Монголбанкнаас тайлбар хийв Холливуудын одод баатруудаа дурсав Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо Стэфэн Көрри хамгийн өндөр оргилд гарлаа Фань Бинбин: Шинэ зүйлс үргэлж давтагдашгүй байдаг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д 2538,9 сая төгрөгийн зөрчил илэрчээ Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан Эдийн засаг баталгаатай биш эмзэг байгаа Хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл үү Цагаан бар хүний аминд хүрчээ NHL-ийн шигшээ цуврал өнөөдөр эхэллээ Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслахаар болжээ Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийг галаас аварчээ Вольфсбург клуб Бундеслигт үлдлээ Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав Халдлагаар 13 хүн амиа алджээ М. Ундрамын анхны ДАШТ, анхны хожил Алдаагаа засах боломж “Эрдэнэс Mонгол”-ын асуудлыг хэлэлцэнэ
Улаанбаатар 22°
Төлөвшөөгүй түшээд
2017.1.5

 

Шинэ парламент бүрдсэн энэ хагас жилийн хугацаанд  эдийн засаг сэргэж, иргэдийн амжиргаа дээшилсэн зүйлгүй. Харин ч гал дээр тос нэмнэ гэгчээр шинэ гишүүдийн үг, үйлдэл хямрал дээр бухимдал нэмж олны шүүмжлэлд үе үе өртөх боллоо. Төрийн түшээд нээлттэй парламент гэхээсээ нээлттэй нийгэмд амьдарч байгаагаа мэдэж л баймаар.

 

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн суудал авч, дангаар Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа. Аль нэг нам олонхи бус олон суудалтай парламентад  асуудал шийдвэрлэгдэхгүй хойшилдог, намын бүлэг хурлыг орхин гарсан тохиолдолд ирц бүрдэггүй. Цаашлаад Засгийн газраа үе үе огцруулж, тогтворгүй байдал үүсгэдэг нь эдийн засгийн хямрал, иргэдийн амжиргаанд нөлөөлдөг өнгөрсөн жилүүдийн сургамжийг өнөөдөр сонгогчид бид нуруун дээрээ үүрч яваа. Тиймээс ч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг намд дангаар төр, засгаа бүрдүүлж, мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэх  боломжийг олгосон. Гэвч төр барих дээд  боломжийг түмний эсрэг ашиглах үйлдэл давтагдах вий сэрэмж сонгогчдод бий.  Ирэх жилүүдэд эдийн засаг сайжирч, эх орны хөгжил урагшлахгүй бол хариуцлага тооцох хугацаа ирнэ гэдгийг ч өнөөгийн эрх баригчид юу эс андах билээ.

 

Нөгөөтэйгүүр үнэмлэхүй олонхиос бүрдсэн шинэ парламент  түшээдийнхээ   бие авч явах соёл, ёс зүйн доголдлыг заах, засах, засварлахаас ажлаа эхлэхийг нийгэм шаардаж байна. Парламент дөнгөж бүрдээд, Засгийн газраа байгуулах үед  сайдад нэр дэвшигчийг дэмжин үг хэлж байгаа  УИХ-ын гишүүн нь “Тэр ахыгаа дэмжиж байна, энэ эгчдээ баярлаж байна” гээд л парламентын үг хэллэгээс гажаад эхэлсэн.  Байнгын үйл ажиллагаатай парламент байгуулагдаад 25 жил болж байна.  Анхны парламентыг бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд бие биенээ хуралдааны үеэр хэн гэж дуудах вэ гэдэг  үг хэллэгээсээ эхлээд дэг тогтоосон байдаг. “УИХ-ын гишүүд бие биенээ “эрхэм гишүүн ээ”  гэж, хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд хариулах эрхмийг албан тушаалаар нь цоллож, албан тушаалд  дэвшиж байгаа бол “нэр дэвшигч тэр” гэж дуудахаас парламентын дэг, соёл эхэлдэг.

 

Анх удаа шинээр сонгогдсон түшээдийн хувьд наад захын энэ үг хэллэгийг хажуудахь зөвлөх нь хэлээд өгчих хэрэгтэй л дээ. УИХ-ын гишүүний туслахаас гадна   “зөвлөх” гэсэн орон тоо нэмэгдсэн.  Нэг УИХ-ын гишүүн хэд хэдэн зөвлөхтэй.  Зөвлөхийн орон тоо   76 гишүүнээс ч давсан. Хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, тойргийн асуудлыг тойрсон хүрээнд гишүүндээ зөвлөөд, чиглүүлээд аваад явдаг чадварлаг зөвлөхүүд бий.  Зарим нь ч гишүүндээ байтугай өөртөө ч зөвлөгөө авах хэмжээний нөхөд цохиж л явна лээ.  Туршлагатай парламентчид бол зөвлөхдөө зөвлөнө үү гэхээс зөвлөгөө аваад байхгүй. Шинээр сонгогдсон эрхмүүдийн хувьд зөвлөх шиг хэрэгтэй хүн үгүй баймаар. Зөвлөхөө зөв сонгоогүй түшээд л үг, үйлдлээ шүүмжлүүлж, олны бай болж байгаа талтай байх гэх олны яриа ортой шүү.

 

Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр сөрөг хүчний цөөн гишүүний хэлсэн үг, шүүмжлэлд олонхийн бүлгийнхэн  ар араасаа тайлбар хийн, хүний олноор тал бүрээс нь дайран давшдаг  дутагдлыг намрын чуулганы энэ өдрүүдэд сонгогчид бид цэнхэр дэлгэцээрээ харж, мэдэрч байгаа.  65:11-ийг харьцуулшгүй л дээ, О.Баасанхүү гишүүн л гандан буурахгүйгээр хуралдаан болгон дээр сууж, хэлэлцэх асуудал бүрт үг авч, мэтгэлцэж байгаа нь харагддаг.  Бие даагч С.Жавхлан гишүүн чуулганы  хуралдаанд хааяхан үгээ хэлдэг. Тэрбээр саяхан үг хэлж байхдаа өөдөөс нь шоглонгуй харж суусан олонхийн бүлгийн нэгэн эрхэмд хандан “Та намайг үг хэлэх болгонд тавласан өнгөөр хардаг. Дэмий шүү, би үгээ хэлсээр байх болно” хэмээн байр сууриа хамгаалж харагдсан. Үнэмлэхүй олонхи сөрөг хүчнийг 11 эрхмээр төлөөлвөл эндүүрэл.  Өнөөдөр үнэмлэхүй олонхитой парламентыг сонгосон 1.3 сая сонгогч тэр чигтээ сөрөг хүчин гэдгийг байнга санууштай.

 

Олонхи дотроосоо  анх удаа сонгогдсон эмэгтэй түшээд  олны шүүмжлэлд илүүтэй өртөж байгаа. Хойд Солонгост хийсэн анхны ажлын айлчлалын үеэрх гишүүдийн  хувцаслалт, Их хурлын даргын Араб улсад хийсэн айлчлалаар албаны уулзалтад богино банзал өмссөн дипломат ажилтан  гээд  олны хэл аманд дагуулсан.  Ер нь Төрийн ордонд гишүүд байтугай сэтгүүлчдэд ч “dress code” буюу албаны ажил хэрэгч хувцаслалтыг шаарддаг.  Албаны хувцаслалт гэдэг хэн нэгнээс өндөр үнэ, брэнд , өнгө алагласан хувцаслалт шаардаад байдаггүй. Энгийн даруу, зөв боловсон байдал л шаарддаг.

 

Улаанбаатарын иргэд бид өдөр бүр хоолой хорсгосон утаа, угаар амьсгалан ажилдаа ирж, харьж явна. Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч эрүүл мэнд, урагт сөргөөр нөлөөлсөөр ирлээ.  Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдол, Улаанбаатарын утааны эсрэг  шуурхай арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй хэмээн гишүүн Г.Мөнхцэцэгийн шүүмжлэл,  түүний хажууд хээв нэг бохь зажилан суух Н.Амарзаяа нарын үг, үйлдэл  эрүүл мэндээрээ хохирч яваа олны зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэв. Ер нь гишүүд энэ үед ихэвчлэн гадаадад томилолттой явдаг болохоороо агаарын бохирдлыг хор уршгийг мэддэггүй байж магадгүй. Өнөөдөр л гэхэд М.Билэгт, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан гээд гадаадад томилолтой явж байна. Чуулганы хугацааны тэн хагасыг гадаадад томилолтой, чөлөөтэй өнгөрүүлэх нь парламентын энгийн үзэгдэл.

 

Цаашдаа энэ мэт төлөвшөөгүй түшээдийн авир, үйлдэл хэр давтагдахыг таашгүй. Шинэ парламентын төрийн түшээд “бие засаад дараа нь төрөө зас” гэсэн  дээдсийн үг захиасыг байнга санаж  явууштай даг.

Н.Энхлэн

 

Төлөвшөөгүй түшээд
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 30, Мягмар гараг