Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
ЕРӨНХИЙ САЙД АА, ХАЯ ЦААШАА...
2018.2.5

АРД ТҮМНИЙ АЖЛЫН ХЭСЭГ-ээс НИЙТЭЛЖ БАЙНА

 

Энэхүү оршлоор “Ард түмний ажлын хэсэг”-т толилуулах цуврал нийтлэлийн эхний цэгийг миний бие хатгаж байна. Мэдээж үргэлжлэлтэй. Ард түмнээрээ том овоглосон энэхүү ажлын хэсгийн үзэл бодлын индэрт гарах хүмүүс, оюун санааны хөрөнгө оруулагчид нь цаг хугацаанд явагдах үзэл бодлын мэтгэлцээн,  олон нийтийн дуу хоолой, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, шударга  эх орончдын дундаас бүрэлдэн бий болох биз.

 

Сонгуулийн мөчлөгөөр бус хөгжлийн том зургаар улсаа удирдах шударга Төр бүрэлдэх эрхзүйн үндсийг тавихад хувь нэмрээ оруулах нь энэхүү “Ард түмний ажлын хэсэг”-ийн сурвалжлага, нийтлэлийн эрхэм зорилго байх юм. Энэ нь хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдон яригдах нүсэр том зорилго боловч иргэн бүрийн хүч зүтгэлээр бол тийм хол биш.

 

Маргаашийг өөр болгох чин хүсэлтэй, туйлшралгүй эрүүл саруул ухаанаар асуудлаа дүгнэх эрмэлзэлтэй эгэл боргил хэн нэгэн, улстөрч, эрдэмтэн судлаач, гадаад улс оронд сурч хөдөлмөрлөж гэгээрч байгаа нэгэн, бизнесмэн ер хэнбугайд ч өнөөдрөөс илүү гэрэл гэгээтэй  маргаашийнхаа төлөө хэлэх үг, тавих саналаа илэрхийлэхэд энэ индэр нээлттэй. Гагцхүү улстөржсөн дөвчигнөлгүй, намын талцалгүй,  хэн нэгний  далд хатгаасгүй байх юм шүү.  Ингээд салхийг нь хагалж “Ард түмний ажлын хэсэг” -ийн эхний нийтлэлийг төр барьж буй намын дарга, Ерөнхий сайд У. Хүрэлсүх танаа хаяглав.

 

 

ХАЯ ЦААШАА...

 

Тогтвортой хөгжлийн бодлогоо тунхагаас гаргаж авах бол реформ хийх угтал гэж судлаачид хэлээд байгааг тоох улстөрч алга. Улс орныхоо хэтийн хөгжлийн зам, хүрэх зураглалаа гаргаж, үүнийгээ  тунхаг мөрөөдөл, сонгуулийн хөтөлбөр биш хатуу мөрдөх шаардлага, аль ч төрийн эрмэлзэх ба үл зөрчих чанд дүрэм болгож чадвал хөгжил, тусгаар тогтнол хараат бус байдал бодитой болж ирнэ.  Үүнд харшилж буй хамгийн том гай бол намуудын наймааны хуулиар өрнөдөг СОНГУУЛЬ.  Үе улиран  эрх барихын төлөө Монголынхоо хөгжлийг зольсоор ирсэн МАН, АН, МАХН, ИЗНН  зэрэг төр барилцсан намын ужиг өвчин бол энэ. Намын халхавчаар төсвийг дампууруулж буй бүлэглэлүүд. Намын шахаагаар төрийн албыг хүчгүйдүүлсэн томилгоо, дотроо тахин шүтсэн, тойрон хүрээлж  сүлбэлдэн мафижсан тогтолцоог нураагаагүй байхад утаа униар багасах, зах зээл чөлөөт өрсөлдөөний замдаа шуударч, шударга ёс тогтож хөгжих тухай яриа байхгүйг бид  өнгөрсөн он жилүүдэд харлаа.

 

Амь нас, эрүүл мэндэд үзүүлж буй хор хохирлоор бол утааг хатуу бөгөөд эрс шийдэмгий арга хэмжээгээр шийдчихмээр. Гэхдээ утаа бага багаар шингэрээд байх нь манай намд хэрэгтэй.  Үнэхээр чаддаг бол 2020 оны хавар л алга болох ёстой. Гэхдээ өөр хандлага дийлдэг. Сөрөг хүчний хувьд утаа сонгууль болтол өтгөрөөд л байвал сайн. Учир нь 2020 оны зун нь сонгуультай. Нефтийн үйлдвэр аль болох хурдан хэрэгтэй. Гэхдээ тийм хурдан 2020 оны хавар нээгдэх дэмий. 2022 онд  л энэ үйлдвэр дуусна гэх хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулиар ашиггүй болчихно. Бид санаачлан эхлүүлээд, бид дуусгалаа  гэж тууз хайчлаад 2024 оны сонгуульд дахиад ялах ёстой. Татварын бааз бий болгож буй систем үндсээрээ буруу. Үнийг чөлөөлөх ёстой. Энийг засахгүйгээр Макро эдийн засаг хямралаас гарахгүй. Гэхдээ зөв байсан ч өнөөдөртөө “ХАЯ ЦААШАА...”  Дараагийн сонгуулиар бид гарахгүй л болно шүү, Хүүк даргаа... Ерөнхий сайдаа...  Ийм зургаар нам нь засгаа шантаажилж Удирдах зөвлөл, намын бүлэг нь нь сонгуулиа л харж хэтийн хөгжлийн бодлогыг хүч түрэн баллуурдаж байдаг.  Таны, миний өнөөдөр тосох маргааш намуудын сонгуулийн эрх ашигт цавчигдаад дууслаа гэхэд  ирээдүй алаг үрс минь эрүүл аюулгүй орчинтой, шударга ёс тогтсон нийгэмд ажиллаж амьдрахын төлөөх суурь бодлого, зөв эхлэл бүхэн дахиад л НАМ-ын сонгуулийн ялалтын дэргэд юу ч биш, үнэ цэнэгүй болж байна.  Энэ хэт цөөнхийн эрх ашгийн дэргэд  олонх болсон иргэн бид чинь дэндүү өчүүхэн. Өрөвдмөөр болсон биш үү...

 

Сонгууль тойгдсоор ямар хар тойрогт  орсноо тогтож харцгаая. Нийгэм юунд бухимдаад байгааг мэдэрч байгаа ч, сошиалын шуугианаар популизм хийсэн төрийн шийдвэрүүд хөврөөд  байгааг энд хэлэхэд хангалттай. Дэндүү мухардсан, хэтэрхий жижгэрсээр буйгаа мэдрэхгүй байна уу, манай эрх баригчид. 

 

Анх гарч ирэхдээ ардчиллаар овоглон эмхлэгдсэн намууд яаж төрөл арилжсаныг бид харахгүй  хэмжээний сохор болоогүй. Зүгээр л ядуу  байлгасаар дасгасан гутранги сэтгэлгээнд унтаж, өдрийн хоолны асуудлаа шийдүүлж амаа таглуулан улстөрчдийн шоглоом болсоор суугаа юм.

 

У.Хүрэлсүх та  Ардын засгийг зарлаж, Ерөнхий сайд болсноос илүүтэй намын даргаа авсанд нь том хүлээлт нийгэмд байгаа. Учир нь хямралаас гарах эрс шинэчлэл Засгийн газрын гайхалтай зүтгэл, гоё тайзтай тайлант нэвтрүүлэг,  популист тайлангаар биш, төр барьж буй нам доторх реформ, 20 жил хуралдсан буглаагаа хэрхэн шахахаас эхэлнэ гэсэн хүлээлт нийгэмд байсаар. Буглааг хагална гэж сэлэм сугалах төдий бус үүр гэрийг нь хэрхэн шахаж, идээ бээр нь  шавхагдахыг  нүдээрээ харах хүсэл нь оргилдоо тулцан нийгэм маань намуудын амлалт дор бүрэн цөхөрч,  бөхийцөн байна. Үүнийг өөрчлөх нь 2020 оны сонгуулийн том хүлээлт.

 

Ирэх сонгуулиас ялалт хараалсан улстөржилтөөр өтгөрөөд байгаа болохоос утаа, шатахууны үнэ хоёр бол үнэндээ гутгаар асуудал шүү дээ. Аль ч нам нь төр барихдаа энэ нийслэлийг барилгажуулах, нэг дагуул хот барьчих  мөнгийг аль хэдийн бүлэглэн завшсан байгаа.

 

Нам нэрээр төр атгасан бүлэглэл, эрх мэдэлд суурилсан авлигын сүлжээг задлах,  улс орныг хохироосон төсвийн хулгайч нартаа хатуу хариуцлага тооцож, улаан цэнхэр гэлтгүй  шүүхэд дуудан  “бүгд найрамдах” унших нь сайхан амлалтаас нь өдөр болгон хордож залхсан ард түмний нэгдүгээрт байгаа хүлээлт. Супер Засгийн газрыг биш гэнэтийн их ашиг, хишиг тараалт ч бус. Дараагийн сонгуулийн эрх ашгаас иргэдийнхээ эрх ашгийг  дээгүүр тавьж, төр нам хоёрыг зайнд нь барих, тулсан хямралаас Монголоо аврах тэр лидерийг таныг байгаасай гэж нийгэм хүлээж байна Ерөнхий сайд аа. 

 

Өнөөгийн төрийн сонгуулиар барьцаалагдсан богино настай засвартай хуулиуд, намын мафижсан дүрмийн эсрэг реформ хийж зогсох тийм шийдэмгий лидерийг улс төрийн тайз хүлээж байна. Энэ хүсэл, нэхэл ардчиллаар овоглосон Ерөнхийлөгчид мөн нэг хаяглагдсан.

 

Ерөнхий сайд, та ард иргэдээ бодож, итгэл найдварыг нь дааж явцуу бүлэглэл, албан тушаалын  хуйвалдааныг  хүлцэн суухыг энэ цагаас ХАЯ ЦААШАА... Хэрвээ та үүнийг хийж чадвал аль ч сонгуульд Ард түмэн арыг чинь даана...

 

Төгсгөлд:

 

Төрийн түшээдийг намын дотоод марафон, мөнгө хуйвалдаанаар бус, нам бүлэг үл хамааран ард түмэн өөрсдөө нэрлэдэг, түүнийг эрх бүхий нам нь батламжлан нэр дэвшүүлдэг, булхай луйваргүй сонгодог болгохын төлөө шударга иргэн бүр энэхүү АЖЛЫН ХЭСЭГ-ийн цуврал нийтлэл, ярилцлагад нэгдэхийг жирийн сэтгүүлчийн зүгээс уриалья.  Бас энэ чөлөөт индэрт та бүхнийг  урья. 

 

Ард Түмний Ажлын Хэсэг-т таны үг санал, нийтлэлийг  хүлээн авах хаяг: ataxviocemongolia2020@gmail.com

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ /

 

ЕРӨНХИЙ САЙД АА, ХАЯ ЦААШАА...
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг