Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Такси №117
2015.3.20

 

Энэ өдрийн мэнд манайхаан. Сайхан сэтгэгдэл үлдээж өвөөгийн төлөө буяны маань шивнэсэн хүн бүрт талархья. Надтай адил таксинд явдаг Хонгорзул гэдэг уншигчид хэлэхэд хотод ирээд холбогдоорой. TAXI Hoovon гэсэн фасе хаягаар найз болоорой гэж хэлье. Хамтдаа халтуурын сониноо хуваалцаж байя л даа.

.

...Оршил болгож буу халахад Солонгос оронд юм юм л үзэж сонслоо доо, Манайхаан. “Юм Үз”-дээ хэдэн үг хэлье дээ. Огт уулзаагүй ч бид чамайг танина. Чи болон унишигчид минь өвөөг хэзээ ч хараагүй. Гэхдээ бид хамтдаа уйллаа. Ямар ч байлаа сайхнаар хүнд дурсагдах гэдэг “сайхан” юм байна даа гэж мэдэрлээ. Юм Үз-ийн хувьд хэлэхэд бидний санаж байгаагаар өвөөд 3 удаа 50 доллар илгээсэн. Одоогийн ханшаар 300-аад мянган төгрөг. Тухайн цагт цөөнгүй уншигч өвөөгийн гэр бүлд сэтгэлийн хандив өгч байсаан. Зарим нь шууд гэрт нь очоод өгч байсныг би бичиж байсан. Мэдээж асуудал мөнгөний дүндээ биш. Алс хол орноос чиний шилжүүлж байсан мөнгө хилийн чанадад суугаа мянга мянган монголчуудын минь “эх орноо”, эгэл нэгнийгээ гэсэн сэтгэлийн илгээмж байсан гэж ухаарч байна. “Үхэвч эндээ” гэдэг шиг хүн хэдий хол байвч Монгол хүн байхын мөн чанар, элгэн нэгнээ гэсэн эв нэгдлийн илэрхийлэл байсан гэж бодож хувьдаа үнэлж байна. Ийм л ард түмэн байдаг учраас бид монголчууд өдий болтол тусгаар улс байж тэсч байгааг би өөртөө ухамсарладаг. Эх орон аюулд тулгарахад цэцэн бууны урдуур цээжээрээ орохгүй ч сэтгэл дэвсэж бүхнээ өгөх миний монголчууд хүний газар даанч олуулаа тарсан байгаа санагдлаа.

.

Би энэ нийтлэлүүдээ элдэв хуурмаггүй, чин сэтгэлээр хийдэг. Хэдэн хүн  уншдагаар нь би цалинждаггүй. Мөнгөждөггүй. Энэхүү сайт эндээс мөнгө хардаггүй. Саяхан би вээр түрээсээ тасалдуулсаар таксигаа зогсоохдоо хүрлээ. Машинаа хураалгалаа. Гэхдээ санаандгүй эхлүүлсэн бичлэг минь хоёр жил явахдаа 20.000 орчим хүний хүртээл болжээ. Баярлаж байна. Урамшиж байна.

1

Урьд нь би байнгын сэтгэгдэл үлдээдэг уншигчиддаа дурьдахад 20-оод хүнийг нэрлэж чаддаг байлаа. Одоо тэр нэрс олон болжээ. Бүгдийг нь нэрлэхэд цаг их орж, ой санамжаа сайн ажиллуулах шаардлагатай болсон байна. Зарим нэг уншигч эндээс гарсан ч бид үгүйлж бие биенээсээ асууж байдаг нь сайхан.  Коммент бичдэггүй ч нийтлэлийг минь байнга уншиж эгэл амьдралын баяр гунигаар цуг аялж байдаг олон уншигчтайгаа би мэдэрдэг. Энэ урмаараа бичсээр байна. Би такси барьж амьдралыг байгаагаар нь буулгах гэж хичээдэг минь чин сэтгэлийн минь зүтгэл байдаг. Үүнийг бурхан байдаг бол гэрчилнэ. Би та бүхний нэгэн адил гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг. Ямар нэг сөрөг үнэлэмжээр миний энэ бичлэгт эсрэг бодол тээдэг хүмүүс бий. Миний ойрын найз нөхдийн хүрээнд ч байдаг.Үүнийг би тоодоггүй. Би таксинд явахдаа үнэнч жолооч байхыг эрмэлздэг. Амьдралд хамгийн энгийн замаар холбогдож хүмүүсийн сэтгэлийн дэмээр урагшаа явахад энэ бичлэг намайг хөтөлж байдаг. Би хэн байх, ямар үзэл бодолтой байх, улс төрийн ямар байр суурьтай байх нь энэ бичлэгт минь хэзээ ч нөлөөлж байгаагүй. Яагаад гэвэл эгэл жирийн хүмүүсийн амьдралын үнэнийг сонсч, харж заримдаа тэдний гэрч болж явахдаа би 33 жил гараа тахир болтол жолоо мушгисан аавтайгаа хамт нэг машины  кабинд хүүрнэж яваа мэт санагддаг. Хааз, конс гэж холхисоор ядарлаа гэж ялархалгүй өнгөрүүлдэг “миний халтуур” гэж тусдаа байдаг аа. Үүнийг ойлгодоггүй, бичлэгийг минь мөнгөөр хардаг хүмүүс байдаг. Гэхдээ яахав...

.

Ядаж буянтай буурал С.Нямжав өвөө шиг үхэлтэй халз тулж энгүүн нэг гар бариад энэ хорвоогоос “яг цагтаа” явж чадах юмсан даа гэж нэгэн эгшинд би бодсон... Энэ ухаарлыг би таксинд явж байсан тохиолд бодитоор харж мэдэрсэн..

Сэтгэл хөдөлж их зүйл нуршсан бол хүлцэл өчье. Ингээд гол зүйлдээ бюу Солонгос орноос бөөгнүүлсэн бичлэгээ үргэлжлүүлье.

.

Будант Бусан

.

Адал явдал бас жижиг асуудал Сөүлд байхаас эхэллээ. Нөхдийн төлөвлөсөн ажлын биелэлт Сөүлд 20 хувь байсан тул бид Бусан яаралтай явахаас асуудал эхлэв. Хүрээлэн буусан буудалдаа иртэл манай хэд Бусан явахаар цүнх саваа бэлэн болгожээ. Харин яаж явах дээр асуудал үүсэв. Хэлсэн болзсон зардал байхгүй болсон тул нэг хэсэг нь автобусар явах болсон талаар багийнхан учирлав. Миний бие тэр автобусанд явах хэсэгт хуваарилагдсан байлаа.

.

Энэ үед буудалд маань нэг эмэгтэй нөхрийн хамт ирсэн байв. Нөхөр нь солонгос эр. Нэр нь мэдээж “КИМ”. Солонгос улсад олон КИМ байсан байгаа бөгөөд бидний “Баагий” гэдгээс бас өөр л дөө. Би л хувьдаа Жонжу гэх хотод явж байхдаа бараг л анхны билүү сая дахь ч билүү нэг “КИМ”-д зориулсан хөшөө харж байсан санагдана. Монгол хүмүүсийн минь хувьд сайнтай муутай олон “Ким”-тэй таарч байсан биз. Гэхдээ энэ КИМ харин “мужик” байлаа. Манай Одноогийн Ким бидний асуудлыг хэсэг сонсоод “оо үгүй ээ” гэж зөөлөн хэлээд босоод ирлээ. Тэгээд за “кажа” /явцгаая/ гэснээр асуудал шийдэгдэж бид хамтдаа явахаар болов. Хоёр хуваагдаж такси барилаа. Миний бие өөрийн багийн хамт нэг таксинд тусдаа суулаа. Бага зэрэг бөглөрч 20-оод минут явснаар болзоот галт тэрэг хөдлөхөөс 10 минутын өмнө ирж амжив.

.

Бусан хүрэх аялалд нэг хүний билет 45000 болсон бөгөөд бүгдийг солонгос хүргэн даасныг сонсоод яльгүй санаа зовсон ч ширэн нүүрлэн суулаа. Бид яарсаар хоол идэж чадаагүй, уралдах гэж буй морь шиг нэлээн гэдсээ татаж хоолоо сойсон байдалтай галт тэргэндээ суучихав. Би амжиж аяга пиво авч орсон нь миний давуу тал болов. Суудал хөдөллөө. Сайхаан, сүнгэнээд л байгаа бололтой. 230 км/цаг гэж зааж байгаа л харагдана. Манай Со хүргэн хайр халамжаа үргэлжлүүлэн биднийг тараг, гадил, ундаагаар дайллаа. Манай хэд бас үүцээ задалж цагаан сараар амьтан ах дүүдээ амсуулах гэж авч ирсэн ул боовноосоо тарааж амсуулав. Бондойгоод явчихлаа. Ингээд хоёр цаг гаран гишгүүлээд Солонгосын хоёр дахь том хот болох Бусанд ирлээ. 4 сая орчим хүнтэй далайд тулж байрласан хот. Аялал жуулчлал бас хүнд үйлдвэр хөгжсөн гэдэг юм билээ. Усан онгоцны том үйлдвэртэй түүнийг хаяалсан оросууд ихтэй гэж байгаа. Манай Монгол таун гэдэг шиг Оросуудын гудамж ч байна. Тэр оройдоо мэдэмхийрч байж сүргээс жоохон тасарч төөрөөд. Өнөөх оросуудын бололтой гудамжаар нь орж явчихав. Биеэ үнэлэгч нар нь барууны кинон дээр гардаг шиг тоомсогных шиг урт хөлөө ачаад зогсчихсон байгаа харагдана лээ. Том том нөхөд тамхиа татаж шүлсээ хаяад л. Би хөөрхий төөрсөн байдалтай явахдаа хамт яваа нөхрийн цүнхтэй камерийг үүрчихсэн явж байсан юм. Тэр камерийн цүнх нь нэг тийм хуучны портфель дипломат гэдэг шиг хавтгайдуу цагаан өнгөтэй. Мөнгөний цүнхтэй төстэй харагдаад. Нэг мэдсэн миний араас хоёр шкаф шиг шар нөхөр манийг сонирхсон байдалтай дагаж байна ккк. Ширүүхэн алхсан араас мөн л ширүүлж байна. Байдал бас бишдэж магадгүй ойлгосон би тэгсгээд зогсож нөгөө цүнхийг нь уудлаад камерийг гаргаж худлаа үзэв. Гэтэл ашгүй манай хоёрын сонирхол бууж намайг намнах хүсэлгүй болсон бололтой тэндээ тамхиа татсаар үлдлээ. За энэ ч яахав.

.

За тэгээд бид Метродож алхаж таксидсаар Со хүргэнийд ирж хонохоор болов. Нэлээн дээхнэ үеийнхэд тооцогдох юм байна. Бараг л далайнхаа эрэг дээр. Тэр байшингийн гадаа машин тэргээ паркалсан байгаа энэ тэр гэж янзтай янзтай. Гэр нь ерөнхийдөө манай л хорооллын 3 өрөө байр шиг зохион байгуулалттай юм. Харин цонх нь их цэлгэр том. Ганц шил сөжү ёсолчихоод хүргэнд гарын бэлэг нэг алтан Чингисээ барьчихаад гарч далайн эрэг, гүүр энэ тэр сонирхлоо.

Цас мөсний орноос ирсэн хүнд далайн давалгаа сонсох, бороо дуслахыг мэдрэх сонин л  байлаа...

.

Маргааш өглөө

.

...Хүмүүс сэрчихжээ. Нэг хоёроороо хоол эргүүлээд эхэлсэн харагдана. Олуулаа явахад эртхэн тухалж нэрэлхэхгүй идэх дүрэмтэйг мэдэх би бушуухан өндийн хоолны ширээний ард байраа эзэлж авлаа. Өглөөний хөнгөн цай банантай сүү уугаад далай тийш хүргэний хамт гарлаа. КИМ хүргэн нэг телевизийн чиглэлийн байгууллагад инженер хийдэг гэнэ. Манай хоёр ханилан суугаад 16 жил болж байгаа. Хүү охин хоёртой юм байна. Монголоор бараг л ярихгүй юм. Эхнэр нь өөрийнх нь хэлээр ус цас шиг яриад байхаар тэр биз. Монгол хэлэнд тун муу. Харин нэг үгийг үнэн сайхан дуудлагатай сэтгэлд хүртэл хэлэх юм даа. “Ай яанаа, аймаараа аймаар” гэх үг.

.

Би манай хүнд бизнес санал хэлж энэ байраа буудал болгоод манайхаас жуулчин авдаг болооч. Бусан чинь далайн эрэг дээрээ гоё хот байна ш дээ гэсэн шүү юм эвлүүлж хэлтэл манай хүн “Монгол ах дүүтэй ажил ярина аа.. ай Аймаар хэцүү... Яанааа яанааа” гэсгээд инээв. Би ч хариу инээв. Харин дараа нь жуулчин зөөдөг жижиг автобус аваад Монгол ахан дүүсийг Бусан тур хийлгэх бодолтой байгаа талаараа нэлээн ажил хэрэгч ярилаа. Ингээд өдөр дунд голлож ирэхэд хүргэн хоолонд даалаа. Пүдэ Жигэ гэж бүх юмны холион бантан болсон сайхан амттай хоол идэв. Ингээд гол ажилдаа орохоор бид хөдөллөө.

.

Гол ажлынхаа тухай ер нь хэлээгүй яваа юм байна . Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв, БНСУ дахь Ардчилсан хүчний холбоо зэрэг хэд хэд хэдэн байгууллага хамтарч Сөүл, Бусанд ганц биеэр байх залууст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “Амьдралын үнэ цэнэ” уулзалт ярилцлага хийхээр явсан багт би багтсан юм. Миний биеийг явахад “Топиус” компани ивээн тэтгэж зардлыг маань өгөх болсон, би бас монголчууддаа эрүүл мэндийн булцуут цайг сурталчлах үүрэг хүлээн явсан хэрэг. Үнэхээр эрүүл мэндэд тустай хүний газар чийг баманд байгаа хэддээ явуулмаар цай байна лээ шүү. Намайг сурталчилсан сурталчлаагүй тэндэхийн Монголчууд маань мэдэж байна лээ дээ.

.

Доргио авсан бичил шоу

.

Ингээд Бусан дахь монголчуудтай хийх уулзалт болов. Манай Ким, Одноо хоёр аялал жуулчлал эрхэлдэг компанитай бас “СОД” гээд монгол хоолны газартай. Тэр зааланд бид монголчуудтайгаа уулзалдлаа. Сайхан залуучууд. Дээд тал нь 10, доод тал нь 5 жил болсон гэцгээж байна. Бас нэг бүсгүй солонгос гэр бүлтэйгээ хамт ирлээ. Хоёр хөөрхөн тэрсхэн охинтой юм. Нөхөр нь гээд 30 гаран насны солонгос эр байна. Монголчуудын ингэж уулзах бас жаахан доргиход дассан бололтой архи дарс уухгүй ч залхсан царайгүй л суугаад байна. Манай хэд зорилгоо хэлж товч лекц зөвлөмж өгснөөр илэн далангүй ярьж хөөрч ууж идэж дуулж хуурдах дэд хөтөлбөртөө шилжлээ. Би завсар зайгаар нь залуустай яриа өдөж хууч хөөрч суулаа.

.

Нээлттэй сайхан ярьдаг залуус байна. Хараар байдаг ч гэр бүлтэйгээ байгаа гэх хоёр ч залуу байна. Бусад нь “хунжа”, ганц биеэрээ гэнэ. 9 жил болж байгаа нэг залуугаа хамгийн их мөнгө хийсэн гэж хэллээ. Хэд вэ гэсэн 60 сая гэлээ. Би хэдийгээр баян биш ч залуусаа өрөвдлөө. 10 жил шахуу хүний газар зүтгээд нэг өрөө байр арай л гэж авах мөнгө хураажээ. Зам завсарт нь аав ээж гэр бүлдээ байнга л мөнгө явуулж тэтгэж байсан байж таарна.

.

“Мөнгөө хийгээд л байдаг тэнд байр орон сууцны үнэ өсөөд л байдаг. Тэгэхээр чинь яаж буцахав дээ ах минь” гэж Түвшээ гэх залуу хэллээ. Гэхдээ одоо ёстой больё, он гаргаад Монгол руугаа буцья гэж хатуу шидсэнээ мөн хэллээ. 30 гарч яваа энэ залуу гэр бүлгүй. Гэрлээгүй гэнэ. “... бас хэцүү юм даа, олон жил ганцаараа” гэж би хэлсэнд “Зүгээрээ ахаа нэг сайхан дурлаж бол үзсээн дүү нь” гээд санааширлаа. “Одоо тэгээд амьдрал зохиож сайхан амьдрах цаг чинь болж дээ” гэж би урам өгөөд тэгсгээд таагүй сэдвийг орхилоо.

.

Орхихоос ч өөр арга байсангүй. Тайзан дээр Харшийн Баска гараад иржээ. Манай хүн “За ингээд элэг нэгт Монгол ахан дүүстээ зорилж ая дуунаасаа барья” гэснээр доргио үдшийн бичил шоу маань эхэллээ. Өнөө хүргэн хүү КИМ маань пультэн дээр сууж DJ хийлээ. Тайз, гэрэл чимэглэл эффект янзын. Утаа мутаа манан хүртэл тавьж байгаа харагдлаа.

.

“Хос залуус гэдэг аз жаргалтай. Хоёулаа бүхнээс дутахгүй хайрт минь” гээд л Баска ч явлаа даа. Амьд дуу, сэтгэл хөдлөл 100 граммтай хавсарч заалны “настроен” дээд зүгтээ хүрч  залуус бүгд түрэн дууллаа. 20-оод залуус хижээл насны хэдэн бүсгүй бас нөгөө солонгос нөхөртэй эмэгтэй байлаа. Тэр эмэгтэй авьяаслаг бас хөгжмийн өндөр боловсролтой бүсгүй байв. “Сая сарнай” гэдэг дууг солонгосоор тун эвлэг, хоолой мэдэн дууллаа.

За тэгээд Баска хоолой амрах хооронд манай хэд залуустай нийлж эх нутгийнхаа аялгуу төгс сайхан дуунуудыг дууллаа.

.

“Бүсгүй хүний хоолой нь хөө, бүүвэйн дууны уянгатай билээ...” гээд хүүхнүүд авч өглөө. Энд тэнд аль дуулж хурдахыг тэр гэхэв. Гэхдээ энд Хангүгийн тэнгэр дор хэсэг монголчуудтайгаа дуулсан дуу бүхэн чихэнд наалдацтай сонсголонтой байлаа. Араас нь “Улаанбаатарын үдэш” намуухан түрэгдлээ. Харшийн Баска ч үнэндээ л фэнтэй, бас сайхан дуунуудтай юмаа.

.

Хөгжимчин бүсгүй үг хэллээ. “Миний нөхөр Солонгос хүн. Гэхдээ таны дуунд үнэхээр дуртай. Жолоо барьж явахдаа таны дуунуудыг тавьдаг. Анх бид хоёр танилцахад манай нөхөр монголоос харшийн дуунуудыг хуулуулаад авчихсан машиндаа тавьж надад сюрприз барьж байсан юм. Тэгэхэд одоо би тантай нүүр тулж уулзаад хамт дуулж байна. Үнэхээр сайхан бас их сэтгэл хөдөлж байна” гээд мөн энэ зааланд англи хэлний багш, хөгжмийн багш, инженер гээд тал бүрийн боловсрол мэдлэгтэй залуус байгааг бас хэллээ. Бүсгүй өөрөө хөгжмийн багш  байсан гэнэ. “Өнөөдрийнхөө, маргаашийнхаа ажлыг хөөж яваа ч бид Монголоо санаж, эх орноо мартахгүй байхыг эрмэлздэг. Бид дайчин тэвчээртэй байхыг хүний газар хичээдэг” гэж нулимс цийлэгнүүлэн чин сэтгэлээсээ хэллээ...

.

...Нутгийн гэгээн салхи минь миний үнэртэй, үрээ үлдээж үнсүүлэх нутгийн цэнхэр салхи нь... миний амьсгалаа.... гээд л эхэллээ. Сэтгэл хөдлөл, халуун уур  амьсгал ноёрхсон танхимыг би түр орхиж тамхи татахаар гарлаа. Бороо хаялж байна. Бусан хот унтжээ. Манан чийг үнэртэх эл хуль бөглүүхэн гудамжны орчимд “Монголын үнэртэй салхи минь миний амьсгалаа” гэх манайхны дуу алсхан сонсогдож байлаа...

.

Үргэлжлэл бий...

Сөүл-Бусан 2015

.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч таксич, Хоовон Хөх

Такси №117
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг