44 гишүүнтэй хөлөг онгоцноос холбоо тасраад 72 цаг боллоо Их цагаан тугаа цэнгүүллээ Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно
Улаанбаатар -25°
Ерөнхийлөгч МАН-ын асуудлаас хол байгаа
2017.11.7

  Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулга хийв.

 

Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлжээ.

 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна.

 

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуульд заасан зарчмуудыг баримтлах ёстой. Тухайлбал Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх” зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхийг заасан бөгөөд тус зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур ...зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” тухай заасан байна.

 

Мөн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсөвт тодотгол хийх тохиолдлыг тодорхой заасан. Тодруулбал Засгийн газар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх, Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон” зэрэг тохиолдолд төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр байна.
Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлахдаа төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулийн зохих заалт /Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5/-ыг зөрчсөн бол тухайн зарчмын хүрээнд, тодорхой тохиолдолд төсөвт тодотгол хийхийг заасан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалт мөн зөрчигджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг.

 

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьж байна." гэжээ. ЕТГ-ын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч яг 55 тэрбум төгрөгийг олж хориг тавих гэсэн боловч төрийн албан хаагчдаар тооцсон байна лээ. Тиймээс хоригт бүхэлд нь хориг тавьсан. Тухайлбал манай ЕТГ-ын газарт албан хаагчдын тоог үржүүлээд хориг тавьжээ" гэдгийг тодотголоо.  Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Энэ хоригт зөвхөн 55 тэрбум төгрөг дээр хориг тавьж байна уу. Эсвэл бүх халамжинд хориг тавьж байна уу?

 

-Тодотгол хийх хуулийн нөхцөл бүрдээгүй байхад төсвийн тодотголыг баталсан учир бүхэлд нь хориг тавьсан. УИХ 55 тэрбум төгрөгийг хэрхэвч өгч болохгүй, учир нь хуулинд заагдаагүй. Төсвийн тухай хуулиа мөрдөхгүй бол зохисгүй асуудал үргэлжлэх нь. Орлого орохын хэрээр их хэмжээний зарлага гаргаж байсан 2008-2012 оны парламентын үетэй адил болжээ. Төсвийн тодотгол хийх тодорхой нөхцөл заасан байдаг. Төсвийн алдагдал 3 хувьд  буюу их наядад хүрвэл зайлшгүй тодотгол хийдэг. Төсвийн тодотголыг батална гэвэл 55 тэрбум төгрөгөө хасахад болно.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Улстөрчид бие биенээ давах гэж популизм хийдэг чөтгөрийн тойрогт явж ирлээ. АН, МАН хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах үедээ цалин нэмж, эдийн засгийн өсөлт гарч байсан. Өнөөдөр МАН 65 суудалтай байгаа ч улстөржсөн хэвээр байна. Төсвийн тодотголоор эдийн засаг 4 хувь өссөн үед ард иргэддээ хүртээе гэж баталсан. Уг нь Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. УИХ-тайгаа зохицолцоод явж болохгүй юу?

 

-Ерөнхийлөгч бол эв нэгдэлтэй байя, хамтраад явъя гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ УИХ хуулиа зөрчөөд явж байгаатай ойлголцохгүй байна. 617 тэрбум төгрөг олоод 400 тэрбумыг нь зараад байж болохгүй. МАН-ын 65-ын проблемоос Ерөнхийлөгч хол байгаа. Үнийн өсөлтөөс л орлого нэмэгдсэн. Түүнээс сайн ажилласан гэвэл худлаа. Ерөнхийлөгч, УИХ хоёр зөв зүйл дээр хамтарч ажиллаад урагшаа явна, буруу зүйлд хориг тавихаас өөр аргагүй болоод байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

 

-Төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөг өгөхөд юун болохгүй гэж. Өнөөдөр төсвийн тодотголд хориг тавьсанаар хүүхдийн мөнгө гацлаа. Өмнөговь аймгийн Гашуун сухайд дээр 100 гаруй км-т машин дугаарлаад зогссон, орлого зогссон байна.

 

-55 тэрбум төгрөг дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Салбарын цалинг нэмэх эрх нь эмнэлгийн байгууллагын удирдлагуудад очсон байгаа. 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх нь гарц биш.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Амьдралд нэмэр болох гэж байгаа зүйл хийх гэж байгаа бол цалинг нь нэм. 300 мянган төгрөгөөр дэм болохгүй. Сар бүр авдаг цалин тэтгэврийг нь нэмвэл илүү нэмэртэй. Өндөр хүүтэй бонд босгодгоо болиувал яасан юм бэ. Эдийн засгийн үр ашигтай хөтөлбөрүүд олон байгаа. Ерөнхийлөгчийн тавьж байгаа хоригийг би дэмжиж байгаа.

 

Ийнхүү үг хэлж,  хариулт авсны дараагаар 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

Н.Энх

Ерөнхийлөгч МАН-ын асуудлаас хол байгаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг