Улаанбаатар -25°
АН өрийн хэмжээг бууруулахыг шаардаж байна
2017.11.9

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

 

Ирэх онд төсвийн алдагдлыг 2.4 их наяд буюу ДНБ-ий 8 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа танилцууллаа.  Уг дүгнэлтэд “2017 онд уул уурхайн салбарын ашигт малтмалын үнэ олон улсын зах зээлд нэмэгдэж эхэлсэн таатай нөхцөл бүрдсэн. Эдийн засаг сэргэх таатай орчин бий болж эхэлсэн ч Засгийн газар боломж болгох арга хэмжээ авч чадахгүй байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага өмнөх жилүүдэд байгаагүй 12.6 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч төсвийн сахилга бат хангагдахгүй байна. Өрийн хэмжээ 2.4 их наядаар нэмэгдэх нь ээ. Улсаа өрийн дарамтаас гаргана гэсэн та бүхний сонгуулийн амлалт хаачсан бэ? Цаашид өрийг нэмэгдүүлвэл эдийн засагт бодит аюул учирна. Өрийн хэмжээг бууруулах шийдвэртэй арга хэмжээ авахыг АН-ын бүлэг шаардаж байна.

 

Төсвийн багцад 690 гаруй арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн нэмэгджээ. Нийт зарлагын  61 хувь нь нэг удаагийн шинж чанартай халамжийн чиглэлд зарцуулахаар заажээ. Нэг удаагийн тэтгэмж олгох бус цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ.  

 

Ингээд ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Энх

АН өрийн хэмжээг бууруулахыг шаардаж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг