Улаанбаатар -25°
Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоо
2017.11.7

Гэрэл зургийг MPA.mn    

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийлээ.

 

Ерөнхийлөгч 2017 оны улсын төсвийн тодотголд хориг тавьсан. Төсвийн тодотголд АН-ын байр суурь тодорхой байсан. Төсвийн тодотгол Төсвийн хууль зөрчиж орж ирсэн. Тиймээс бид дэмжихгүй гэж байсан. Төрийн албан хаагчийн цалин нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгох шаардлагыг тавьсан. Төсвийн тодотгол бодлогын зарчмаа баримтлаагүй, хууль зөрчсөн гэж Ерөнхийлөгч хориг тавьсан байсан. Төсвийн алдагдал буураагүй, хуваарилалт нь бодлогын шинж чанарыг агуулаагүй. Ихэнхдээ халамж, хөрөнгө оруулалтын зарлагыг дэмжсэн бодлого түлхүү орсон. Хүүхдийн цэцэрлэг, сургууль тулгамдсан асуудал хэдий ч нэг удаагийн төсвөөр шийдэж болохгүй. Жил бүр сургууль цэцэрлэгийн мөнгө 70 тэрбум төгрөгөөр нэмээд байвал гурван жилийн дараа 200-300 тэрбум төгрөгт хүрнэ.

 

Төрийн албан хаагчдын цалин нэмэх нь хуулиараа явдаг. Төрийн албан хаагчдын дундаж цалингийн хэмжээ хувийн байгууллагын ажиллагчдын адилтгах албан тушаалын дундаж цалингийн хэмжээнээс таван буюу түүнээс дээш хувиар буурсан бол хуулийн дагуу нэмэгдүүлэх заалттай. Харамсалтай нь энэ хууль зөрчигдсөн. Тийм учраас 2018 оны төсөвт цалин нэмэх асуудлыг ярина. Өнөөдрийн байдлаар нийт төрийн албан хаагчдын цалин 24 хувиар буурсан. Бид хуулийн дагуу цалинг 10 хувь нэмэх шаардлага үүссэн. Олон улсын санхүүгийн байгууллагын шахалтаар Монголын хууль хүчгүйдэж болохгүй.

 

Өвөлжилт хүндрэх тийшээ болж байгаа энэ үед Төсвийн тодотголоо  хэлэлцэх шаардлагатай гэж АН үзэж байна. Бид дээрх асуудлаа байнгын шаардаж ажиллана. АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахгүй. Ард иргэдийн амьдрал хүнд хэвээр байна. Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоох хэрэгтэй. Ард иргэд мөнгөгүй, мөнгө хүлээсэн байдалтай байна. Тиймээс Төсвийн тодотголыг дэмжээд явна хэмээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа "Хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг тооцох хэрэгтэй. Эргээд үр өгөөж болох хөрөнгө оруулалт тун бага. Зардал нэмэх хөрөнгө оруулалт байна. Төсвийн сахилгыг барьдаг жишиг хэрэгтэй. Тохироонд хүрэхээрээ зарчмаа мартдаг байж болохгүй" гэдгийг тодотгосон юм.

Н.Энх

Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг