Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна
Улаанбаатар 17°
Торгууль “авлига”-ыг өөгшүүлсэн үү
2017.4.18

 

Өнөөдөр автомашин иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон. Ажилдаа ирэх, гэртээ харих, хувь, хувьсгалын ажлаа амжуулах гээд  замын хөдөлгөөнд оролцож, түгжирч явах нь их хотын өдөр тутмын дүр зураг. Ингэхдээ зөрчил гаргаж, сарын цалингаасаа давсан төлбөр төлөх нь цөөнгүй.  

 

Төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, иргэдийн хэрэгцээ шаардлагын дагуу дөнгөж байгуулагдсан цагаасаа хамгийн өндөр хандалт авсан сайт бол Ebarimt.mn. Азаа үзэхээс гадна, наанадаж татварын буцаан олголтоо жилдээ нэг хүртэхээр иргэд худалдан авалт бүрийнхээ баримтыг цуглуулан тухайн сайтад орж баталгаажуулдаг.    Үүнтэй нэгэн адил иргэдийн хэрэглээний сайтуудын нэг нь torguuli.mn. Уг сайтаар орж торгуулийн төлбөрөө хийхээс гадна зөрчил гаргасан эсэхээ шалгадаг. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар зөрчлийн торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог. Хууль анх батлагдаж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 196000 төгрөг байсан бол саяхан өөрчлөлт орж нэмэгдсэнээр 240000 төгрөг болсон. Энэ хэрээр цалин нь нэмэгдээгүй ч торгуулийн төлбөр нэмэгдсэнд иргэд туйлын бухимдсан хэдий ч хуулиа биелүүлэхээс гарцгүй.

 

Харин эдүгээ Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх үед энэ асуудал дахин сөхөгдөж байна.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигчид оногдуулах торгуулийн хэмжээ нь хэт өндөр байгаа гэх шүүмжлэл дагалддаж байгааг хууль боловсруулагчид ч анхаарч үзсэн байна.  Учир нь орчин үед иргэд тээврийн хэрэгсэл эзэмших, замын хөдөлгөөнд оролцох нь нэгэнт тансаг хэрэглээ биш болж амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангах, орлого олох, амьжиргаагаа залгуулах чухал ач холбогдолтой хэрэгсэл болсон.

 

Ийм үед замын хөдөлгөөний нягтрал, ачаалал ихтэй, зам харилцаа төдийлөн хөгжөөгүй манай улс орны нөхцөлд жолооч зөрчил гаргах магадлал дэлхийн жишгээс өндөр. Зөрчил гаргасан тохиолдол бүрд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр түүнийг 2-3, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгож байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд торгуулийн хэмжээ өсч байна.

 

Үүнийг иргэдийн дундаж цалин буюу Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны 9 сарын мэдээллээр 888 мянган төгрөг байсан. Гэхдээ үүнээс 500 – 700 мянган төгрөг буюу түүнээс бага цалинтай иргэдийн тоо 36 орчим хувийг эзэлжээ.  Гэтэл  иргэд ажилдаа ирэх, очих үедээ гаргасан зөвхөн нэг зөрчилд нэг сарын цалингаа, эсхүл түүнээс их хэмжээний торгууль төлдөг. Мэдээж энэ нь нь хэт өндөр байна торгууль.

 

Түүнчлэн хэт өндөр торгуультай байгаа нь зөрчил гаргасан иргэдийн зүгээс  торгууль төлөхгүй, шийтгэл гарцаагүй байх зарчмыг алдагдуулж, авилга, хээл хахуулийг өөгшүүлэх, төр “шийтгэл” нэрээр төсөв бүрдүүлдэг гэх хандлагыг дэвэргэж байгаа гэнэ.

 

Иймд торгох шийтгэл оногдуулах нэгжийг тодорхойлох хэмжээг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Ийн торгох шийтгэлийн нэгжийн хэмжээг бууруулснаар торгуулийн хэмжээг нийтэд нь багасгаагүй аж.  Үүнтэй уялдуулан зөрчлүүдэд оногдуулах торгох шийтгэлийн нэгжийн тоог өсгөжээ.  Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн хэмжээ ч өсөөд байхааргүй зохицуулалт оруулахаар болжээ.

 

Цаашлаад тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд нийтийн хэв журмыг сахиулах, жолоочийн гаргасан зөрчлийг бэхжүүлэх зорилгоор дүрс бичлэгийн автомат төхөөрөмжүүдийг олноор ашиглан торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлэх журмыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч  уг харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлээгүй нь олон төрлийн маргаантай асуудлыг дагуулдаг.  Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн автомат төхөөрөмжийн тусламжтай бэхжүүлсэн зөрчилд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл эзэмшигч  жолоочид шийтгэл оногдуулах, хэрэв уг этгээд зөрчил гарах үед өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодоогүй нь тогтоогдсон тохиолдолд шийтгэлээс чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан аж

Н.Энхлэн

 

.

 

 

Торгууль “авлига”-ыг өөгшүүлсэн үү
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 30, Ням гараг