Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч саналаа өгнө “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ Зөөврийн хайрцгаар санал авч байна Нийслэлд 936 мянган сонгогч санал өгнө Сурталчилгаа өндөрлөж, сонголт хийх үлдлээ Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй Ерөнхий сайд ”Говь”-д зочилно СЕХ-ноос уриалга гаргажээ Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад тохиромжгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэж байна 10 дугаар хорооллын туслах замыг шинэчилнэ “Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо Сонгогчдын хуруунд бэхээр тэмдэг тавина Н.Оюундарь Европын парламентын гишүүнтэй уулзлаа 1990 оны цагаан Морин жилээс илгээсэн ЗАХИДАЛ Хэт халахыг сэрэмжлүүлж байна Хүмүүжигчдийн гэр бүлтэй уулзалт хийнэ Ихэнх нутгаар 30 градусыг давж хална Үс засуулахад тохиромжгүй
Улаанбаатар 29°
Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина
2017.3.16

Засгийн газрын хуралдаан 2017.03.15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

 

Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

 

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

 

Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох,  хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав.

 

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч, төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

 

Мөн “Оюутолгойн баяжуулах үйлдвэр”, “Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгож, зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.

 

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал  бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд үзсэн байна. 

 

 

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

 

Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг заагийг тогтоохоор санал болгосон газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрынхан танилцуулав.

 

Тухайн газарт уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан дайжих нь ихэссэн байна.  Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногт зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасчээ.

 

Уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа юм.

 

Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.

 

Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ.  Ноён уулын тусгай хамгаалалтад авсан газар нутагт уул уурхайн ашиглалт, хайгуулын 5 тусгай зөвшөөрөл олгосон байна.

 

Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын эргэн тойронд Зурамтай, Хужирт, Сүжигтийн амаар Хүннүгийн үеийн түүхэн дурсгал ихээр олддог. Дээрх газар Хүннүгийн үеийн булш гэхэд л 200 гаруй байдаг юм.

 

Байгалийн нөөц газар, түүх, соёлын дурсгалт газрын нөхөн олговрын асуудлаар холбогдох талтай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэх, мэдээллийн санд бүртгэхийг сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа. 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилов

 

Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов.

 

Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.

 

Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

 

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

 

НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо

 

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо. 

 

Ч.Бадрал, Т.Энхбат нарт мөнгөн шагнал олгов

 

ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.  

 

Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд амжилттай оролцож ирсэн бөгөөд онцгой амжилт гаргасан 155 хүнд Засгийн газар 1 тэрбум 430 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгоод байна. 

 

Мексик Улстай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив

 

Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив.

 

Мексикийн  Нэгдсэн Улсад болдог соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармагт манай төлөөлөгчид оролцож, иргэдээ тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Мөн Матиас Ромерогийн их сургуулиас зохион байгуулдаг гадаад бодлогын сургалтад Монголын дипломат ажилтнууд оролцдог болох юм.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр улсын найрамдалт хэлхээ холбоо улам бэхжих бөгөөд боловсрол, соёл, залуучууд, биеийн тамир, спортын салбарын солилцоо улам гүнзгийрнэ гэж үзлээ.

 

Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

 

Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас  бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. 

 

Товч мэдээ

 

-  “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталлаа. Журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

 

-  Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр /2017-2021/-ийн төслийг хэлэлцээд хөтөлбөрийг Японы талтай эцэслэн тохирч гарын үсэг зурахыг сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв. Хөтөлбөр нь улс төр, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, соёл, иргэд хоорондын харилцаа гэсэн бүтэцтэй юм.

 

-   “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
 
 
Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 25, Ням гараг