсан ч шийдэн явлаа. Ингээд хүний нутагт амьдралаа босгож бас ар гэр ах дүүгээ чирч яваа элэг нэгт монголчуудтайгаа нүүр тулж уулзан инээж хөөрч, эгдүүцэж уурлаж бас заримдаа бухимдаж харамсч байж бөөгнүүлсэн цуврал тэмдэглэлийнхээ эхнийхийг Сөүл хотноо буулгаснаар та бүхэндээ хүргэж байна.

.

Цагаан сарын өмнөхөн Солонгост очиж Бусан хотод битүүрээд Сөүлд шинийн нэгэнд ирсэн юм. Мэдээж монголчууд олон байдаг энэ орноос ярих сонирхуулах юм их байлаа. Гэхдээ бид бараг бүгд л Солонгос орныг ямар нэг хэмжээгээр мэдэх ба хэн нэг маань аялаад ирсэн байх тул өндөр хөгжил өргөн замынх нь тухай дуу алдан бичиж цаг үрье гэж гэж бодсонгүй. Зүгээр л хүний газар байгаа Монгол хүний сэтгэл бас сэтгэмж, өдөр тутмын амьдралынх нь өнгө зураглалыг буулгаж эхнээс нь уншигчиддаа хүргэе гэж яарлаа. Солонгосын цагаан сарын өнгө төрх хийгээд тэнд байх Монголчуудын золгоо шинэлээний талаар бичихэд нэлээн нухаж суух юм байгаа тул эхлээд Солонгост таарсан манайхны энгүүн яриа хөөрөө, зарим нэг бухимдал бас дурсамж хүүрнэлээс хүргэе. Таалал орштугай.

1

Үл ойлгогдох ивээн тэтгэгч

1

Энэ залуутай би Сөүлд метронд таарч танилцсан юм. Билет авах гээд нөгөө машин дээр нь жоохон будилж зогслоо. Зааврын дагуу кнопдсоор 10 мянган воноо хийсэн чинь буцаагаад шидээд болдоггүй. Гайхаад ийш тийш харж хэсэг зогсоод мөнгөө задлуулахаар шийдлээ. Өнөөх алдарт “Түндэмүн ёг” гэдэг том зөрлөг олон чиглэл огтолцдог тул хүн хийгээд худалдаа арилжаа доор нь пиг. Нэг нөхөр баахан пүүз өрчихсөн “аймаар хямдарсан. 10 мянгаар л ав” гээд байгаа бололтой нэлээн чанга орилж байна. Түүний наана нь байх кофе печень зараад байгаа лангууг зорилоо. Намхавтар цагаандуу царайтай. Яг л цэвэр солонгос биеийн бүтэцтэй хүүхэн дээр очоод нөгөө 10 мянган вонноо харуулаад “ Чон вон руу хэ чусэюү” гээд л тавьчихлаа. Чон вонн гэдэг мянга. Миний ойлгож хэлснээр бол “энийг 1000 руу хийгээд өгөөч” гэсэн санаатай тааруу л өгүүлбэр болж байгаа юм л даа. Дашрамд хэлэхэд миний бие энэхүү Хангүгт ирж хэсэг байх завшаан 10-аад жилийн өмнө тохиож байсан юм. Тэгэхээр ямар ч байсан хоолны хэлтэй хүн л дээ. Гол яриандаа эргэж орьё доо. Гэтэл нөгөө хүүхэн эелдэгээр задгай мөнгө байхгүй гэж хэлэх шиг болов.

Хэсэг гайхан дахин билетний машин дээрээ очиж будилж байтал “Ах яасан” гэж монгол залуу ард дуугарлаа. Эргэж харвал 25 орчим насны хольцоогүй сайхан хүрэн бор царайтай монгол залуу ялихгүй инээмсэглэн зогсч байлаа. Би ч олзуурхан  “өө ашгүй. Сайн уу дүү. Сайхан шинэлж байна уу. Ах нь харин ийшээ 4-р шугамаар явж нэг айлд очих гээд. Энэ машин миний мөнгийг буцааж шидээд ккк” гэвэл залуу “алив” гээд миний хажууд ирж бүх үйлдлийг эхнээс нь хийгээд мөнгийг хийтэл нөгөөдөх машин нь ховдог гэгч нь сороод аваад явчихлаа. Гайхалтай, болчихно тэр. Би бас тэрүүхэндээ баярлан “өө энэ чинь бас царай харна гэдэг шиг. Бас хүн ялгаад байна уу үгүй юу” гэж хошигносонд залуу “хэ хэ, та мөнгөө нөгөө талаар нь эргүүлээд хийчихсэн бол зүгээр болчих байхгүй юу” гэж даруухнаар учирлалаа. Тоогоор нь хийгээд байна уу сүлдээр нь хийгээд байна уу гэдгээ эхлээд анзаарах хэрэгтэй байж л дээ. Ингээд автомат машинаас хариултаа яс тоолж авсан би залуутай хэсэг буу халлаа. Манай залууг Баяраа л гэе. Урьд нь 4 жилийн өмнө анх ирж гэрээгээр ажиллаад. Дараа нь хувиараа ирж ажиллаад 2 дахь жилдээ болж байгаа гэнэ. Одоо бол нэг хайрцаг ч юм уу даа тараадаг машин барьж явдаг сүрхий хөлөө олсон хүү байлаа. Бас над шиг яриа ч юм.

1

Бид хоёр цэнхэр шугаманд зам нийлсэн нь бүр ч таатай хэрэг боллоо. Миний очих тэр “Санрогсүү” гэх буудал хүртэл лавтай цаг явахыг залуу утасныхаа метроны зургийг харж тооцож хэллээ. Метронд хүн багатай бид хоёр нэг суудалд тухалж аваад зөөлөн дуугаар жаал буу халлаа. Залуу ойр зуур олон л сонин ярьснаас нэг яриа сонин санагдсан тул бүтнээр нь буулгалаа.

1

Оршлыг товч өгүүлэхэд, жил гаруйн өмнө манай залуу ирээд нэг хэсэг мотел буудлуудаар найзуудтайгаа хонодог байж. Тэгээд санхүү бяр нь муудаж “Жинжилбан” гэх буюу Саунд байнга л хоносон гэнэ. Гэхдээ голдуу л нэг газар орно. Тэгэхэд нэлээн хижээл насны Солонгос эртэй байн байн таараад байдаг болсон гэнэ. Яагаад ч юм сүүлдээ нөгөө ахмад эр манай залуутай инээмсэглэн хальт мэндэлдэг болсон гэнэ. Гэхдээ ахмад хүн тул дуугарахгүй найрсгаар толгой дохин танимхайрах болжээ.

Гэтэл нэг удаа...

1

З/залуу/ -Та мэдэх болов уу. Яах бол. Чондэмүн саун гээд. Түндэмүний арын Миллорогийн хойно байсан. Олон төрлийн эмчилгээний зориулалттай САУН. Тэнд л байнга хонодог байсан юм. Би Түндэмүн дээр ресторанд зөөгч хийнэ. Аятайхан царай зүстэй очихгүй бол болохгүй ш дээ. Тэгээд л орой ажилдаа гарах гээд яг үсээ янзлаад гарахад орж ирж таардаг байхгүй юу.

1

Тэгсэн нэг орой нөгөө хүн ирж таараад. Бид хоёр юм уугаад нэг дор сууж таараад. Нэлээн настай хүн ш дээ. Бас яравгардуу. Тэгснээ надтай яриа өдөөд. Чи монгол уу гээд. “Чи хонох гэр оронгүй юм уу. Дандаа л саунд байх юм” гэдгийн. Тэгснээ нэг их юм яриагүй “ирэх Чумаригаар /амралтын өдрүүдээр/ юу хийх гэж байна. Амрах бол эндээ 3 цаг гээд таарья. Би чамайг хоолонд дайлья” гээд салсан юм. Би ч тэр яриагаа мартчихсан найзуудтайгаа шоудаад орой 6 өнгөрөөгөөд ирсэн чинь нөгөө сауны Ажуумаа “Чамайг том ажилтай. Настай хүн хүлээгээд байхад, Ааягүү” гээд. тэгсэн харин нөгөө Солонгос чинь сууж байгаа юм чинь. Солонгост чинь ахмад хүнийг хүлээлгэнэ гэдэг чинь бас л тэ. Асуудал тэ, та мэднэ биз дээ. Эд нарыг яадгийг. Тэгсэн би ч уучлаарай гээд бөхөлзөөд. Нөгөө Со чинь “за яахав яахав. Хамт гарья” гээд. Хоол ч идсэнгүй. Нөгөө алдарт Каннамын тийшээ аваад явлаа. Өөрөө машинаа барьчихсан. Тэгээд намайг шууд нэг байранд дагуулж очоод хамгийн дээд давхарт нь байдаг нэг өрөөнд оруулаад “За чи энд амьдар даа” гэдэг юм. “Би хааяа ирдэг юм. Өөр хүн ирэхгүй” гэснээ “чамаас мөнгө төлбөр ч нэхэхгүй” гэж бүүр алмайруулаад.

1

Х -Хөөх, за ёстой сонин. Өндөр байшин уу. Аппарт /орон сууц/ юм уу?

З -Үгүй, нөгөө түрээсийн тав зургаан давхар байрнууд байдаг ш дээ. Тэр. Тэгээд намайг хоолонд оруулаад ойр зуур юм асууж ярьж байгаад түлхүүрээ өгчихөөд яваад өгдөг юм.

1

Х -Гал тогоо, ор дэр байгаа юм уу?

З -Өө ерөөсөө л цагаан хэрэглэлээ угсраад л бусад нь бэлэн.

1

Х -За за чи чинь харин эвгүй ивээн тэтгэгчтэй болж дээ.

З -Тийн. Тэгээд тэнд хоносон шөнөө элдвийн юм бодоод. Унтсан хойно бөөрийг минь авчихгүй байгаа гээд. Тэнд байгаа цай амтлагч, давс мавсыг нь хэрэглэхгүй байгаа юм чинь ккк. Сэжиглээд нойрны эмтэй юм үлдээчихсэн ч юм бил үү гээд хэ хэ хэ.

1

Х -Бас айхтар айн. Зөв ш дээ. Хүний газар болгоомж хэрэгтэй.

З -Өө янз бүрээр бодоод. Яагаад надад гэнэт сайн хандаад байгаа юм бол гээд л. Тэгээд хэсэг өөрөө таг болчихсон. Хааяа утсаар яриад “Чи яаж байна. Хоол ундтай байгаа юу. Мөнгө бий юу” гээд.

1

Х -Байр нь тэгээд яг өөрийнх нь юм байх даа.

З -Тийн. Түрээслүүлдэг тэгээд тэр дээд давхрынхаа өрөөнд хааяа ирж оффислоод камер хяналтын бичлэгээ харчихаад л явдаг байсан юм шиг билээ. Би тэгж л ойлгосон. Тэгээд овоо дотно болцгоогоод хааяа дуудахаар нь найзуудаа авч очноо би чинь бас ккк, бас айгаад. Тэгсэн сүүлд нь нэг өдөр “Манайд очноо” гээд.

1

Х -Өөрийнхөө гэрт урьсан юм уу?

З -Тийн. Гэр бүлтэйгээ танилцуулаад. Тэгээд ингээд байхаар би “ЯАГААД” гэсэн асуултыг тавина биз дээ. Нөгөөдөхдөө.

1

Х -Тэгсэн юу гэж байна?

З -... Би тэнгэрээс унасан. Бид бүгд адилхан. Урд насандаа чи бид хоёр аав хүү хоёр байсныг би мэдсэн гэдэг юм. Би ч “аан за л” гэсэн.

1

Х -Нээрээ тийм юм болов уу, энэ тэр гэж бодогдоогүй юу?

З -Өө үгүй үгүй. Би тэрийг нь тоогоогүй. Харин бас нэг юм хэлсэн. Мань хүн урьд нь өөрөө гадаадад амьдардаг байсан. Тэгэхэд аймаар ядраад байр оронгүй тэнээд. Хэн нэг мөнгөтэй, боломжтой хүн надад туслаасай гэж боддог байсан гэнээ. Тэгээд эндээ ирж хөл дээрээ босоод тэр мөрөөдлөө бас энд хэн нэгэн дээр бодитой болгоё гэж боддог байсан гэнэ. Тэрнээс гадна бас өөрөө өнчин аавгүй өссөн гээд. Ингээд ярьсан бид хоёр бас адилхан зовлон үзсэн санагдаад. Миний аав багад бас өнгөрсөн. Аавын хайр гэж үзээгүй хүн. Сүүлдээ нөгөө хүн чинь байнга юм захиж хэлдэг болоод. “Чи найз нөхөдтэйгээ мөнгөний асуудлаас болж салах эвдрэх юм хэзээ ч битгий хийгээрэй” гээд. Байнга юм захиж хэлдэг болоод. Байн байн хоол идье цуг сууя гэртэй байж байгаарай гээд. Тэгэхэд чинь би найзууддаа л цаг гаргаад. Камер хянадаг өрөө нь хов хоосон. Тэндээ өдөрт хааяа ажлаа явуулдаг байсан. Аан түрүүн танд хэлчихлүү нээрээ. Би болохоор шөнө орж ирээд хононо. Заримдаа шоудна. Тэгсэн нэг хоёр шоудсан маань баригдаад. “Чи надад худлаа ярьж болохгүй шүү. Надад 3 удаа худлаа яривал хоёулангийнх нь холбоо худлаа болно шүү” гээд ккк. Тэр нь аль хэдийн 30 болсон байх аа.

1

Х -Уг нь ёстой сэтгэлтэй хүн байгаа юм биш үү?

З -Тэгээд сүүлдээ байнга тэгээд юм хэлээд дуудаад байхаар төвөгтэй санагдаад. Хувцас хунар авч өгье хамт явья гээд. Тийм баян хүн байж айхтар. 60 мянгын өмд байхаар нь энийг авья гэсэн чинь 50 мянга болгож бууруулах гээд худалдагчтай нь яриад байгаа юм чинь. Аягүй том дэлгүүрт орчихоод. Тэгээд би ерөөсөө больё гээд “Баярлалаа. Би өөрөө хувцсаа авчихна” гэсэн чинь Со ах эмзэглээд мөнгө хамаагүй. Гэхдээ үнэтэй юмаар гангарах гэх хэрэггүй. Энгийн л бай гээд. Бид хоёр чинь анх удаа тэгэхэд санал зөрөөд. Би тэгэхээр нь залуу насандаа юм эдэлмээр гангармаар байна. Би хөгшрөөд торгон хөнжил нөмрөөд яах юм бэ гэхээр мань хүн бас ойлгоод ч байх шиг санагдсан.

1

Х -Та хоёр ч нээрээ гүнзгийрчээ тэ,ккк.

Х -...өө нэг нэг удаа бүүр хоолноос болж муудалцаад. Би тэднийд байхаар бэлдсэн хоол нь хэцүү. Бараг л өвс байгаа юм чинь. Тэгээд хэлээд. “Би дандаа ногоо идэж байна. Би бас мах идмээр байна” гээд. Нээрээ тэр хоол нь бараг тэр чигээрээ өвс.  Бараг 6 сар идээд. Бас сэтгэлийг нь бодоод аягүй их тэвчсэн ш дээ...

1

Залуу нэгэн гэнэтийн ивээн тэтгэгчтэй болсон ба сүүлийн үед өнөөх байранд нь очихоо байсан тухайгаа ийн ярилаа. Буух дөхөж цаг бага байгааг багцаалсан би “Тэгээд одоо яасан. Очдог уулздаг холбоотой хэвээрээ юу, холдсон уу” гэж яриагаа мухарлах сониуч асуултыг тавилаа.

1

“Би тэгээд ер нь өөрийнхөөрөө л зүтгэе гэж бодоод ийшээ бүүр Ансан руу ажилд ороод өөр өрөө хөлсөлсөн. Над руу байнга тав дахь өдөр болгон залгадаг юм. Байранд нь бол бүр очихоо байсан ш дээ” гэж хэнд ч юм тунингуй хэллээ.

1

Ингээд миний буух буудал зарлагдаж бид хоёр Монголдоо уулзахын ерөөл талбиад саллаа. Намайг гартаа диктофон атгасан байхыг үе үе анзаарсан хэрнээ шууд асуучихгүй цагаахнаар нэгэн түүхээ хүүрнэсэн залуу маань хүний газар байгаа болохоор ч тэр үү, хүүхдээрээ байгаа санагдлаа... Мань эр намайг бууснаас цааш дахиад 30-аад минут явах газар байгаа гэсэн. Бодвол намайг буухаар тэгээд хэсэг унтаж авах биз. Учир нь залуу надад “Өнөө шөнө ягаарнаа ... ажил олдохгүй. Шөнө ажиллаад л. Хэцүү байна шүү” гээд байсан юм...

1

Монголоо санахуй буюу Хэнтийн ууланд сунайсан Мянганы зам

1

Солонгост таарах Монголчуудтайгаа яриа өрнүүлэх сонирхолтой байлаа. Тэд маань ихэнх тохиолдолд Солонгосыг гэхээсээ Монголдоо байсан тухайгаа, ар гэр дурсамжаа ярих гэх нь илүүтэй. Би шинийн хоёронд уйдахын эрхэнд айл хэсч үзсэн юм. Нэг айлд очтол хүмүүс нь золгоод юу юугүй зөрж айл хэсэхээр болж гарцгаав. Нэлээн халамцсан Сөүлийн золгоочид маань намайг оронгуут хамт авч явахаар хоргоож “Монгол хүн байна даа. Нэрэлхэх юм байхгүй ээ. Цуг авч явна” гэлээ. Ингээд бид хоёр хуваагдан хөдөлж машинд багтаагүй хэд нийлж такси барин цаг гаруй явлаа. Сөүлийн таксины тухай болоод зарим нэг адал явдлыг дараа жич өгүүлэх тул энэ удаа алгасья. Ингээд бага зэрэг түгжрээтэй замд жоохон ууж халсан, сэргэсэн улс юу эсийг ярихав. Урд суудал дээр суусан арван жил “харласан” гэх тодотголтой том биетэй залуу шууд тасран дараагийн айлд саатах бэлтгэлээ базааж хурхирч эхэлснээр найзууд нь болох 35 орчим насны нэг хүүхэн, түүнээс хэд насаар дүү нэг залуу бид гурав буу халлаа. Ингээд Сөүлийн  нэг таксинд зоос олохоор орондоо орох завгүй бум олноороо бужигнадаг байсан Монголынхоо нэгэн цаг үеийн дурсамжийг сөхөн ярьцгаалаа. Эхлээд 30 орчим насны сүрхий архи даадаг бололтой бараг согтоогүй залуу яриа эхлүүллээ.

1

З/Залуу/ -...Би чинь Хэнтий аймгийн хүн л дээ. 2002 онд том ахыгаа дагаад л самарт явдаг. Том ах модоо цохидог. Би цасан дотроос яг унасан нүхээр нь гараа хийгээд самараа цуглуулж авдаг байсан юм.

Э/эмэгтэй/ -Самарыг чинь өвөл түүдэг юм уу?

Х -Аан өвөл цас орохоор амархан унадаг гэсэн.

1

З -А түншүүр, Т түншүүр гээд бүдүүн модоор хийдэг байсан. Томоо алх шиг юм. Уулын араар явахаар аймаар шуургатай. Арай гэж самараа түүгээд борлуулах бас асуудалтай. Ойгоос самараа буулгах гэж бөөн юм болно. Хүмүүс бие биенээсээ хол цаана гарч түүх гээд уул уул даваад л яваад байна. Тэгээд хүмүүс нэг жим гаргаад тэрний дараагийн хүн тэрэн дээгүүр нь яваад өшөө цаад уул руу даваад байхаар тэр зам нь цаашаа сунаад үргэлжлээд л байгаа байхгүй юу. Тэрийгээ мянганы зам гээд нэрлэчихсэн ккк. Тэр зам нь бараг хэзээ ч дуусахааргүй сунаж эхэлж байгаа юм чинь. Хүн хүнийхээ цаана гарах гээд зам сунаад л ккк.

Э -Өө мянганы зам чинь тэгвэл мянгуужингийн зам болоогүй аль эрт хэнтийн нуруу даваад явчхсан юм байна ш дээ тэ ккк.

1

З -Хоёр гурав хоног морьтой явж очоод цаашаа биеэсээ холдон отог болоод тэр хавьдаа шигшээд буулгаж эхэлнэ... Тэгээд бас Нарантуул гээд нэрлэчихсэн машины зогсоол захтай. Машин явсаар байгаад хаданд тулаад зогсдог зогсоол байгаа юм. Тэндээ самараа бөөнддөг. Аймаар том зах бий болчихсон байж билээ ккк. Бүр биеэ үнэлэгчид хүртэл оччихсон явж байгаа юм чинь. Тэрийгээ бол “Монголын Сөүл” гэдэг байлаа ш дээ.

Э -Өө за за, чи чинь бас Хэнтийдээ байхдаа Сөүл үзчихсэн айн ккк.

1

З -Яагаад гэвэл тэнд хүн нэгхэн сарын дотор 2 сая төгрөг олчихдог байсан байхгүй юу. Тийм болохоор би хичээлээ хаяад явж байсан юм.

Э -Нэг тийм үеүд байдаг байсан тэ. 90-н хэдэн онд чинь би хойшоо явдаг байлаа ш дээ. Тэр үед чинь банк дампууруулдаг моод гарчихсан байлаа ш дээ. Манай нөхөр нэг тийм юманд орчихсон. Яагаав нөгөө баахан хүн дамжуулж зээл аваад тэгээд нөгөө банкаа дампууруулаад хаячихдаг. Манай хүн тэрийг мэдчихсэн. Би бол юу ч мэдэхгүй. Наймаанд явна мөнгөө өсгөнө л гэсэн хүн. Тэгсэн тэр 90-ээд оны эхээр чинь сая найман зуугийн зээл авчихлаа. Тэгээд тэрийг чинь буцааж төлөөгүй ш дээ. Тэр үеийн сая найман зуу чинь одоогийн бараг 1 өрөө байр байх оо.

1

З -Тэгж болдог байсан юм уу?

Х -Тэгж зээл аваад хөлжсөн хүмүүс одоогийн баячууд дотор зөндөө л гэж ярьдаг юм билээ.

Э -Өө болдог байсан юм билээ. Гэхдээ би тэр үед хүүхдээрээ байсан. Сая хэдэн зуу чинь цүнх дүүрэн мөнгө. Манай нөхөр надаас гурав ах. Эмч сэхээтний хүүхдүүд. Туйлаад өсчихсөн. Юм байвал сайхан үрдэг. Тэгээд л цүнхтэй мөнгөтэй л явдаг байлаа ш дээ. Нөхөр бол оюутан байхын тансаг гар. Дандаа мөнгөтэй явдаг. Гэрээс нь мөнгө их явуулдаг. Тийм нөхөртэй суучихсан би чинь бол харин ёстой наймаанд зүтгэсэн шүү. Сая найман зуугаа авчихаад. Тэр их мөнгийг чинь банкинд хийхгүй. Карт гэж байхгүй. Гуанзанд чинь хөл дороо тавьж сууж байгаад хоол идчихээд л Дархан энэ тэр гараад явчихдаг байлаа даа ккк. Үе үеийн түүх гэж нээрээ. Хөдөөнөөс шилжиж ирээд. Манай нөхрийн паспорт шилжиж ирээгүй. Тэгээд би найзуудтай нь анх удаагаа Бээжин явж үзэж байлаа. Тэгэхэд паспорт гаргах чинь аягүй хэцүү байсан тэ. Тэгээд нөхөр маань өөрөө паспортгүй болохоор найзууддаа бас 20 мянган төгрөг өгөөд явуулж байгаа юм чинь. Тэгсэн нэг нь хойшоо орос явчихаад тэр чигтээ ирээгүй ш дээ. Тэр мөнгөөр нь бараг хөл дээрээ босоод. Мөнгөтэй нь алга болчихсон ш дээ. Аягүй аймаар ккк. Тэр үед мөнгө цүнхлээд явдаг гэдэг бас л одоо бол сонин доо.

Х -Миний сайн мэдэх үе байна даа. Наймаа хийнэ, бугын чив зарна гээд Эрээн гарч л байсан. Гадаад гарлаа гэсэн чинь баахан тагз шавар байшингууд. Зарж байгаа мантуу хоолныхоо тогооныхоо хажууд хүндэрсэн. Тэр үеийн Эрээн гэж хэцүү газар байсан шүү.

1

...Ийн бид гурав Монголынхоо нэгэн цагийн алтан, мөнгөн дурсамжийг хөврүүлж байгаад хэсэг чимээгүй болж ойр тойрныг харан явлаа. Манай нөгөө засгийн бааз, сайд дарга нарын унаад байдаг “Соната -7” бас 8-ууд бол Сөүлд таксинд л сүнгэнэж байгаа харагдана. “Ийм зам дээр такси бариад бөглөрөөн дээр бас тоолуур гүйдэг бол өдөрт бол 100 мянгыг өлхөн хийх л юм байна даа” гэсэн шүү аархуу юм бодож явтал залуу хүү нэг юм санав бололтой нүд нь сэргэн дахин яриа эхлүүллээ.

1

З -...Тэгээд нээрээ нөгөө Мянганы зам чинь сунаад ирэхээр буцаад машин дээрээ очих зам их хол нөгөө Нарантуул хүрэхэд хэцүү болж эхлэнэ ш дээ. Тэгэнгүүт зам зуурт бас “Ошин” нэртэй отгууд бий болчихсон байгаа юм чинь ккк...

/Бид гурав зэрэг нэлээн сайн инээлдсэн тул таксины жолооч “ажуши” толиндоо нэлээн сүрхий ширвэн харав/

1

З -...Тэр Ошины отог дээр хүмүүс ирдэг. Хооллоод амраад явдаг. Бас нэг аймаар юм нь “Хушинд хууль үйлчлэхгүй” гэсэн залуус аягүй хэрцгий байсан. Тэр нь надад лав аягүй аймшигтай байсан. Зөрөх үү, зодолдох уу гээд л.

Э -Хушинд хууль үйлчлэхгүй гэдэг нь одоо яг юу гэсэн үг юм бэ?

1

З -Яахав хүнгүй ойд ямар ч гэрч хамгаалах хүн, цагдаа байхгүй. Яаж ч мэднэ.  Хэнтий нурууны хамгийн том нуруу байдаг байхгүй юу. Одоо бид нар чинь доод бэлээс нь өгсөөд уул даваад явсаар байгаад нурууны орой дээр гараад ирэхэд цаанаас нь Багануур, хотынхон өөдөөс гараад ирж байгаа юм чинь. “Өнгөлжин” гэдэг уулан дээр тэгж таардаг байлаа ш дээ. Тэгээд нутаг нутгийн залуус таарч эхэлнэ. Манайхан чинь аймаар жалга довных ш дээ тэ. Тэгээд аймаар аймаар хэрэг сонсогддог. Их айдаг байсан шүү. Манай ах чинь нүдэн дээр зодолдоод, зодуулаад. Өө манай нутгийн залууг зодчихлоо гээд. Зөрж ирж зодолдоод. Сүүлдээ бие биенийхээ самрыг булааж дээрэмдээд.

1

Х -Аймаар байжээ.

Э -90-ээд оны үед чинь “Е” паспорт аваад. Тэгээд гэрийнхэнд бас паспорт гаргаж өгөөд. Нэг эгчийгээ дагаад Орос явсан. УБ-аас Москва ороод. Тэндээсээ Манжуур Хайлаараар гараад. Намайг авч явсан эгч Орост сурч төгссөн. Ангийнхан нь энд тэндгүй тарчихсан. Том дарга нар олон. Тэрийгээ аймаар сэргэлэн ашиглана. Цэргийн найзуудаа ашиглаад Оросоос хачин байлдааны танк ч юм уу юу ч юм урагш нь гаргаад тэрнийхээ оронд үйлдвэрийн юм оруулж ирээд. Тухайн үедээ моод байсан нөгөө өдөн куртка оёдог машин байсан. Тэрийг оруулж ирээд.

Тэд нарыг бол мэдэх хүмүүс нь андахгүй. Шороотын Цэвээн гэдэг байсан юм. Одоо энэ Х.Баттулга гишүүн тэдний үеийнхэн бол сайн мэднэ. Яг тэд нарын явж байсан ид наймааны үе. Тэгээд бид нар чинь бүтэн машин өд ачаад Хайлаараас Хавирга гэдэг боомтоор ороод. Тэгээд Чичэ-д очно. Тэгээд куртка оёод. Тэнд байсан нэг “Е” паспорттой ах бид хоёр тэндээс нь Дорнод руу нөгөө өдөн куртка зөөж зарна ккк. Залуу байжээ. Царай зүс ч гаагүй байсан биз. Боомтын нэг залуу надад их сайн. За тэрний нөлөөгөөр чинь харин бид хоёр өдийг сайн зөөсөн. Юм тэгээд л нэг болохоор тийм жижигхэн тохироон дээр болчихдог тэ. Тэр чинь жоохон боомт нэгийг нь таньдаг байхад л тэгээд чөлөөтэй ухуулахгүй гарчихаж байгаа юм чинь. Би чинь тэр залуугийн эгч ээжид нь бэлэг сэлт байнга өгөөд л. Бараг бэр нь юм шиг л ккк. Өө тэр боомт дээр чинь Од болсон.

1

...Одоо манайхан монголдоо байгаа Солонгосуудыг бас сайн хашраадаг гэсэн. Нэг солонгос хоолны газар ажиллуулдаг залуутай Монголд танилцаад хааяа уулзаж “хан жан” /зуу татах/ хийдэг байлаа. Тэгсэн ёстой үгээ хэлчихсэн сууж байсан ш дээ. Нөгөө ажилд авсан хүмүүс нь хоолны хачир амтлагч юмнуудаас нь хогны уутандаа давхар хийж зөөгөөд хэд хэд баригдчихсан байгаа байхгүй юу. Тэгээд тогоочоо халчихсан гэсэн. Тэгсэн хэд хоноод очсон чинь буцаагаад авчихсан байна. Яасан гэсэн. Нөгөө Кимчи жигэ шөл энэ тэрнийх нь амт өөр болоод. Хүмүүс хэл ам хийгээд гээд. Хулгай хийдэг ч гэсэн яахав сайн л харж байя гээд эргүүлээд авчихсан гэж байгаа юм чинь. Тэгээд дотроо зөвшөөрөгдсөн шахуу хулгайтай болчихсон ккк. Тэндээс ч нэг юм хулгайлаад. Эндээс ч нэг нь зөөгөөд. Байнга л харж байх болсон гэж байгаа юм.

1

З -Ээ тэгээд камерийнхаа пультэн дээр л сууж байдаг юм байна л даа ккк.

Э -Өө тийн. Уул нь яаж энэ газраа томсгох уу, өргөжүүлэх үү. Харилцаа холбоогоо нэмэгдүүлэх үү гээд гадуур явж байх хүн чинь зүгээр л нөгөө хэдэн ажилчин тогооч нараа нүд цавчихгүй манаастай байдаг болсон гэчихсэн ккк. Нэг бодлын бас хөөрхий хэцүүдсэн байгаа байхгүй юу. Өндөр байрны түрээс бөөндөөд өгчихсөн. Орлогогүй бол алдагдалд орчих гээд...

1

Х -Эвий эвий түрүүний тэр чиний ярьсан залууг төсөөлсөн чинь... Бүр өрөвдчихлөө. Тэр боомт дээр ажилладаг байсан чамд сайн байсан залуу хөөрхий. Үнэхээр хайртай байсан байх даа аягүй бол.

Э -Харин тнх. Нөгөө муу залуугаа би чинь тоочих гээд байгаа юм шиг. Ханд хаяж горьдоосоор байгаад...ккк. Нөгөө хэдэн өдөн куртка зөөж зарж дуусгаад эргэж ч хараагүй ш дээ... Муухай л юм даа. Тэр үед наймаа олдог байсан. Гэхдээ бас жудгаа хүн чанараа алдаад л. Дээр нь хайраа, ханиа гээд хамаг юмаа аймаар гээдэг байжээ. Бас их бүдүүлэг хэцүү байж. Одоо бодоход...

1

...Хүүхний сүүлийн үг юм бодуулж бид хэсэг чимээгүй боллоо. Ингэтэл таксины жолооч зорьсон газар ирснийг мэдэгдэж 15 мянга гарсан болохыг хэлэнгээ бид гурвыг тун ажигч нүдээр харж “Та нар аль орны хүмүүс бэ” гэж нуцхацтай асуулаа.

1

Бид “Монгол” гэж бараг зэрэг шахам хариулсанд жолоочийн нухацтай харц зөөлөрч том тааварын хариултыг зөв таасан мэт ядарсан бухимдсан царай нь гэрэлтэн “Аан Чингээс хаан, Нара, Мажа юу” гэлээ. Бид “Еэ Еээ, үүрий Чингэс хаан айдир ээ юү” /бид чингис хааны хүүхдүүд гэсэндүү утгатай/ гэсээр бууцгаалаа.  Замын нөгөө талаас түрүүлээд ирчихсэн хэд хаая хүүе болж “за хурдал хурдал. Айл буузаа тавьчихаад хүлээгээд байна” гэж эр эмгүй хашгиралдав.

1

Өнөөх таксины “ажуу ши” над шиг сониуч эр бололтой биднийг араас харсаар л байлаа. Замын хоёр талаас дуу дуугаа авалцан чанга чанга ярих маниусыгаа хараад “Чингисийн хүүхдүүд чинь бас л сүрхий орилж ярьдаг хүмүүс байна даа” гэж бодсон ч байж магадгүй...

/Үргэлжлэл бий.../

1

Үүгээр энэхүү тэмдэглэлээ түр өндөрлье. Монголдоо очоод тухтай нухаж байгаад сонирхолтой цувралыг хүргэх болно. Төгсгөлд таагүй мэдээ дуулгахад өнөө Баянхошуунд байх өвөө минь цагаан сарын өмнөхөн энэ дэлхийгээс явчихсан. Солонгос явахаар гэнэт шийдэн билетээ аваад өглөө эрт нисэхээр болоод хөдөлж явтал өвөөг өнгөрсөн талаар мэдээг 19 цагийн орчим ар гэрийнхэн нь надад дуулгаж таарсан юм. Тэр орой нь гэрт нь очиж хэсэг суугаад гэнэт явах болсон учраа хэлээд л гарсан. Өнгөрөн өнгөртлөө ухаан саруул байж тамхиа бүтэн татаж, 100 граммаа амсаад тэгээд хэвтээд л амьсгал хураасан гэсэн. Богино хугацаанд мэдэх ч энэ орчлонд 79 насыг насалж, өнгөрөн өнгөртлөө ар гэр хань ижил, ач гучаа тэтгэж ирсэн буянтай тэр буурайд Хонь жилийнхээ анхны тэмдэглэлийн төгсгөлийн өгүүлбэрээ зориулж хүндэтгэл үзүүлье дээ. ... Ум Маани Бадми Хум.

1

Дараа сонин ихтэй эргэн уулзацгаая. Манайхаан ...

Улаанбаатар-Сөүл 2015

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Такси №116 /УБ-Сөүл/
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг