Ерөнхийлөгч болох шаардлагыг өндөрсгөе Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа Хур хог хаягдлыг цэвэрлэлээ Фнатикын шинэ дасгалжуулагч Дилан Фалко Зүрхний хэм алдагдлын эмчилгээг амжилттай хийж байна Том Дюмулины төлөвлөөгүй зогсолт ОУВС-гийн шийдвэрийг мэдээлнэ Монгол Улсын автозамын мэдээллийг гар утсандаа үнэгүй суулгуулаарай Сэм Аллэрдайсын шинэ ажил юу вэ Тэмцээн уралдааны үеэр хамгаалалтыг чангатгана УИХ-ын 30 дугаар тогтоолоор ҮХЦ-д ханджээ Мияконожо хотын дарга бараалхлаа Антуан Гризманны Манчестер Юнайтед багт очих боломж 60% Кейт Бекинсейл: Олны танил байх амархан зүйл биш Төсвийн алдагдлыг ОУВС-гийн зээлээр нөхнө Сул шороон хөрсийг хатуу хучилттай болголоо Жоковичийн шинэ дасгалжуулагч Аггаси Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна Крис Бош эргэж ирэх үү Дэлхийн аварга Ники Хэйдэн хорвоог орхилоо
Улаанбаатар 24°
“ZEV FIGHT NIGHT-1” тулааны тэмцээн болно
2017.4.18

 

Ирэх сард Монголын тулааны ертөнцөд тун чухал хоёр тэмцээн болох гэж байна. Энэ хоёр тэмцээний талаар гадаадын хэвлэл мэдээллээр хэдийнэ бичиж нийтлэн, дэлхийн алдар цуутай тамирчид сонирхоод эхэлжээ. Монголын холимог тулааны “ЗЭВ” холбооноос тавдугаар сарын 6-нд АСА циркт “ZEV Fight Night-1” тэмцээн зохион байгуулах гэж байна.

 

Тус тэмцээнээс шалгарсан тамирчид 28-нд Японы Нагоя хотод болох “STAND FIGHTING NETWORK K-ING” олон улсын тэмцээнд оролцох эрх авах юм. Монголд болох тэмцээний талаар Японы хэвлэлүүд бичсэн бол Кикбоксын дэлхийн аварга, Оросын “FIGHT NIGHTS” холбооны гүйцэтгэх захирал Бату Хасиков инстаграм хуудсаараа дамжуулан “Зэв” холбоотой хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

 

“ZEV Fight Night-1” тэмцээний талаар “Зэв” холбооны үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Баярбямбатай уулзаж, тодрууллаа.

 

-Тэмцээний бэлтгэл ажил хэр явагдаж байна? Манай уншигчдад “Зэв” холбооныхоо талаар танилцуулаач.

- Бид “Зэв” холбоог байгуулах гэж 2015 оноос ярьж эхэлсэн. Ингээд 2016 оны Эр цэргийн баяраар албан ёсоор байгуулж байлаа. Монголын холимог тулааны “Зэв” холбоо гэсэн албан ёсны нэртэй. Холбоо байгуулах санаачилгыг би гаргасан. Манай холбоонд надаас гадна Ийгл телевизийн сэтгүүлч, тоймч Ц.Ганзориг, “Холимог тулааны цахим клуб” фэйсбүүк группын админ, холимог тулаан судлаач П.Батжаргал (Armbar Kimura), Маркетер У.Энхжин, С.Анар гээд промоутор чиглэлээр ажилладаг залуу бий. С.Анар Монголын тулаанчидаа “Legend FC” “RUFF FC” “ROAD FC” гэх олон улсын холбоодуутай гэрээ байгуулж оролцуулж байсан туршлагатай залуусын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Бид холбоогоо байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгохыг зорьж байгаа. Нөгөө талаас “ZEV” хэмээх монгол брэнд үүсгэхээр ажиллаж байна. Америкийн UFC шиг тогтмол үйл ажиллагаатай, цуврал тэмцээн уралдаан зохиодог, хүн болгонд танигдсан брэнд болох зорилготой. Аливаа брэндэд зах зээлийн сегмент чухал байдаг. UFC холбоо дэлхий нийтийг хамарсан бол “One Championship” зүүн өмнөд азид, “Road” гэхэд Өмнөд Солонгос болоод азид байх жишээтэй. Харин бидний зах зээл бол манай холбооны нэрнээс тодорхой болж байгаа байх. Зэв бол Их Чингис хааны есөн өрлөгийн нэг. Тэр утгаараа монгол туургатан дунд тэмцээн уралдаан зохион байгуулна, зах зээлээ ч монгол туургатнууд гэж харж байгаа.  

 

- Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү багийн капитан болжээ. Капитан гэхээр ямар үүрэгтэй байх вэ?

 

-Холбоогоо байгуулсныхаа дараа бид ярилцаад холбоондоо нэг манлайлдаг хүнтэй больё гэж шийдсэн. Тэргүүн, ерөнхийлөгч гээд янз бүрээр нэрлэдэг. Харин бид капитан гэж нэрлэж байгаа. Усан онгоцны ахмад гэж байдаг даа. Ингээд их аваргад санал тавьсан юм.  

 

 

-Аварга хэрхэн хүлээж авав?

 

-Асашёорюү аварга манай холбооны Ц.Ганзоригтой твиттер хуудсаараа холбогдоод гадаадаас тулааны тэмцээнд Монголоос тамирчид оролцуулаач гэсэн санал ирсэн гэдгээ хэлсэн. Тэгээд бид аваргатай уулзаад холбоо байгуулсан зорилго, үйл ажиллагаагаа танилцуулсан. “Танд гадаадын түнш их, та өөрөө мэргэжлийн спортод байсан хүн, одоо Монголд ид хөгжиж байгаа энэ спортыг дэмжиж өгөөч гэх зэрэг саналууд тавьсан. Аса аварга их дуртай хүлээж авсан. Аварга “Мэргэжлийн спортыг дэмжих ёстой. Би сэтгэл гаргаад боломжоороо хамтран ажиллана. Залуус та нар менежментээ хийгээд яв, би гадаад дотоод холбоог хариуцаад явья” гэж хэлсэн. Асашёорюү аварга өмнө нь “Монголын мэргэжлийн бөхийн холбоо”-г байгуулж, Монголд хамгийн анхны холимог тулааны тэмцээн зохион байгуулж байсан хүн. –93, +93 гэсэн хоёр жинд явуулж, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг -93-д нь, Улсын начин Б.Одхүү хүнд жинд нь түрүүлж байсан түүхтэй.

 

Тавдугаар сарын 28-нд Японы кикбоксын олон улсын холбооноос Голландын алдарт тамирчин Эрнесто Хоосттой хамтран “STAND FIGHTING NETWORK K-ING” тэмцээн зохион байгуулна. Нийт таван жинд Японы таван тамирчин олон улсын таван тамирчинтай халз тулалдах юм. Олон улсын таван тамирчны хоёрыг нь Монголоос авах санал ирсэн. 64, 67 кг-ийн жингийн ангилалд Монголоос тамирчид тулалдах болсон. Манай холбооноос энэ хоёр тамирчныг энэ сайн тамирчин, тэр ялах боломжтой гээд шууд оноохыг хүсээгүй. Шагналын сан өндөртэй тэмцээн болохоор шудрага байх үүднээс сонгон шалгаруулалт хийе гэж шийдсэн. Энэ нь 5-р сарын 6-нд болох “ZEV Fight Night-1” буюу манай холбооны анхны тэмцээн болж байгаа юм.

 

- Сонгон шалгаруулалтаа хэрхэн хийх вэ?

 

- “STAND FIGHTING NETWORK K-ING” тэмцээн кикбоксын дүрмээр явагдана. Нэг жинд дөрвөн тамирчин сонгож байгаа. Хоёр жинд найман тамирчин тулалдана. Гэхдээ сонгон шалгаруулалтыг сорилийн түвшинд биш мэргэжлийн тулааны стандартаар зохион байгуулна. Нэг жинд гурван тулаан болно гэсэн үг. Тамирчид тодорхой болсон, бүгд бэлтгэлдээ гарсан байгаа.

 

- Гадаадад Монголын нэрийн өмнөөс тулалдах нь нэр төрийн хэрэг. Найман тамирчнаа яаж сонгосон бэ?

 

- Оролцож байсан уралдаан тэмцээн, гаргасан амжилтыг нь хараад тухайн жиндээ улсдаа чансаа өндөр, шилдэг гэсэн тамирчдыг сонгосон. Монгол улсыг төлөөлж оролцоно гэдэг утгаараа “MGL-1” зэрэг мэргэжлийн тэмцээнд оролцож байсан, түрүүлж байсан бүх тамирчдын жагсаалтыг гаргаж байгаад жин тус бүрт дөрвөн тамирчин сонгосон. 

 

- Манай шилдэг тамирчид гадаад, дотоодын холбоотой гэрээ байгуулж тоглодог. Тэд энэ тэмцээнд ороход саад үүсэхгүй юу?

 

- Асуудал байхгүй. 64 кг жинд Д.Батгэрэл тоглоно. Кикбокс суурьтай тамирчин.  “MGL-1” -д кикбокс, холимог тулааны аварга болж байсан. Мөн “Legend FC”, “Ruff FC” зэрэг олон улсын мэргэжлийн тулаануудад оролцож ялалт байгуулж байсан. Д.Батгэрэл Америкт “JacksonWink” клубт бэлтгэл хийж байгаад хүрээд ирчихсэн байгаа. Ямар нэг холбоотой одоогоор гэрээгүй байгаа. Түүнтэй тоглох тулаанч бол Н.Бат-Эрдэнэ. Мэргэжилд 22 тулаан хийснээс 17 удаагийн ялалттай тамирчин. Гэхдээ холбоотойгоо хатуу гэрээгүй. Энэ жинд Шитокан Карате-ийн дэлхийн цомын тэмцээний мөнгө, “Монгол Зо”-тэмцээний мөнгөтэй,  мэргэжилд 4 удаа тулалдаж 3 удаагийн ялалттай Г.Энхбаяр тамирчин “Мишээл кик бокс”-ын Б.Гантогтохтой тулалдана.  Н.Бат-Эрдэнэ, Гантогтох хоёр Зүүн өмнөд Азид тоглодог, мэргэжилд 22-47 тулаан хийчихсэн туршлагатай тамирчид.Б.Гантогтох мэргэжлийн Кикбокс, Тайбоксоор 47 тулаан хийж 39 удаа ялалт байгуулсан туршлагатай мэргэжлийн тамирчин. 67 кг жингийн ангилалд Н.Отгонбаатар тоглоно. Кёкүшинкай каратэ суурьтай, Цагдаагийн “Ирвэс” клубын тамирчин. Каратэгийн Азийн аваргын мөнгөн медальтай, улсын хоёр удаагийн аварга. Мэргэжилд 2010 онд Ж.Нарантунгалаг гавьяаттай тоглож байсан. Н.Отгонбаатартай “Заг” холбооны аварга Г.Мөнх-Од тулалдана. Кикбоксын 65 кг-ийн улсын аварга, “MGL-1” тэмцээний аварга. Энэ жингийн нөгөө хос нь А.Мөнхбаатар – Э.Батбаяр. А.Мөнхбаатар нь MGL-1 ийн кикбоксын 65 кг жингийн аварга болж байсан. Бокс суурьтай, “Бурхан халдун” клубын тамирчин. Харин Э.Батбаяр мэргэжилд 15 тулаан хийснээс 12 ялалттай тамирчин. Спорт сонирхогчдын сайн мэддэг шилдэг тамирчдыг сонгосон болохоор маш өндөр зэрэглэлийн, гал гарсан тулаанууд гарах болно. Жинхэнэ шилдгүүд өрсөлдөх тул Монголын тулааны хөгжлийн түвшин энэ тэмцээнээс харагдана. Эндээс Японы тэмцээнд оролцох манай хоёр тулаанч тодорно. Японы талаас орох тамирчид бүгд жингийнхээ аваргын бүсийг эзэмшдэг тамирчид байгаа.

 

- Сонирхолтой сайхан тэмцээн болох нь. Ивээн тэтгэгч, дэмжиж байгаа хүмүүс?

 

- Олон хүн дэмжиж байна. Дархан Пүүжээ гээд алдартай уран дархан хүн бий. Тэр хүн сумны зэвийг хүрлээр цутгаад, оюу эрдэнийн чулуу шигтгэсэн суурьтай сайхан цом хийж өгч байгаа. Энэ цом бол тэр чигээрээ урлагийн бүтээл.  Тайланд дахь Монголын ЭСЯ-наас гэхэд тулааны бээлий, хувцас хэрэглэлээр туслаж байх жишээтэй. Exclusive брэнд Ринг охидын болон тамирчдын  хувцас, нөмрөгийг дэмжиж урлаж байгаа, “Хасбуу” студийн хамт олон тамирчдын зураг авч дэмжиж байна. Тэмцээний найруулга, энтертаймэнт талыг “Херо” студийн найруулагч Б.Баатар хийнэ. Мөн эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар дэмжиж байгаа. Энэ хүмүүс бол тулааны спортод сонирхолтой,томоохон контентуудыг анхлан бий болгосон туршлагатай хүмүүс. Олон хүний сэтгэл шингэсэн сайхан тэмцээн болно. Гадаадын том тэмцээнүүд ямар болдог, яг л түүн шиг болно. Зохион байгуулагчдын хувьд урьд өмнө тэмцээн хийж байсан туршлага байна. Дээр нь найруулга дээр мэргэжлийн орж байна. Энэ тэмцээний бас нэгэн онцлог бол дэлхийн тулааны урлагийн домог, нэрт тамирчин, К-1-ий хүнд жингийн дэлхийн 4 удаагийн аварга Эрнесто Хоост Монголд ирж, тэмцээнийг үзэж сонирхох юм. Японоос мэргэжлийн шүүгч нар ирж, манай тэмцээнийг шүүнэ.

 

- Эрнесто Хоост Монголд ирнэ гэдэг үнэхээр том үйл явдал болох нь.    

 

- Хоост 5-р сарын 4-нд Монголд ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Жин үзэх, шагнал гардуулах арга хэмжээнд оролцоно. Нэгэнт энэ домогт тамирчныг урьж авчирсных бас тамирчиддаа хичээл заалгана. Хоост нэг өдөр тамирчдад семинар хийж, туршлага хуваалцан, арга техник заана. Мөн 5-р сарын 28-нд болох “STAND FIGHTING NETWORK K-ING” тэмцээний дүрэм, зохион байгуулалтыг танилцуулах юм.

 

- Энэ алдартай тамирчинтай яаж холбогдож, хамтран ажиллахаар болов?

 

- Эрнесто Хоост Японд амьдардаг, тэнд өөрийн клубтэй. Асашёорюү аваргатай барилдаж байх үеэс нь нөхөрлөсөн анд найз юм билээ. Аваргаар дамжуулаад өөрийн зохион байгуулж байгаа тэмцээнийхээ хоёр жинд нь Монголоос тамирчин авья гэж хэлсэн. Ингээд аварга бид ярилцаж байгаад анхныхаа тэмцээнийг ийнхүү “STAND FIGHTING NETWORK K-ING”-д орох тамирчдын сонгон шалгаруулалтын тэмцээн болгосон юм. Энэ удаа кикбоксын тэмцээн зохион байгуулж байгаа ч цаашдаа бид холимог тулааны чиглэлээрээ түлхүү ажиллах зорилготой байгаа.

 

- Мэдээж том тэмцээн хийхэд зардал мөнгө гарна, “Зэв” холбооны зүгээс энэ тал дээр хэрхэн ажиллах гэж байна?

 

- Аливаа мэргэжлийн байгууллага гэдэг өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах механизмтэй байж хөгждөг. Тиймээс бид тэмцээн уралдаанаа тогтмолжуулаад явна. Тэгэхээр үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Мөн тамирчдаа олонд таниулж, алдаршуулах талаар ажиллана гэсэн зорилттой. Бизнес загвараа гаргасан. “UFC”, “One Championship”, “Road” “FIGHT NIGHTS” холбоод яаж ажилладгийг сайн судласан, Монголынхоо нөхцөлд тааруулна. Ер нь бол контент болгоно гэсэн төлөвлөгөөтэй. Контент болгож, зар сурталчилгаа, ивээн тэтгэгчидтэйгээ хамтран ажиллана. АСА цирк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Yokohama брэнд дэмжин ажиллахаар болсон.  “Golds gym”-ээс энэ тэмцээнд шалгарсан хоёр тамирчинд бүтэн жил бэлтгэл хийх эрх гардуулж, хамтран ажиллана гэх мэт ивээн тэтгэгч байгууллагууд олон байгаа.  

 

- Монголд тулааны урлагийн холбоо олон бий. Тэдэнтэй яаж хамтран ажиллаж байна? Шинэ өрсөлдөгч гэж та бүхнийг харж байна уу?

 

- Мэргэжлийн спорт гэдэг бизнесийн зарчмаар явдаг. Тэр утгаараа өрсөлдөөн нээлттэй зарчмаар явна. Гэхдээ манай жижигхэн зах зээлд шууд өрсөлдөөд эхлэнэ гэж байхгүй. Хамгийн гол нь тулааны урлагаа хөгжүүлнэ гэдэг тал дээр бүх холбоод дэмжсэн байр суурьтай байгаа. Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, “MGL-1”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхий шүүгч Ч.Наранбаатар, “MGL-1”-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөмөр, тулааны спортын клубын багш дасгалжуулагч нар их сайхан хүлээж авсан. Бүгд энэ спортоо улам хөгжүүлэх гэдэг дээр санал нийлж байгаа. Урьд нь тэмцээн уралдаан цөөхөн болдог нь гол бэрхшээл байсан. Гадаадад гэрээгүй тамирчин гэхэд бүтэн жил бэлтгэл хийгээд ганцхан “MGL-1”-д л тоглодог байсан. Ингэхээр тамирчдын ур чадвар хөгжихөд бэрх. Тэмцээн уралдааныг тогтмол зохиох хэрэгтэй. “UFC-200” гээд дугаарлаад явдаг шиг бид ч эхний тэмцээнээ “ZEV Fight Night-1” гэсэн нэрээр явуулж байгаа.

 

ОХУ-ын “FIGHT NIGHTS” гээд том холбооны Гүйцэтгэх захирал Бату Хасиков манай “ЗЭВ холбоотой хамтран ажиллахад хэзээд бэлэн” гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Энэ холбоо бол ОХУ-д том холбоо. Бидний цаашдын бас нэг зорилго бол Монголын шилдэг тулаанчдын “Team Asashoryu” гэсэн нэрээр баг гаргаад гадаадад тэмцээнд оролцох. 12 дугаар сарын 31-нд Японд болдог RIZIN холбооны Гран При тэмцээнд оролцох боломж бидэнд байгаа. Ойрын хугацаанд ОХУ, Японы холбоодтой хамтран ажиллана. Орост хүчтэй тулаанч олон бий. Судлаад байхад оросууд тулаанчидаа бүгдийг нь UFC-д гаргахаас илүүтэйгээр дотооддоо өрсөлдөөнийг нэмж, хүчирхэгжүүлэх бодлоготой байна.

 

- Байгуулагдаад удаагүй байгаа ч “Зэв” холбооныхоо ирээдүйг хэрхэн харж байна вэ? UFC-шиг болгоно гэх зэрэг төсөөлөл байна уу?

 

- Холбооноос тамирчидтайгаа гэрээ байгуулж, тэмцээнд оруулах юм бол илүү нэр хүндтэй. Тамирчин өөрөө гэрээ байгуулаад орохоор чансааны доод хэсгээс тоглоод байдаг. Шагналын мөнгө нь ч бага. “Зэв” холбоогоо, гадаадад алдартай Аса аваргатайгаа хамтраад дотоод, гадаадад таниулж чадах юм бол тамирчдаа гадны сайн тамирчидтай шууд тоглуулах боломжтой. Тамирчдын үнэлэмж, шагналын мөнгө ч нэмэгдэнэ.  Тийм болохоор холбоогоо ямар ч гэсэн улс орондоо танигдсан, чанартай сайн тэмцээн зохион байгуулдаг, гадаадад нэр хүндтэй холбоо болгохын тулд гадаадын мэргэжлийн сэтгүүл, цахим хуудсуудад тэмцээнийхээ мэдээллийг шуурхай хүргэж, тамирчдаа танилцуулах ажлыг сайн хийнэ гэж бодож байгаа.

 

- Цаашдаа ямар тэмцээн уралдаан явуулах төлөвлөгөөтэй байна вэ?

 

- Эхний хоёр тэмцээн маань кикбоксын дүрмээр явагдах эдгээр тэмцээн болно. Дараа нь холимог тулааны тэмцээн зохион байгуулна.  “ZEV Fight Night-2” гээд.

 

- Холбооноос тамирчидтай гэрээ байгуулж, жин тус бүр дээр чансаа гаргах төлөвлөгөө бий юу?

 

- Манай тулааны холбоод бие биенээ сайн таньдаг, мэддэг тул хоорондоо ярилцаж байгаад Монголын тулаанчдын нэгдсэн чансаа гаргах боломжтой. Заавал “Зэв” холбоо, “MGL-1”-ийн чансаа гэж тусдаа гаргах биш. “ЗЭВ”-ийн тэмцээн, бусад оролцсон тэмцээн болгонд оноо өгөөд явдаг байхаар. Гол нь энэ тэмцээн нь стандартын хувьд мэргэжлийн түвшинд байх ёстой.

 

- Тамирчдаа алдаршуулна гэж та ярьлаа. Энэ нь нөгөө талаас тамирчдынхаа аж амьдралыг дээшлүүлнэ гэсэн үг биз дээ.

 

- Тиймээ, холбооны хамгийн гол үнэт зүйл бол тамирчин. Тухайн тамирчин алдар нэртэй болж байж, нэгдүгээрт энэ спорт хөгжинө. Хөгжөөд эхлэхээр тулааны шагналын мөнгө нэмэгдэнэ. Мэргэжлийн спорт болохоор тэр. Тамирчдаар дамжуулан Монголын ирээдүй болсон залуучуудаа зөв сайхан хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Энэ тэмцээнээр дамжуулан бидний нийгэмд өгөх гээд байгаа гол мессеж бол “Монгол эр хүн гэж хэн бэ” гэдгийг харуулах зорилготой. Яагаад гэвэл одоо Монгол эрчүүдийн дунд бие бялдрын хувьд таргалалт ихэсч, зан аашийн хувьд хатуужил багатай болж гэж нийгэмд шүүмжлэгдээд байна. Тулааны спорт гэдэг бол эрт дээр үеийн дайн байлдааныг орчин үед буулгасан хувилбар шүү дээ. Тэгэхээр 13-р зууны үед хүчирхэг байхдаа монгол эрчүүд яг ямар байсан гэдгийг бид тамирчдаараа дамжуулж,  залуучуудад харуулж, эр хүн шиг байхыг уриалахыг зорьж байгаа. Түүнээс биш тулаан гээд рингэн дээр гараад зүгээр зодолдох хэрэг биш. Тулааны дэвжээн дээр гарахад асар их эр зориг, тэсвэр тэвчээр шаардлагатай. Тулааны спортын гүн ухаан талаас нь бас үзэгчдэд харуулах ёстой. Хүүхэд багачууд тулааны спортын тамирчид шиг болохсон гэж хүсч, мөрөөддөг болтол нь ажиллах болно. Хэр баргийн эр хүн энэ спортоор хичээллээд амжилт гаргадаг эд биш. “Цэрэг армиар тухайн улс орны сүр жавхааг мэдэж болдог. Харин тулааны спортын тамирчдаар нь улс орны эрчүүд нь хэр бяр чадалтай, чансаатай юм бэ гэдгийг харж болдог” гэсэн бичигдээгүй “хууль” байдаг.  Тийм болохоор “Зэв” холбоо жинхэнэ монгол эрчүүдийг харуулж, тодруулж, нийгэмд нөлөөлөх болно.

 

Эх сурвалж: ub.life

“ZEV FIGHT NIGHT-1” тулааны тэмцээн болно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 24, Лхагва гараг