Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа
Улаанбаатар -14°
Б.Баттөмөрийн “төсөл” балаг тарихаар айсуй
2018.1.31

 

 

«… хууль болон УИХ-аас гарах бусад шийдвэрийн төсөл боловсруулахад зориулж гишүүдэд өгөхөөр 2.8 тэрбум төгрөгийг төсөвт тусган баталсан билээ. Нэг гишүүнд 20 сая төгрөг ногдож байгаа энэ мөнгө нь эцсийн дүндээ хууль санаачилдаггүй залхуу гишүүдийг ажлаа хийдэг болгохын тулд урамшуулж байгаа арга хэмжээ гээд хэлчихэд нэг их буруудахгүй»

                                                                                                             Зууны мэдээ сонин. 2010.02.01

 

Яг найман жилийн өмнө Зууны мэдээ сонин ингэж бичиж байжээ. Энэ сонин “иргэдээ өмөөрч бичнэ” гэх уриандаа үнэнч яваа. Харамсалтай нь хууль тогтоогчид 8 жил өнгөрөхөд ямар ч өөрчлөлтгүй л явж байгааг ахин сануулж энэхүү нийтлэлийг тэрлэж байна.

 

Саяхан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг” УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахин өргөн барьлаа. Өмнө нь энэ төслийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хуулийн шаардлага хангахгүй гэх тайлбартайгаар төсөл санаачлагчид буцаасан юм. Гэтэл “20 сая төгрөгөө заавал авна” гээд зүтгээд байгаа юм шиг үйлдэл УИХ-ын гишүүнээс гарч төслөө ахин өргөн мэдүүлсэн юм. Б.Баттөмөр гишүүний “хууль санаачилдаг лут гишүүн” болж харагдах гэсэн аминчхан хүсэл нь ард олон, улс орондоо ихэхээхэн балаг тарьж мэдэхээр байгааг урьдчилан анхааруулж байна.

 

 

Балаг 1. Хуулийн засаглалыг үгүйсгэж байна.

 

Эрх зүйт нийгэмд биелдэггүй хууль санаачлах нь “хуулийг биелүүлэхгүй, мөрдөхгүй байж болдог” гэсэн ойлголтыг иргэдийн ухамсарт суулгадагаараа нэн балагтай үйлдэл аж. Тамхины хяналтын хуулийн өмнөх заалтууд амьдралд хэрэгжихгүй байхад Б.Баттөмөр гишүүн нэмээд баахан үл биелэх заалтууд оруулж байна. Сургууль цэцэрлэгээс 500 метрийн тойрогт тамхи заруулахгүй гэх заалтыг амьдралд хэрэгжүүлэх болбол УБ хот бүхэлдээ тамхи зардаггүй бүс болох ёстой байгаа.

 

Балаг 2. Авилгыг хөхүүлэн дэмжиж байна

 

Хуулийн төсөлд “Тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох, эскпортлох тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах талаар дүгнэлтийг Тамхины эсрэг үндэсний болон орон нутгийн хяналтын хороо тус тусын эрх хэмжээний хүрээнд гаргана” гэжээ. Мэргэжлийн хяналт, цагдаа гээд хууль сахиулах өчнөөн бүтцийн хажуугаар энэ бас юун хороо гарч ирээд эрх мэдэл эдлэх гээд байгаа юм бэ? Ийм хороодын үүрэг юv байх вэ гэхээр хэнд ч ойлгомжтой импортлогчид, худалдаачдад зөвшөөрөл өгөх нэрээр авлига нэхэх, авах нөхцлийг бүрдүүлж байгаа л хэрэг. Үүнийг дараах заалтууд нотлоно. 7.8 Тамхины үйлдвэрлэлийн, импортын, экспортын тусгай зөвшөөрлийг Тамхины эсрэг үндэсний хорооны дэмжсэн саналгүйгээр олгох, сунгахыг хориглоно. 7.7. Тамхи худалдах Тамхины эсрэг тухайн орон нутгийн хорооны дэмжсэн саналгүйгээр олгох, сунгахыг хориглоно.

 

Эрхэм гишүүн Б.Баттөмөр Гаалийн газрын дарга байсан гэх намтрын өгөгдлөөс баримжаалбал энэ нь хууль бусаар хөрөнгөждөг давхаргынхны хэрэглэдэг алтан арга юм биш байгаа гэж хардах сэжим ч гарч байна. Элдэв зөвшөөрөл, лиценз олгодог эрх мэдэлтэн олшрохын хирээр авлигын нөхцөл хүрээгээ тэлдэгийг эрхэм гишүүнд сануулахад илүүдэхгүй байх. Тэртээ тэргүй зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг бүтэц нь олшроод данхайчихсан төр шүү дээ.

 

Тамхины хяналтын хуулийн биелэхгүй байгаа заалтууд нь хорооны дарга, хэсгийн цагдаа, эргүүлийн цагдаа зэрэг алба хашиж байгаа хүмүүс жижиглэн худалдаа эрхлэгчдийг дарамтлах замаар 20-50 мянган төгрөгийн байнгын хахууль аваад амаа үдэх механизмын ул суурь, хөрс нь болсоор удаж байгаа юм. Төр гаргасан хуулиараа авлига, хээл хахуулийн хөрсийг бэлдэх нь утга учиргүй, шудрага бус зүйл байх. 

 

Балаг 3. Худалдаачдын бухимдлыг өдөөж байна

 

Хоёр хоногийн өмнө МАН-ын Төв байранд жижиглэн худалдаа эрхлэгч бүсгүйчүүд ирж, эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэлсэн хэрэг мандсан. Б.Баттөмөрийн төсөл хэрэгжвэл МАН-ын байр нүцгэн худалдаачдын довтолгоонд байнга өртөх магадлал 100 хувь байна. Тамхины хяналтын хуулийн биелдэггүй заалтын балгаар жижиглэн худалдаа эрхлэгчдийн орлого эрс буурч, байнга шахуу дарамт, авлигад өртөх болсон нь тэдний бухимдлыг төрүүлээд удаж байгаа. Хуульд нэмэлт дарамт учруулах заалтууд олон байгаагаас дурдвал “Зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно”, “Тамхийг худалдаа, үйлчилгээнд биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг байдлыг өөрчилнө” зэрэг юм.            

 

Балаг 4. Иргэдийн эрүүл мэндэд архинаас дутуу анхаарч байна

 

Тамхины хяналтын хуулиар сургууль, цэцэрлэгээс 500 метрийн тойрогт тамхи худалдаалахыг хориглоно гэж заасан хирнээ архи, согтууруулах ундаанд энэ хязгаарлалт, хоригоо огт тавихгүй байгаа нь хачирхалтай. Архидан согтуураад гэмт хэрэг үйлдэх, өөрийн эрүүл мэнд, амь насыг хохироох нь Монголд машид түгээмэл үзэгдэл билээ. Гэтэл тамхинаас шалтгаалаад эрүүл мэндээрээ хохирсон, өвчилсөн хүмүүсийн талаарх статистикаас харахаар судлагаанд хамрагдсан, өвчилсөн хүмүүсийн 67 хувь нь 80-аас дээш насныхан байгаа юм. Нөгөө талаар тамхи татсанаас болоод хүн алсан, дээрэмдсэн, хулгай зэлгий хийх сэдэл төрсөн, хүчин хийсэн гэх тохиолдол огт бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл нийгэмд учруулах хохирол, уршгаар нь, өсвөр насныханд нөлөөлөх хөнөөл зэргээр нь тооцвол сургууль цэцэрлэгээс 500 метр зайд худалдаалах хоригт архи согтууруулах ундааг илүүтэй хамруулах ёстой баймаар. Гэтэл төр нь гаргасан хуулиараа архидалтыг өөгшүүлээд байгаа ч юм шиг, архи нь тамхинаас илүү хөнөөл багатай гэж сурталдаад байгаа ч юм шиг нөхцөл үүсээд байна. Уг нь “архи арван нас, тамхи таван нас хөнөөнө” гэж хэлцдэг ард түмэн биш билүү?

 

Архи, тамхины хяналтад тэгш хандахгүй бол эргэлзээ төрүүлэхээр зүйлс их байна.

 

 

Балаг 5. Татварын тэгш бус нөхцлийг арилгахгүй байна

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг шудрага сэдлээр Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гэхэд эргэлзэхээр нэг зүйл байна.

 

УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол “Тогтоолын хавсралт өөрчлөх тухай” хавсралтын янжуур ороох зориулттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь импортлогчдод татварын тэгш бус нөхцөл бий болгосон, Тамхины хяналтын тухай хуулийг 2 зүйлээр зөрчсөн зэргээрээ олны бухимдлыг төрүүлж, гадаад дотоодын шахалтанд өртөж байгаа билээ. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг энэ тогтоол ноцтойгоор зөрчсөн. Хуулийн 4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх, 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах, гэсэн хоёр заалтыг шууд зөрчсөн УИХ-ын 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах санаачлага Б.Баттөмөр гишүүний төсөлд огт туссангүй. Энэ нь Б.Баттөмөр гишүүнд шудрага ёсны үүднээс хууль боловсруулах сэдэл байсангүй гэж сэрдэх сэдлийг төрүүлж байна.

 

Эцэст нь найман жилийн өмнө Зууны мэдээ сонины бичиж байсан сануулгыг давтъя. “Батлагдсан хуулийн тоогоор биш, амьдралд хэр хэрэгжиж байгаагаас нь хуулийн чанар шалтгаалдаг гэдгийг 20 сая төгрөгөө авахаасаа өмнө бодоорой доо, эрхэм гишүүд ээ!”

 

ЭХ СУРВАЛЖ: Зууны мэдээ

Б.Баттөмөрийн “төсөл” балаг тарихаар айсуй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг