Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна
Улаанбаатар 17°
Эцэг хуулиа өөрчлөхийг дэмжиж байна уу
2017.4.20

 

Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жил болж байна. Цаашдаа ч Үндсэн хуульдаа заасан замаар Монгол Улс хөгжин урагшилна. Харин нийгмийн хөгжлийн явцад зарим нэг зүйлд өөрчлөлт оруулах шаардлага тулгардаг нь  улс орон бүрт байдаг үзэгдэл.  25 жилийн хугацаанд үйлчилж ирсэн эцэг хуульдаа бид нэг удаа өөрчлөлт оруулж байлаа.  2000 онд Үндсэн хуулинд оруулсан 7 өөрчлөлт нийгэмд өнөөдөр ч шүүмжлэл дагуулсаар байдаг.  Үүнд:

 

-Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ 45 хоногийн дотор томилно.

-Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

-Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

- Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

- Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна.

- Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах;

 

-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ зэрэг өөрчлөлтийг тус тус оруулсан байдаг.

 

Эдүгээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж байна. Ер нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах цаг болсон гэж улстөрчид төдийгүй ажиглагчид үздэг. Гэхдээ эцэг хуулиараа сууриар нь өөрчлөх бус тодорхой бүлгийг өөрчлөхөөр ард түмээсээ зөвшөөрөл авч байж “гар хүрэх” хэрэгтэй гэдэг.

 

 Энэ удаагийн санал асуулга хоёр шаттай явагдах бөгөөд эхний шат нь энэ сарын 12-ноос эхлэн явагдаж байгаа. Санал асуулга 1570 хүнийг сонгон авч, судалгаанд хамруулжээ.  Судалгаанд хамрагдах хүмүүсийг ҮСХ-ноос олон улсын аргачлалын үндсэн дээр боловсруулсан санамсаргүй түүврийн аргаар  сонгон авсан байна.

 

Зөвлөлдөх санал асуулгын судалгааны эхний шатанд хамрагдсан эдгээр иргэдээс 750 иргэнийг сонгож, энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцуулах юм. Эдгээр иргэдэд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад заагдсан үндсэн зургаан сэдвийн хүрээний 13 асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэн тодорхой мэдээлэл, ойлголттой болсны дараа санал асуулгыг явуулна. Ингэхдээ 15 хүний бүрэлдэхүүнтэй 50 бүлэгт хуваагдан санал асуулга бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм билээ.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга доорх зургаан сэдвийн хүрээнд өрнөнө. Үүнд:

 

  1.  УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах,
  2. Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс  Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох,
  3. Улс  төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,
  4. Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,
  5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах
  6. Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох дээд байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар   санал асуулга явуулах явцад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь гэсэн яриа гарсан. Гэхдээ энэ асуудлаар дөрвөн хувилбар яригдаж байгаа юм билээ. Тухайлбал, ард түмнээс, парламентаас, ИТХ-ын төлөөлөгчдийг өргөтгөөд сонгох, ард түмнийг төлөөлсөн хороо байгуулаад сонгох зэрэг хувилбар яригдаж байгаа юм байна. Гэхдээ Ерөнхийлөгчийг хаанаас сонгохыг ард түмнийг саналаар шийдэх юм билээ. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болбол өнөөдрийн бүрэн эрх нэлээд өөрчлөгдөхөөр байгаа юм билээ.

 

Ер нь санал асуулга нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хязгаараас давж гарахгүй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна лээ.  Дээд шатандаа эрх мэдлийн хуваарилалт алдагдсан, парламентаас  Засгийн газарт дарамт шахалт их болсон,  Ерөнхийлөгчид хуулиар хэт их эрх мэдэл өгсөн, төрийн дээд  байгууллагын ялгаа зааг алдагдаж, хутгалдах болсон, улс  төрийн шалтгаанаар халаа сэлгээ их хийх болсон гэх шүүмжлэл санал асуулгын явцад гарчээ.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмаар Ерөнхийлөгчийн засаглалтай эсэхээр хэлэлцүүлэг явуулах нь өөрөө хаалттай сэдэв аж.

 

Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын даргын хэлсэнчлэн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар явуулж байгаа”-г зохион байгуулагчид хэлж байна лээ.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дээрх 1500 хүний санал асуулгаар шийдвэрлэхгүй. Хуулийн дагуу сэдвийн хүрээнд  ард нийтийн санал асуулга давхар явуулна. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган   Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дээрх асуулгын талаар Ард нийтийн санал асуулга явуулах юм байна. Хэрвээ ард түмнээсээ дээрх хүрээнд өөрчлөлт оруулах  олонхийн зөвшөөрөл авбал сэдвээсээ хазайхгүйгээр төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцэх аж. Хэлэлцүүлгийн үеэр зургаан сэдвээс нэг  нь л гишүүдийн 3/2-ын саналыг  авч чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл буцаагдах юм байна.

 

Өнөөдөр парламентад МАН үнэмлэхүй олонхийн буюу 3/2-оос давсан суудалтай байгаа. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ард түмний олонхи зөвшөөрсөн тохиолдолд дараагийн алхам гацахгүйгээр явагдах боломжтой гэж ажиглагчид үзэж байгаа юм.

 

Ямартай ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг олон нийт  ч анхааралтай ажиглаж,  мэдээлэлтэй байж сонголтоо хийх биз ээ.

Н.Энхлэн 

Эцэг хуулиа өөрчлөхийг дэмжиж байна уу
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 30, Ням гараг