Улаанбаатар 29°
Гэрээ хийгээгүй ажил олгогчийг торгоно
2017.4.21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авав. Дараагаар нь Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Хуулийн төслийг гишүүн Б.Баатарбилэг танилцуулны дараагаар гишүүд үг хэлж, асуулт тавьж байна. Энэ хуулиар ажил олгогчдыг ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ хийх заалтыг тусгаж өгчээ. Хэрвээ ажил олгогч гэрээ хийгээгүй, цалинг олгоогүй тохиолдолд торгох торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгасан байна. Гишүүд ажил олгогчдод тавьсан торгуулийн хэмжээг өндөр тусгасан байна хэмээн шүүмжилж байлаа.

 

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Залуучуудыг ажил хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих нь зүйтэй. Сүүлийн үед ажил олгогчид залуучуудыг  ажил хөдөлмөр эрхлүүлэхдээ хэдэн сар туршилтаар явуулж байгаад тэнцэхгүй нь гэж цалин ч өгөхгүй халж байгаа тохиолдол их бий. Энэ талыг засах заалт оруулсныг дэмжиж байна. Гэхдээ нөгөө талд ажил олгогчийг дэмжсэн ямар заалт байна вэ?

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Туршилтын хугацаанд ажиллуулаад цалин олгохгүй байгааг зохицуулахаар энэ хуулийг оруулж ирсэн. Энэ нь барилга, үйлчилгээний газруудад их тохиолддог. Хамгийн гол нь туршилтаар явуулж байгаа нь хамаагүй гэрээ хий гэсэн заалтыг тусгаж байгаа. Ажил олгогчид оногдуулах торгууль их байж магадгүй. Гэхдээ хуулиа зөрчихгүй байх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Билэгт:

 

-Хувийн хэвшлийнхэн төрийн данхар бүтцээ дийлэхгүй болж байгаа. Гэтэл хувийн хэвшлээ дэмжихийн оронд эсрэгээр нь зохицуулж болохгүй. Үнэндээ өчнөөн дипломтой нь хамаагүй ажлыг сэтгэлээсээ хийдэг хүн хэрэгтэй. Гэтэл ажилд тэнцэх хүн олдоггүй. Ажилд тэнцэхгүй болохоор аргаа ядахдаа гадаадаас ажиллах хүчин авдаг. Иргэд гадаадад гараад ажиллачихвал их цалин авна гэж боддог. Тэнд өөрсдийнх нь орны хүмүүс хийдэггүй ажлыг хийдэг.

 

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:

 

-Дамба-Очир гишүүн Хөдөлмөрийн тухай хуулийн хэдэн зүйл заалт дээр өөрчлөлт оруулсан. Засгийн газрын түвшинд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчилж байгаа. Ирэх сард УИХ-д оруулж ирнэ. 186 мянган төрийн албан хаагч байна. Төрийн үйлчилгээг хүн амынхаа бүтцэд хүргэхэд ямар тогтолцоотой байх талаар хэлэлцэж байгаа. Зохистой харьцааг судалж гаргах нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг гарган ажиллаж байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Гишүүдийн олонхийн саналаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. 

Н.Энх

Гэрээ хийгээгүй ажил олгогчийг торгоно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 25, Ням гараг