Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна
Улаанбаатар -25°
Нүүрсний замаар: Сааралтан дуниартах ЦАГААН ХАД
2017.10.11

Бид

 

20-30 насны хоёр залуу ард “таталт хэр байгаа бол” гэж энэ тэрийг ярилцана. Харин хажууд суусан залуу “хэцүү л гэж сонсогдсон, гэхдээ үзээд алдана” гэж өөрийгөө зоригжуулан дэргэдэх хижээл насны эрээс туршлага судлан сониучирхна. Тэд бол Өмнөговь аймгийг зорьж буй манай кабиныхан. Арын суудлын хоёр залуу Тавантолгойн нүүрсийг зургаан жил тээвэрлэж буй архаг жолооч А.Төгөлдөр, Гантөмөр нар. Харин миний хажуудах залуу бол шинэков, найз нь дуудаж, жолооч хийхээр явж буй нэгэн. Түүний асуулт бүрт хариулж, тайлбарлаж буй хүн нь жилийн өмнөөс тээвэрт явж, бас ч гэж байр сууриа олсон жолооч О.Гантулга. Тэд хил ажиллаагүй дөрөв хоногийн хугацаанд хотод гэртээ ирж, амраад буцаж яваа нь энэ.

 

Жолооч О.Гантулга. Жил гаруйн хугацаанд нүүрс тээврийн машин жолоодож буй.

 

Тавантолгойн “там”-ын тухай бусдын амнаас сонссоноос цаашгүй бидэнд тэдний яриа сонирхолтой байлаа. Замын турш Тавантолгойн жолооч нарын зовлон, жаргалыг ярилцсаар Өмнөговь аймгийн Цогцэций сум оров. Тэнд бид хоёр хүнээ машин дээр нь үлдээж, “Хоёр яндант” орохоор цааш довтолгов. Тэр газар арын суудалд суусан хоёр залуугийн машин бий. Биднийг “Хоёр яндант” хүрэхэд аль хэдийнэ бүрэнхий болж, оройн сэрүү унажээ. Үүнээс цааш 190 киломерт яваад Цагаан хад орно, гэрлээ сайн шилжүүлж яваарай, урсгал сөрж явна шүү гэхчлэнгээр залуус бидэнд захиас үлдээж, эргэн уулзахын ерөөл тавин салцгаалаа.

 

Тээврийн жолооч аав нарыгаа залгамжилж яваа А.Төгөлдөр, Гантөмөр нар.

 

Жинхэнэ асуудал эндээс эхлэхийг бид төсөөлөөгүй. 190 км үргэлжлэх замын 50 гаруй нь үнэндээ аймаар байлаа. Хоёр эгнээ замын нэгийг нь 90 тоннын жинтэй, 15-30 метрын урттай шланзнууд эзлээд, дараалан зогсчихсон. Цагаан, хад, Гашуунсухайтыг чиглэж байгаа машинууд урсгал сөрөхөөс өөр замгүй. Нүүрсээ буулгасан том машинууд урдаас ирэх бүрт зогсч, урсгалаас гарч, зам тавьж өгөх шаардлагатай. Харанхуй шөнөөр нүсэр том машин зөрөх болгонд сүрдэж, суудал дээрээ өөрийн эрхгүй хазайж “зам тавьж өгөх” нь энүүхэнд. Ингэж замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, давхисаар шөнийн 02 цаг өнгөрч байхад бид Цагаан хаданд ирэв. Эхний гэр буудал хаалгаа түгжжээ, хүн дүүрсэн учраас тэр гэнэ. Харин дараагийн хаалга нээлттэй, нэг хоногийн 15 000 төгрөгийн үнэтэй, дөрвөн ортой чингэлэгт бид тухаллаа.

 

Хоногийн 15 000 төгрөгийн үнэтэй буудал.

 

Талхлагдсан суурин

 

Өглөө болжээ. Тэнгэр бага зэрэг үүлэрхэг, цаг агаар тогтуун. Харин Цагаан хад, Гашуунсухайтын боомт орчим бол бүүдгэр, юу юугүй шуурах нь уу гэлтэй. Манан, шороо нь ялгагдахгүй саарал төрхтэй. Газрын өнгө ч, тэнгэрийн нар ч нэг л сүүмгэр.

 

Цагаан хад гэж нэрлэгдсэн энэ газар бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг. 300 гаруй хүн амтай, жижигхэн, буйдхан суурин. Тоосго, сендвичээр барьсан жижигхэн байшингууд, хэдэн гэртэй. Тэр бүхэн буудал, дэлгүүр, цайны газар гэсэн хаягтай. Иргэд нь тийм ч найрсаг биш, уурласан дүр төрх, бухимдсан өнгө аястай. Гашуунсухайтыг чиглэсэн нүүрсний машинууд дайран өнгөрдөг учраас шороо тоос, дуу чимээтэй бол ярих зүйлгүй. Ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн газар.

 

Цагаан хад. Гашуунсухайтыг чиглэсэн авто замтай зэрэгцэн орших энэ сууринг хөгжүүлэх үү эсвэл хөсөр хаях уу гэсэн асуултын хариуг олон хүн хүлээж байна.

 

Хаяанд нь байгаа байгалийн баялаг энэ газарт үр өгөөжөө өгдөггүй нь олон зүйлээс харагдана. Наанадаж л энд тог цахилгаан байхгүй. Хятадын тог үнэтэй, Оюутолгойгоос цахилгаан татах боломжийг судалж байгаа гэхчлэнгээр ам дамжсан яриа олон жил үргэлжилсэн ч гэрэл гэгээ үгүй. Энэ тухай яриа эхлэнгүүт “Цагаан хад ирээдүйгүй гэсээн. Тавантолгойн нүүрсийг зөөгөөд дуусахаар хэнд ч хэрэггүй болно гээд тог ч татдаггүй” гэж иргэдийнх нь уур бухимдал хөдөлж, гомдлын үг чулуудана.

 

Бодлоор бол Цагаан хад амьдрахад боломжийн газар баймаар. Хилийн бүсэд ойр, бэлэн мөнгөний эргэлт сайн, хөл хөдөлгөөн ихтэй, байгалийн баялгийг зарж борлуулахад дамжин өнгөрдөг гол цэг зэргээр боломжуудыг нэрлэж болно. Гэвч үнэн хэрэгтээ бол үнсэн саарал өнгө төрхтэй, уйтгартай, хүн амьдрах нөхцөл тааруу, олны хөлд талхлагдаж, орхигдсон суурин.

 

Цагаан хадны амьдрал

 

Цагаан хадны иргэд бүгдээрээ бизнес эрхлэгчид. Нэг хэсэг нь дэлгүүр ажиллуулна. Тэр дэлгүүрт таблет, гар утаснаас эхлээд өмсөх хувцас, идэж уух бүхэн бий. Нөгөө хэсэг нь цайны газар, буудлаар үйлчилдэг. Гэр буудал нь хоногийн 8 000-10 000 төгрөгийн төлбөртэй. Харин чингэлэг нь 15 000 төгрөг. Хоол нь 6 500-10 000 төгрөгийн үнэтэй.

 

Дарханаас Цагаан хадыг зорьж ирсэн Х.Ганцэцэг. Түүнийг дагаад гэр бүлийнхэн нь болоод хүүгийнх нь найзууд ирж ажиллаж байгаа. Бүгд өөр өөрийн зорилготой. Зарим нь эндээс мөнгө цуглуулж гадаад гарахаар төлөвлөжээ.

 

Цагаан хаданд эх орны өнцөг булан бүрээс цугласан хүмүүс ажиллаж, амьдардаг. Тэдний нэг нь Х.Ганцэцэг. Тэрбээр Дарханаас шилжиж ирээд жил болж буй. Уул уурхай, алт дагаж олон жил явсан Х.Ганцэцэг Цагаан хаданд ирж суурьшаад, амьдрал сайжирсан гэж ярьж байна. Буудал, цайны газар ажиллуулаад сардаа сая төгрөгийг энүүхэнд олдог гэнэ. Охиноо ажлаас нь гаргаад дэргэдээ авч туслуулдаг бол хүү нь нүүрс тээвэрлэгч жолооч нарын нэг. Гэхдээ энэ мөнгө амархан олдохгүйг тэр хэлж байна. Зөвшөөрөл аваагүй, орчин бүрдээгүй гэж аймаг, сумын эрх мэдэлтнүүд нь ирж, дарамталдаг гэнэ. “Энд яаж орчин бүрдүүлэх билээ, ядаж тогтой болгочихвол” гэж учирлана.

 

Эмч Б.Мандах энд ажилладаг. Цагаан хадыг нүүлгэх эсвэл тог цахилгаантай болгох асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг тэр ярьж байна.

 

Цагаан хадныхан эмчгүй. Уг нь багийн эмч гэж улсаас цалинждаг хүн ажиллах ёстой биз дээ гэсэн асуултад “мэдрэл муутай л биш бол ийшээ ирэх хүн олдохгүй” гэж эмч Б.Мандах ширэв татаж байх юм. Тэрбээр цайны газар ажиллуулангаа энд хувиараа эмнэлгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Өвчний хүндрэлээс шалтгаалаад нэг удаагийн үзлэг нь 5 000-20 000 төгрөгийн төлбөртэй аж.

 

Цагаан хадны сэлбэгийн дэлгүүр. Цагаан хад хөгжих боломжтой, олон олон хүн эндээс амьдралаа залгуулж байгааг дэлгүүрийн эзэн онцолж байв.

 

Жолооч нарын хэрэгцээг хангадаг өөр нэг хүн нь сэлбэгийн дэлгүүрийн эзэн. Цагаан хаданд бизнес эрхлээд гурван жил болж байгаа. Сүүлийн үед орлого нь багасч, үйл ажиллагаа нь зогсонги болсон гэнэ. Шалтгаан нь нүүрсийг Цагаан хаданд буулгахгүй, шууд хил гаргадаг болсноор бэлэн мөнгөний урсгал ч хил давдаг болжээ. Монголын Цагаан хад, Хятадын Ганц модны боомт өдөр, шөнө шиг ялгаатай. Хятадын тал хот бүтээн босгож байхад манайх жижиг сэндвичин байшингаас өөрцгүй өнөөдрийг хүрснийг дэлгүүрийн эзэн хэлэв.

 

Энд архи зардаг 10 дэлгүүр бий. Нэг сумын жижигхэн багт архины 10 дэлгүүр ахдахаар барах уу. Гэмт хэрэг, зөрчил, архидалт хэрээс хэтрэх нь энүүхэнд. Тиймээс цагдаа нар нь хүсэлт гаргаж, зөрчил гаргасан нэг дэлгүүрийн зөвшөөрлийг цуцлуулсан ч мэргэжлийн хяналтынхан өөр нэг дэлгүүрт эрх өгөөд орыг нь түвэггүйхэн нөхсөн талаар цагдаа нар нь учирлаж байв.

 

Богино рейсийн тээврүүд Цагаан хаданд нүүрсээ буулгаад эндээс дахин тээвэрлэн, Гашуунсухайтын боомтоор хил гаргадаг байсан.

 

Цагаан хаданд үнэгүй зүйл гэж үгүй. Бүх хүн нь мөнгөний төлөө ажилладаг, тэр хэрээрээ мөнгийг ч олдог. Гэхдээ орчин нөхцөлөө сайжруулах, засах, өөд нь татах нэг ч оролдлого хийдэггүй нь нүдэнд ил. Зах замбараагүй хэдэн байшин гэр, хаа сайгүй ухсан жорлон, хөглөрөх хог хаягдал... Тог цахилгаангүй, амьдрах орчин нөхцөлгүй гэж хэн нэгэнд гомдоллох оршин суугчид...

 

Нүүрсний замыг дагасан энэ суурин Монголдоо л орлоготой, бэлэн мөнгөний урсгал тасардаггүй газар болох нь хүмүүсийн ярианаас мэдрэгдэнэ. Харамсалтай нь тэр мөнгө хөгжил дэвшил гэх зүйлийг Цагаан хаданд авчраагүй нь илэрхий. Өнөөдөр биш гэхэд маргааш нүүгээд явахад бэлэн хүмүүс л тэнд амьдарч байна. Харин 22 км-ын цаана орших хилийн цаана хятадууд хот сүндэрлүүлж буй.

 

Гашуунсухайтын боомт ч ялгаагүй. Шөнө оройн цагаар анх очиж буй хүн тэр газрыг хилийн боомт биш төмрийн хаягдал авдаг газар гэж андуурмаар. Хэдэн төмөр чингэлэг, торон хашаа, овоолсон шороо...илүүг эрэлхийлэх ч хэрэггүй.

 

Үргэлжлэл бий.

В.Батцэцэг

Нүүрсний замаар: Сааралтан дуниартах ЦАГААН ХАД
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг