128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно Саналын хуудсыг орон нутагт нисдэг тэргээр хүргэнэ Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна Фил Жэксон халагдаж болзошгүй БНХАУ-ын иргэд тарваснаас хордлого авчээ Монгол кино Москвад нээлтээ хийв Монгол шатарчид Зүүн Азидаа номер 1 Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшиллоо Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулна Майкл Картэр Уиллиамс чөлөөт агент боллоо Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа АН-ын гишүүд, дэмжигчид жагсаал хийнэ Рассэл Вэстбрүүк лигийн хамгийн үнэтэй тоглогч болно Сонгогчийн саналын нууцлал алдагдах магадлалтай байжээ Дэнвэр миний эхний сонголт биш УИХ-ын чуулган хуралдана Хурд хэтрүүлэх ослын тэргүүлэх шалтгаан болж байна Баян-Өлгийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа
Улаанбаатар 31°
“Эрдэнэс Таван Толгой” иргэн бүрт ногдол ашиг хүртээнэ
2017.4.17

 

Г.Ганболд: “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд ашигтай ажиллаж,  иргэн бүр  ноогдол ашиг хүртэх боломжтой болно

 

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн болон хөрөнгийн удирдлагын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.

 

Эрдэнэс Монгол компанийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийг хэрхэн даван туулах ёстой гэж харж байна вэ?

 

“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад болон “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа нэгдэл компанийн хэмжээнд алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах, өөрийн хөрөнгөд суурилсан томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх ажилд анхаарлаа хандуулж байна. 

 

Компанийн дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах, хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд захиран зарцуулах замаар өр төлбөр болон ашигт ажиллагааны харьцааны тэнцвэрт байдлыг сайжруулж  тогтворжуулах, нийт нэгдэл компанийн хэмжээнд 2017 онд тооцоолсон 1,6 их наяд төгрөгийн орлого, 400 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар бизнес төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

 

Мэдээж энэхүү үр дүнд хүрэх гол хүчин зүйл бол зах зээл дэх нүүрсний үнийн тогтвортой байдал болон төрөөс баримтлах түүхий эд худалдах гэрээний тогтвортой үнэ юм. Монголын хувьд нүүрсний экспортын гол зах зээл бол Хятад улс. Коксжих нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ Хятад улс дэлхийд тэргүүлдэг. Хятадын Засгийн газар өөрийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг нийт 150 сая тонноор, тодруулж хэлэхэд 2017 онд 50 сая тонноор багасгах төлөвтэй байгаа нь коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж магадгүй. Гэхдээ Австралид тохиолдсон үерийн гамшгаас болж 2017 оны 2-р улиралд нүүрсний зах зээлд 15-20 сая тонны хомсдол үүсэх төлөвтэй байгаа нь энэ онд нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлвийг харуулж байгаа. Иймээс бид 2017 онд нүүрсний экспортын хэмжээ төлөвлөснөөс илүү байх бололцоотой гэж үзээд төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хилийн боомт болон Гашуунсухайтын зам, талбай, дэд бүтцийг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлснээр манай компанийн  ашигт ажиллагаа, улсад төвлөрөх татвар хураамжууд нэмэгдэх, үйлдвэрлэлийн нэгж зардал багасах, худалдан авагчдын хувьд нүүрсний ачаа тээвэрлэлт нэмэгдэж хурдан шуурхай болох боломжтой. Мөн компанийн хэмжээнд эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрт гадны хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийг бэхжүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тал дээр голлон анхаарна. Эрдэнэс Монголын хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийн доод цэгийг даван туулаад өсөлтийн шатанд явж байгаа гэж үзэж байна.

 

Та алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах гэж дурдлаа. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэх шүүмж цаг үргэлж явдаг. Алдагдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулбал?

 

Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын зах зээл дэх үнийн огцом бууралт, макро эдийн засгийн ханшийн савлагаа зэрэг үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нэгдэл компанийн хэмжээнд зардлаа бууруулах, төсөв хэмнэх, хөрөнгө оруулалтын зөв оновчтой  бодлогыг хэрэгжүүлэн ажиллалаа.  Үүний үр дүнд “Шивээ Овоо” компани 2016 онд 2.1 тэрбум, “Багануур” компани 1.6 тэрбум, “Эрдэнэс Монгол” компани 51 сая төгрөгийн ашигтай ажилласан. Он дамжсан хуримтлагдсан зарим өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, ОУНББ-ийн стандарт журмын дагуу компанийн санхүүгийн тайланд тусгах үйл ажиллагаа зэрэг нь энэхүү ашигт ажиллагаанд нөлөөлсөн. 2017 онд охин компаниудын томоохон хуримтлагдсан өр төлбөрийг цэгцлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Төрийн өмчит компанийн хувьд бизнесийн ерөнхий зарчмаа баримталж ашигтай ажиллах, ноогдол ашгийн хуваарилалтыг бий болгохыг зорьж байна. Мөн нэгдэл компанийн 2017 оны төлөвлөгөөнд өртөг зардал бууруулах, уурхайн үйл ажиллагаатай холбоотой машин тоног төхөөрөмж, тусгай программ хангамжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг тусгаж, мөрдлөгө болгон ажиллаж байна. 

 

Чалкод төлөх өрийг барагдуулсан үйл явдал өнгөрсөн сард болсон. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд “Одоо компани ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломжийг бий болгохыг зорьж ажилла” хэмээн чиглэл өгсөн. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

 

6 жилийн турш сунжирсан “Чалко” компанийн өр төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссан нь “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд Засгийн газартай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүн юм. Эрдэнэс Монголын зүгээс “Эрдэнэс Таван Толгой”-н уурхайн хамтын ажиллагааны холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлцлүүдийг амжилттай хийснээр тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг 2016 оны 10 дугаар сард 33 ам.долларт, 12 дугаар 3 сард 50 ам.долларт хүргэсэн. 2017 оны 1 дүгээр сард 59.3 ам.долларт хүргэсэн. Түүнчлэн Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөж чадсан. Одоо Цанхийн Баруун болон Зүүн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Монгол Улсын орлого болж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Нэмж хэлэхэд Чалкогийн өрийг барагдуулсан Цанхийн Зүүн уурхайн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

 

Иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулж ашиг хүртэх хүлээлт их байгаа. “Эрдэнэс Таван Толгой” компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байна. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой”-н зүгээс Сангийн яамтай хамтарч, хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа, холбогдох шийдвэрийг 2-р улиралдаа багтаан гаргана гэж тооцоолсон. Үүний үр дүнд холбогдох газруудын процессийн чанартай ажлууд бүрэн хийгдэж “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны бүртгэл дуусч, иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно.

 

“Эрдэнэс Таван Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд “2018 онд гадаадын хөрөнгийн биржэд IPO хийх боломж бүрдлээ” гэж мэдээлсэн. Энэ талаар?

 

“Эрдэнэс Таван Толгой” компани IPO хийх нь гарцаагүй зүйл. IPO хийх нь компанийн хувьд санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авч хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх давуу талтай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд эхний ээлжинд хувьцааны бүртгэлээ хийж дуусгах, 2018 оны дундуур зарим урт хугацаат өр төлбөрийг цэгцэлж IPO хийх үйл ажиллагаандаа орох байх. Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, хөрөнгө татах тухай тогтоолуудыг гаргаж, чиг үүргийг өгсөн. Эдгээр ажлууд ирэх онд бодит ажил болох үндэс суурь бүрэн тавигдана гэж харж байна. Мэдээж IPO хийхийн тулд санхүү болон үйл ажиллагааны тодорхой шалгууруудыг хангасан байх шаардлагатай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд ихэнхи хөрөнгийн биржүүдийн шаарддаг санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь нэн тэргүүний ажил. Ийм учраас IPO хийх үйл ажиллагааг хангахын тулд тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй.

 

Эрдэнэс Монгол болон охин компаниудын өр төлбөрийн хэмжээ ямар байдалтай байгаа вэ? Өр төлбөрийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? 

 

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хувьд нийт өрийн хэмжээ 2016 онд 1,37 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 190 тэрбумаар буюу 14 хувиар өссөн. Үүнд “Багануур”, “Шивээ Овоо” компаниуд төсвийн хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкны богино хугацаат зээлүүдийг авч төлөвлөгөөт хөрөнгө оруулалтын санхүүжилтыг нөхсөн, валютын ханшны өсөлтөөс үүдэлтэй дотоод, гадаадын харилцагчдаас авсан өр төлбөр төгрөгийн илэрхийллээрээ нэмэгдсэн зэрэг нь шууд холбоотой.

 

2017 онд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа 900 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийн гэрээг шинэчлэх, бэлнээр төлж барагдуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний дотор “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын техникийн шинэчлэлийн хүрээнд 1996-1998 онуудын хооронд Дэлхийн банк, Японы Засгийн газраас Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн үлдэгдэл, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээл, бусад богино хугацаат өр төлбөрүүдийг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Сангийн яам болон Хөгжлийн банктай хамтран, боломжит хэлбэрээр шийдвэрлэхийг голчлон анхаарч ажиллана.

 

Эрдэнэс Монгол болон охин компаниудын хэмжээнд хяналтын тогтолцоо хэрхэн хэрэгждэг вэ? Дотоод, гадаад болон хөндлөнгийн аудит хэрхэн хийгдэж байна вэ?

 

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн тайланд жил бүр төрийн болон хөндлөнгийн аудит хянан баталгаажуулалт хийж байна. 2014, 2015, 2016 онуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж, олон улсын аудитын компаниар баталгаажсан нэгтгэсэн санхүүгийн тайлангаа гарган авсан.  Энэ нь санхүүгийн тайлангаа олон улсын стандартад шилжүүлэх чухал алхам боллоо. Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилтыг авахад нэн тэргүүнд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага нь болдог. Өөрөөр хэлбэл, охин компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг босгох бэлтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна. Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд НББ-ийн нэгдсэн бодлогын баримт бичиг, нэгдсэн санхүү бүртгэлийн цахим программыг 2017 онд багтааж бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

 

2016 оны 12 сард Эрдэнэс Монголын компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Санхүүгийн үйл ажиллагааны аудит, мониторингийн хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нэгж нь охин компаниудын үйл ажиллагааны бүхий л цар хүрээнд дотоод хяналт явуулж, гарч болзошгүй эрсдлийг илрүүлэх, бууруулах,  зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь засч сайжруулах зорилготой.

 

Одоогийн байдлаар танай компанийн хөрөнгийн бүтцэд ямар компаниуд байгаа вэ? Толгой компанийн хувьд охин компаниудын менежментэд хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийж байгаа талаар

 

Манай компани нь “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа болон Тавантолгой - Гашуунсухайт авто замыг эзэмшдэг. Мөн “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК болон "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК зэрэг компаниудыг нэгдлийн бүрэлдэхүүндээ багтаасан. 2017 оноос төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж “Эрдэнэс Ашид”, “Эрдэнэс Стийл” хамтарсан компаниудыг байгуулаад байна. Эдгээр компани бүр ашигтай ажиллах, өмнөх жилүүдэд хуримтлагдаад буй өр төлбөрийг барагдуулах зорилготой 2017 оны төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байгаа. Үүнээс “Эрдэнэс Таван Толгой” компани энэ онд 1,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 280 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван толгой” компаниудын хувьд Хөгжлийн банкны зээлийн хуримтлагдсан хүүгийн өглөгийг өөрсдийн хүчээр төлж барагдуулахаар энэ ондоо хүчин чармайлт гарган ажиллах болно.

 

2017 оны батлагдсан төлөвлөгөөгөөр нэгдлийн томоохон компаниуд болох “Эрдэнэс Монгол”,“Эрдэнэс Таван Толгой”, “Шивээ Овоо”, “Багануур” компаниуд бүгд  ашигтай ажиллана. Ашигт ажиллагааг хангаж ажиллах тал дээр толгой компанийн зүгээс дэмжлэг туслалцаа, чиглэлүүдийг өгч, охин компаниудад төрийн зүгээс зайлшгүй шаардагдах шийдвэрүүдийг гаргуулах тал дээр шуурхай ажиллах болно.

 

Толгой компани нь “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын нэмэлт хувьцааг гаргах, төрийн мэдлийн хувьцааг Засгийн газрын тогтоолын дагуу тогтсон хувь хэмжээгээр арилжаалах, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулан хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлж, улмаар компаниудад шаардагдах үйлдвэрлэлийн шинэчлэл, тоног төхөөрөмж механизмийн хөрөнгө оруулалт,  үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр хяналт тавин ажиллана.

 

Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, сайн засаглалыг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилгоор Азийн хөгжлийн банкаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааны бүхий л чиглэлд нь удирдлагын менежментийг сайжруулах, мөн нэгдсэн “ERP” системийг нэгдэл компанийн хэмжээнд шат дараатайгаар нэвтрүүлэх болно. Мөн бид охин компаниудын ордын үнэлгээний ажлыг энэ онд эхлүүлнэ.

 

АХБ-тай хамтран хэрэгжүүлэх уг төсөл нь төрийн эзэмшлийн компаниудын алдагдлыг багасгаж, ашгийн нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

 

Тэгж хэлж болно. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Үүний хүрээнд нэгдлийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай удирдах зориулалттай нэгдсэн ERP системийг нэвтрүүлснээр нэгдсэн санхүүгийн систем болон худалдан авалтын нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлтийг бодитоор хийх, удирдлагын шийдвэр гаргалт сайжрах, ажлын бүтээмжийг үнэлэх, төслийн менежментийг үр ашигтай ашиглах, төлөвлөх, охин компаниудад хэрэгжих төслүүдийг хамтран оновчтой удирдах зэрэг маш олон давуу талыг бий болгоно.

Өнгөрсөн онд танай нэгдлийн хэмжээнд хэдий хэмжээний татвар, хураамжийг Улсын төсөвт төвлөрүүлсэн бэ?

 

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд 2015 онд Улсын төсөвт нийт 60,7 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 53 хувийг “Эрдэнэс Таван Толгой” дангаараа эзэлсэн. 2016 онд “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын борлуулалт нэмэгдсэнээр Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээ нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Улсын төсөвт 96 тэрбум төгрөгийг төвлөрүүлж өмнөх оны үзүүлэлтээс 58%-аар өссөн амжилтыг гаргалаа. 2017 онд  284 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхийг зорьж байна. Энэ онд “Эрдэнэс Монгол” компанийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид анх удаа ашигтай ажиллаж, дангаараа улсын төсөвт 4,06 тэрбум төгрөгийг төвлөрүүлж Шилдэг татвар төлөгчдийн 14-т жагслаа.

 

2017 онд уг амжилтаа бататган Улсын төсөвт хамгийн их мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах, Монголын иргэн бүрт төрийн эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хувь  хүртээх тал дээр чармайн ажиллах болно.

 

Ярилцсанд Танд баярлалаа

Эх сурвалж: Өдрийн сонин

“Эрдэнэс Таван Толгой” иргэн бүрт ногдол ашиг хүртээнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг