Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулав
2017.10.27

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа  олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

 

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулан өгөв.

 

Монгол Улсын Ардын багш цолоор Үндэсний бөх болон самбо, жудо бөхийн спортын төрөлд эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан шилдэг тамирчдыг бэлтгэх, монгол цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нь ахиулах, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж үндэсний бөхийн Харцага, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн “Алдар” спорт хорооны ахмад багш, дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүү,

 

Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд нэгэн жарны турш тасралтгүй хөдөлмөрлөхдөө эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвиж, сургалт, судалгааны чиглэлийг хөгжүүлэн физикийн шинжлэх ухааны салбарын өнөөгийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг нь үнэлж МУИС-ийн зөвлөх профессор, физикч Голиминсээгийн Шилагарди нарыг,

 

Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний Мегаватт ХХК-ийн ерөнхий захирал Чимэдийн Зундуй-Осор, Гутал, арьс шир, ноосны үйлдвэрүүдийн холбооны ахмад ажилтан Бадамгаравын Цэнд-Аюуш нарыг,

 

Монгол Улсын  Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Цэндийн Бадрахыг,

 

Монгол Улсын гавьяат агрономич цолоор Төв аймгийн газар тариалангийн Дэвших түвшин ХХК-ийн зөвлөх агрономич Цэрэндоржийн Ширчинжавыг,

 

Монгол Улсын гавьяат багш цолоор Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн ахмад багш  Лувсандоржийн Ваанжил, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн профессорын багийн ахлагч Чүлтэмдоржийн Цолмон, Монгол Улсын их сургуулийн Математикийн тэнхмийн эрхлэгч, профессор Аюушийн Хашбаатар, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн захирал Гомбодоржийн Хоролсүрэн, АШУҮИС-ийн захирал Гүнчингийн Батбаатар, ШУТИС-ийн зөвлөх профессор Хадын Пүрэвдагва нарыг,

 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бадарчийн Дамбыг,

 

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхон, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг , Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаяр нарыг,

 

Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн хэлтсийн ерөнхий баяжуулагч Жамсранжавын Баатархүүг,

 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын Үндэсний олон нийтийн телевизийн ахмад  ажилтан, кино зураглаач Чойжилын Баяраа, Монголын Урчуудын эвлэлийн уран бүтээлч Сэрээтэрийн Дагвадорж, Үндэсний урлагийн их театрын захирал Гончигийн Цоггэрэл нарыг,

 

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Жамсрангийн Урангуа, Этүгэн их сургуулийн магистр, докторантын эрдэм шинжилгээний албаны эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Мятавын Туул нарыг,

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хорооны өндөр настан Жигмэдийн Цэцэгмаа, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Батхишигийн Ганбаатар нарыг,

 

Монгол Улсын  Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга Сүхээгийн Цэцгээ, Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ахмад ажилтан Гомбодоржийн Адъяа , Нийслэлийн БЗД-ийн Засаг даргын зөвлөх Сособарамын Майнбаяр, Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Лувсангомбын Сүхбаатар , Орхон аймгийн Аудитын газрын аудитор Должингийн Цогбадрах , МҮОНРТ-ийн ахмад ажилтан  Цэрэвийн Хурцбилэг нарыг,

 

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Пүрвээгийн Бат-Очир, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн нярайн зөвлөх эмч Загдын Гэрэлмаа, Нийслэлийн БГД-ийн Эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч Баатарбалын Кума нарыг,

 

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Монгол дээвэр ХХК-ийн захирал Дагвын Алтангэрэл, Баянхонгор аймгийн Дулаан бор ХХК-ийн захирал Дуламын Найдан, Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын ахмад ажилтан Дурангийн Оюунчимэг, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Цогтоожавын Эрдэнэбат нарыг,

 

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Уян-Унд ХХК-ийн захирал Дуламсүрэнгийн Лхамсүрэн, ХУД-ийн 9-р хорооны өндөр настан Магваны Сүрэнхүү нарыг,

 

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Бодь цамхаг ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лувсанвандангийн Болдхуягийг,

 

Монгол Улсын Малын гавьяат эмч цолоор Завхан аймгийн Завханмандал сумын Бор азарга хоршооны малын их эмч Түмбаярын Дэлгэрсайханыг,

 

Сүхбаатарын одонгоор Дэлхийн Монгол туургатны өв соёлыг хамгаалах Их Голомт сангийн тэргүүн Гэндэнпилийн Явгааныг,

 

Цэргийн гавьяаны одонгоор ЗХЖШ-ын Хуурай замын командлалын ахлах мэргэжилтэн Батсуурийн Энхбаяр, ХХЕГ-ын Хилийн албаны дарга, хурандаа Цэндсүрэнгийн Батбаатар нарыг,

 

Алтан гадас одонгоор Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн багш Мөнхөөгийн Батмөнх, Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн ахмад багш Доржготовын Хишигбаяр нарыг,

 

Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Онцгой Байдлын газрын харъяа Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч Лосолын Оюунчимэгийг,

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн багш Цэдэнсодномын Отгонбаярыг тус тус шагналаа.

 

Шагнагдагсдад хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

 

 “Монгол Улсынхаа өмнө гавьяа байгуулсан залуучууд, ахмад үеийнхэн, спортынхон, соёл, урлагийнхан, бусад салбарынхныг төрийн одон  медалиар шагнаж байна. Хийсэн бүтээсэн хүмүүсээ ингэж шагнадаг төрийн уламжлалтай.

 

Саяхан манай улсын томоохон байгууллага, салбарууд болох Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжих түүхэн замналыг эхлүүлж, Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ой, улс орны гал голомт, хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага, эрдэм номын гэгээн өргөө болсон Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны болон эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж ирсэн Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн үндэс суурь тавигдсаны 75 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн Гаалийн алба үүсэж хөгжсөний 105 жилийн ой гэсэн түүхэн ойнууд тохиосны зэрэгцээ Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, монгол түмнээ мялаан, эх оронч үзлээр үлгэрлэсэн бахдам амжилтууд мөн гарлаа.

 

Ой тохиож буй эдгээр салбарын түүхийг тодоор бичилцэн, улс эх орныхоо өнөөгийн хөгжил дэвшил, нэр хүндэд онцгой хувь нэмэр оруулж, бахархам амжилт гавьяа байгуулсан иргэдийнхээ хөдөлмөр алдрыг Монголын төр үнэлж, ард түмнийхээ нэрийн өмнөөс төрийн дээд цол хүртээж байна.

 

Монгол Улсын Их сургуулийн хөгжлийн 75 жил, түүхийн 60 жилд нь тасралтгүйгээр багшилж буй Гавьяат багш, физикийн шинжлэх ухааны гарамгай эрдэмтэн, профессор Г.Шилагарди, эрчим хүчний салбарын анхны хувийн хэвшлийг байгуулан, үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн Ч.Зундуй-Осор, сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэж байгаа “Сагсны Дамба” гэж алдаршсан, олон жил төвийн тоглогч хийж байсан, Токиогийн 2020 оны олимпод ороод байгаа өнөөгийн 3х3 төрлөөр монголчууд дэлхийд 190 дугаарт байсныг 35 дугаар байрт хүргэж огцом өсгөсөн алдартай багш, дасгалжуулагч Б.Дамба, манай залуу үеийн төлөөлөл болсон, эх оронч үзлийг залууст хүргэж байгаа бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон, хүүхдийн анагаах, нярай судлалаар улсдаа тэргүүлдэг, “Нярайн” хэмээх тодотголтой З.Гэрэлмаа эмч нарын зэрэг алдар хүндийн эздэдээ Ардын болон Гавьяат цол хүртээлээ. Хамт олондоо баяр хүргээрэй.

 

Улс орны нийгэм, эдийн засгийн ямар ч үед эдгээр гавьяатууд нийгмээ оройлон тэргүүлж, өнгөлөн гэрэлтүүлж явсан хийгээд цаашид ч үлгэрлэл манлайллыг үзүүлсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

Энд Монгол Улсын Ардын багш Чойдорын Өвгөнхүү багшийн гавьяаг тодотгон тэмдэглэхийг хүсэж байна. Намайг хүүхэд байхад багшийн ажлаа хийж л байсан, одоог хүртэл багшийнхаа ажлыг  хийж л байгаа Монгол үндэсний бөхийн жудаг төгс энэ харцага дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэх, элгэн ардынхаа сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэх ховор хувь заяанд төржээ. Алдарт Ч.Өвгөнхүү багш маань гар дээрээсээ маш олон олимп, дэлхийн аваргууд, үндэсний бөхийн дархан аваргууд, улс, аймгийн цолтон, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдыг төрүүлж, улс түмнийхээ золбоо хийморийг өргөж, одоо хүртэл багшилж  яваа жинхэнэ Ардын багш юм. Багшдаа баяр хүргэе.

 

Цаашид ч энэ эрхэм хүмүүн олон олон шавь-бахархлыг бүтээж, алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаа лугаа адил улам тод, өндөрт мандаан мөнхөлнө гэж итгэж байна.

 

Монгол Улсын иргэн болж төрсний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн амт хишигт шимтэн, хүн ард, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр, жинтэй гавьяаг байгуулж байгаа хүндэт эрхмүүд Та бүхнээр төр маань бахархаж байна. 

 

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

 

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг