Улаанбаатар -25°
Яндан цөөлөх нь зөвхөн Улаанбаатарын асуудал биш
2017.11.10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар утааг бууруулах талаар авч байгаа арга хэмжээний талаар С.Эрдэнэ гишүүний асуулгад Засгийн газрын гишүүд хариуллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Яндан цөөлөх асуудал бол ганц Улаанбаатарын асуудал биш ээ. Утааг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ аймгийн төвүүдээ мөн цогцоор нь шийдэх хэрэгтэй шүү. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдээ хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах хэрэгтэй байна.  Заавал метр квадрат нь 1.8 сая төгрөгийн үнэтэй орон сууц авах бус цэвэр бохир ус, дулааны шугамыг нь гийдэж өгөн хашаандаа гурав дахин хямд үнээр буюу м.кв нь 600 мянгаар хаус бариад амьдрах боломжоор нь хангаж өгье. Төсөв мөнгийг нь ч шийдэх хэрэгтэй. Үүнээс гадна утааг бууруулах бас нэг арга зам нь 100 хувь цахилгаанаар хөдөлгүүрт автомашиныг татваргүй оруулж ирье. Энэ төрлийн машин оруулж ирж байгаа бизнес эрхлэгчидээ татвараас нь  чөлөөлж, цахилгаан машин унаж байгаа иргэдийнхээ хэрэглээг нь дэмжээд өгье. Шөний тарифыг тэглэсэн тул иргэд шөнөдөө автомашинаа цэнэглэж зардал гаргахгүйгээр хорт утаа ялгаруулдаггүй автомашин ашиглах юм. Энэ чиглэлд бид яаралтай анхаарч ажиллах ёстой. Үүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Аймаг, орон нутгийн агаарын бохирдлын асуудалд БОНХЯ анхаарал хандуулж байна. 100 хувь цахилгаанаар явдаг автомашин оруулж ирэх саналыг 200 хувь дэмжиж байна. Яамны бодлогын төвшинд энэ асуудлыг хэлэлцэж байна. 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг 3-4 цаг цэнэглэхэд 110 км замыг туулдаг байна. Шөнийн цахилгааныг бүрэн хөнгөлсөн тул иргэд нэг ч төгрөгийн зарлагагүйгээр автомашин унах боломжтой болно гэлээ.

 

Гишүүд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орон сууцжуулах ажлын явц ямар байгааг тодруулж байлаа. Үүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: “Тансаг зэрэглэлийн орон сууцны хэрэглээ хангагдсан. Одоо гэр хороололд байгаа айл өөрийн газраа Улаанбаатар хотын газрын санд хамруулаад, зээлээ аваад явна. Хот иргэдээс газрыг нь худалдаж аваад орон сууцжуулж байгаа. Энэ хүрээнд одоогоор 20 өрх газраа чөлөөлж хамрагдаад байна. Мөн 20 иргэний өргөдлийг судалж байгаа” хэмээн хариулсан.

 

Мөн асуулга тавьсан гишүүн С.Эрдэнэ “Улаанбаатарт төдийгүй орон нутагт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм. 

 

Үүний дараагаар 2018 оны Монгол Улсын нэгдсэн  төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

Н.Энх

Яндан цөөлөх нь зөвхөн Улаанбаатарын асуудал биш
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг