Улаанбаатар -25°
”Миний бүтээл-25”-д 25 уран бүтээлч оролцоно
2017.11.9

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Сэр-Од уран бүтээл туурвиж эхэлсний 25 дахь жилийн ойдоо зориулан "Миний бүтээл-25" уран бүтээлийн цэнгүүнээ  энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од  “Тоглолтыг "B sound production"-тай хамтран зохион байгуулж байна. 25 жил гэдэг бол уран бүтээлч хүний хувьд нэлээдгүй их цаг хугацаа, түүх, орон зайг хамарна. Мэдээж, би ганцаараа энэ 25 жилийг бүтээгээгүй. Үүнд 4-5 үеийн дуучид, хөгжимчид, зохиолчид, найруулагчид гээд бүх уран бүтээлчид орно. Тоглолтод 25 уран бүтээлч, 25 уран бүтээлээ хүргэнэ.  Эдгээр 25 уран бүтээлийг бид сонгоогүй. Олны дунд санал асуулга явуулах зарчмаар сонгосон. Тоглолт энэ сарын 11-нд 19.00 цагт Бөхийн өргөөнд болох тул үзэгч, олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" гэсэн юм.

 

Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс "Миний бүтээл-25 цэнгүүнд оролцох гэж байгаадаа миний хувьд их баяртай байна. Сэр-Одтойгоо нөхөрлөөд 26 жил болсон байна. Өнөөдөр олон сайхан уран бүтээлүүдээ түмэн олондоо толилуулж байгаад нь баяртай байна. Бид хамтын бүтээлийн 17 дуутай. Цаашдаа Сэр-Одын дуунууд ардын дуугаар эгшиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн яг энэ цаг дор Сэр-Одын 25 бүтээл орсон дууны хос CD гарч байгаа юм байна. Үзэгч, олноо тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна" гэлээ.

 

Р.Дулам

 

”Миний бүтээл-25”-д 25 уран бүтээлч оролцоно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг