Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Ерөнхийлөгчийн эдлэх эрхийг хумих уу?
2017.12.19

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  талаар хэлэлцүүлгийг олон нийтийн болон эрдэмтэн судлаачдын дунд үргэлжлүүлсээр байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Харин өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасч, УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдлэхээр  тусгажээ.

 

Ерөнхийлөгчийн институци манай улсад анх 1990 онд батлагдсан юм. Ингэхдээ 1960 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн дагуу бий болжээ. Тухайн үед Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог, парламентын өмнө хариуцлага хүлээдэг байхаар хуульд тусгасан аж. Энэ нь парламентын засаглалтай орны Ерөнхийлөгчийн загварын эрхзүйн орчин аж. Дараагаар нь Ардчилсан Үндсэн хуулийг АИХ 1992 онд батлахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд парламентын засагтай улсын Ерөнхийлөгчийн гол гол эрхүүдийг тусгаж, парламентаас нэлээд хамааралтай байхаар тогтоосон ч хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зэрэг тодорхой бүрэн эрхийг эдлүүлэхээр нэмж тусгасан байна. Ингэснээр парламент Засгийн газрын харилцаанд Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд зуучлагч болон оролцох үүрэг давхар хүлээжээ. Гэхдээ хууль санаачлан оролцох нь зөв үү гэсэн асуудал өнгөрсөн хугацаанд байнга дагалдсан байна.

 

Үндсэн хуулиар Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах заалттай. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг эдэлж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаанд илүү оролцох боломжийг бүрдүүлж байгаа төдийгүй, Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдаагүй бодлогын асуудлаар хууль санаачлан оролцох нөхцөл бүрджээ.  Цаашлаад гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Ерөнхийлөгч, Засгийн газар хоёулаа хууль санаачлах эрхийг эдлэх нь эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэж Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг үзэж байна. Парламентад Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн тоо хэт олон болох нь Засгийн газрын үйл ажиллагааг удаашруулах талтай. Парламент ихэнх цагаа Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хуулийг төслийг бус Ерөнхийлөгчөөс өргөн  мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн өнгөрөөх тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагаа хугацаа алдах магадлалтай аж.

 

Нөгөө талаас Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх тохиолдолд хуулийн хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн нөлөөлөл нэлээд хүчтэй байдаг байна. Цаашлаад Төрийн тэргүүний санаачилсан хууль батлагдах эсэх нь Ерөнхийлөгчийн хувь хүний нөлөө, нийгэм дэх байр суурь, Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа зэргээс шалтгаалдаг гэнэ.  Тухайлбал,  Засгийн газрын бодлоготой зөрүүтэй асуудалд Ерөнхийлөгч хуулийн төслөө татаж авах, Засгийн бодлогод тусгагдаагүй асуудлаар төсөл санаачлах тохиолдолд гүйцэтгэх засаглалын байр суурь тодорхойгүй байх тохиолдол өнгөрсөн хугацаанд гарч байжээ. Жишээлэхэд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2016 оны хоёр бүрэн эрхийнхээ хуагцаанд нийт 63 хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлснээс  29 нь батлагдсан байна.  Аль ч үеийн Ерөнхийлөгч өөрийн дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд  хуулийн төсөл санаачлан батлуулах  шаардлагатай тулдаг. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөрийг гарган, энэ хүрээнд Шүүхийн хуулийн багца хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулж байсан.

 

Цаашлаад Ерөнхийлөгч хуульд хориг тавих эрхтэй байдаг. Харин өөрийн санаачилсан хуулиндаа хориг тавих эсэх дээр зөрчил үүсдэг байна. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг Үндсэн  хуулиар хасвал энэ зөрчил ч арилна гэж ажлын хэсэг үзэж байгаа юм.

 

Ерөнхийлөгчид хууль санаачлах эрхийг олгосноор төрийн бодлогыг тодорхойлох, эрх мэдлийн хуваарилалтаас тодорхой эрхийг өөрт нь хамаатуулсан нь  сөргөөр нөлөөлж байгаа гэж зарим судлаачид үздэг бол нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулахгүй, эцсийн шийдвэрийг парламент гаргаж байгаа тул парламентад бүрэн эрх нь хадгалагдана гэж өмөөрдөг.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн “Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх мэдлийг эдлүүлэхгүй болсноор сонгодог парламентын засаглалтай улс орны жишигт илүү ойртоно.  Ерөнхийлөгч хууль тогтоох эрх мэдэлд нөлөөлөх чиг үүрэг нь хуульд хориг тавих замаар хэрэгжих боломжтой” гэж үзжээ. Гэхдээ өнөөдрийн жишээгээр Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш парламентаас баталсан хуульд гурав удаа хориг тавьсан. Үнэмлэхүй олонхитой парламент нэг хоригийг нь хүлээж аваагүй нь хориг бэлгэдэл төдий үйлдэл болсон талтай. Цаашдаа ч энэ байдал үргэлжлэх биз. Ер нь хориг бол Ерөнхийлөгчийн хувьд эрх мэдлээ хэрэгжүүлэх гарц биш байр суурь төдий зүйл.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулахад хууль  Ерөнхийлөгчийн санаачлах эрхийг  хасахыг дэмжсэн дүнтэй байна лээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг батлах эсэх нь мөн л УИХ-д хадгалагддаг. Дээрх Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд санаачилсан хуулийн төслөөс  үүнийг харж болно.

 

Ямартай ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэх Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийн хүрээний асуудал олны анхаарлын төвд байна.

Н.Энхлэн 

Ерөнхийлөгчийн эдлэх эрхийг хумих уу?
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг