Улаанбаатар -25°
Агаарын бохирдол бууруулах 1.1 их наяд төгрөгөөс 28 саяыг нь л төсөвлөжээ
2017.11.6

Гэрэл зургийг MPA.mn

 

“Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагаас цуврал жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Тус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү “Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагуудын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэтэл өдийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажлаа л хийлээ. Мөн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн 6000 айлын орон сууц” зэрэг төслүүд хэрэгжүүлэх амлалт нь ч хэрэгжихгүй байна. Түүнчлэн  2017-2020 онд гэр хороололд 100 сервис центр байгуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, жилд 33-ыг байгуулах ёстой. Гэтэл энэ онд ердөө эхний таван байршилд л сервис центр барих шав тавилаа. Энэ зэрэг гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас барилга, орон сууц барих ажлууд ч хойшилж байна. Тиймээс дээр дурьдсан ажлуудаа шуурхай зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардах болно” гэв.



“Утааны эсрэг ээж аавууд”-ын зохицуулагч Т.Мандахжаргал “Ногоон зээлийн сан” өнөөдрийг хүртэл иргэд зээл өгч чадахгүй байгаа. Харин арилжааны банкууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ингэж тооцвол иргэн нэг сая төгрөг аваад  гурван жилийн хүүнд зургаа сая төгрөг төлөх болно. Энэ бол маш өндөр хүү. Харин гадаад орнуудын Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. ХБНГУ л гэхэд жилд 1.7 хувийн хүүтэй байна. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.



Засгийн газар энэ оны гуравдугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөр 2025 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 9.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, жилд нэг их наяд 124 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах ёстой. Гэтэл агаарын бохирдол бууруулах энэ оны нийслэлийн төсөвт ердөө 28 сая төгрөг төсөвлөснийг тус байгууллагын гишүүд шүүмжилж байна.

 

Сонирхуулахад, тэд арваннэгдүгээр сарын 10-нд буюу баасан гаригт хотын захиргааны гадаа, 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Р.Ренчин 

Агаарын бохирдол бууруулах 1.1 их наяд төгрөгөөс 28 саяыг нь л төсөвлөжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг