Н.Ариунболд: Шинэ үеийнхэн “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжигт тоглоно
2012-05-23

"Шинэ үе" продакшны захирал Н.Ариунболдтой ярилцлаа. -Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна? -Одоогоор шилдэг номерийн түүвэр тоглолтоо хийж байгаа. Удахгүй  хүүхэд багачууддаа  зориулсан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”  хэмээх  Л.Лхасүрэн багшийн жүжгийг тавих гэж байна. Энэ хүнийг ард түмэн “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь андахгүй. Энэхүү жүжгийг багш маань оюутан байхдаа бичиж байсан юм. Тиймээс багшийнхаа дурсгалд зориулан уг жүжгийг хүүхэд зориулан тоглох гэж байгаа.  Л.Лхасүрэн гэж хүн хүүхэд залуучуудад оюуны болоод театрын  мэдлэг чадварыг харамгүй өгсөн хүн. Энэ хүний гарын хоёр ч шавь нь манай продакшнд байна. Найруулагч н.Энхээ, жүжигчин Г.Ундармаа хоёр юм. Тэд энэ жүжгийг тавих санаачлага гаргаж, манайхан дэмжиж, одоо жүжгийнхээ бэлтгэл ажилд ороод явж байна. Энэ жүжгийн хөгжмийг "Хурд" хамтлагийн Д.Отгонбаяр зохиож, зураачаар нь СУИС-ын театрын зураачийн тэнхимийн багш С.Эрдэнэбаатар ажиллаж байна. “Шинэ үе” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ тус жүжигт тоглож байгаа. Бид жүжгээ "Эх үрсийн баяр"-т зориулан хүүхэд багачууддаа толилуулна. Энэ бол “Шинэ үе” продакшны ах эгч нарынх нь бэлэг юм.  Ер нь сүүлийн үед хүүхдийн тодотголтой уран бүтээл ховордож, хүүхэд залуучуудын театр ч устаж үгүй боллоо. Хүүхдэд зориулсан зүйлээс  ашиг бага олдог учраас хүүхдийн төлөө бүтээлүүд цөөхөн хийгдэж байна. Тиймээс манай продакшн орлого хөөхийг гол болголгүй зөвхөн хүүхэд багачуудаа баярлуулахаар шийдсэн юм. Тоглолтыг олон хүүхэд үзүүлэхийн тулд МҮЭСТО-ны 1000 хүний суудалтай танхимд тоглолтоо хийхээр болсон. Мөн хүүхдүүдийг тоглолтоо үзээд гарахад нь тасалбарыг нь дагалдуулж тоглоом өгнө. Тэдгээр тоглоомууд нь жүжигт оролцож байгаа бүх амьтны дүрстэй байх юм. Түүнээс биш чанарын шаардлага хангахгүй чихэр жимс  өгөөд хүүхдийг хуурч болохгүй шүү дээ. -Танай дэлгэцийн бүтээлүүд амжилттай болж, үзэгчдээс байнга сайн үнэлгээ авдаг. Дахин дэлгэцийн бүтээл хийх үү? - "Шууд" сайтын уншигчид хамгийн анх нууцаа задалж байна. Шинэ киноны зохиолоо бичээд эхэлчихсэн. Ажил ид дундаа явж байна. “Шинэ үе продакшн” өнгөрсөн жил их сургууль төгсөгчиддөө  зориулан “Манай ангийн нууц” жүжгээ өргөн барьж байсан бол энэ жил хүүхдийн жүжиг тоглохоор боллоо. Үүнээс харахад бид ганцхан хошин урлагт хүч сорихоос гадна дэлгэцийн бүтээл, тэр дундаа нас насны онцлогт тохирсон уран бүтээлүүд хийж байна. Цаашид ч олон бүтээл хийнэ. Энэ гэхдээ нууц хэвээрээ үлдэг. Энэ удаагийн дэлгэцийн бүтээл маань инээдмийн төрөл жанрын бүтээл. Инээдмийн киног хошин урлагийн продакшнууд жирийн нэгэн сонирхогчид эсвэл инээдмийн төрөл жанраар явдаггүй хүмүүс хийдэг гэхдээ үүнийг өмчилж авах ёсгүй. Бид нар мэргэшсэн, мэргэшиж яваа уран бүтээлчийн хувьд хүчтэй түлхүү хийх ёстой. -Киноны зураг авалт хэзээ эхлэх вэ? -Энэ зун зураг авалтаа эхлээд намар киноны нээлтээ хийх бодолтой байгаа. “Шинэ үе" продакшн тоог биш чанарыг эрхэмлэнэ. Театрын бүтээлийг хийснийхээ дараа  засаж болдог. Харин дэлгэцийн бүтээлийг нэгэнт хийснийхээ дараа засна гэдэг маш хэцүү. Тэгэхээр нарийн бодож, төлөвлөж байж сүүлийн үед гарч байгаа инээдмийн киноноос харж, тэрхүү кинонуудаас давах бүтээл хийхийг зорьдог. Яван чангарч байж, сайн уран бүтээл гардаг. -Сүүлийн үед хүссэн хүн бүр кино хийдэг болжээ. Энэ сайшаалтай боловч киноны чанар алдагдаад байна уу? -Монголд анх ТҮЦ гэдэг юм гарч хүн бүр түүгээр үйлчлүүлж байсан цаг бий. Сүүлдээ ТҮЦ хотоос шахагдаад гарсан. Дараа нь минимаркет гарч ирсэн. Үүнтэй л адилхан аливаа улс орны хөгжил цаг хугацааны шалгуураар бүгд ордог. Бүгд ороод хэн чанартай, хэн зоригтой, бодож, хэн хөгжүүлж чадсан нь үлддэг жамтай. Үүнтэй адилхан хүн бүр кино хийж байна. Хэн чанартай уран бүтээл хийнэ тэр хүн л үлдэнэ шүү дээ.Өнөөдөр дэлгэцийн бүтээлд хүч үзэж байгаа залуучуудыг буруутгах аргагүй. Эндээс техникийн дэвшил, бие биенээсээ суралцах, ур чадварын өсөлт харагдаж байна. Сайн зохиолууд үнэртэнэ, сайн уран бүтээлчид төрж байна. -“Миний муусайн найзууд” нэвтрүүлэгт жүжигчин Г.Ундармааг хуурч авчирсныг бодоход та хүүхэд байхдаа их сахилгагүй хүүхэд байсан байх? -/Инээв/ Сахилгагүйтэх үедээ сахилгагүйдэг. Г.Ундармааг өөрт нь мэдэгдэхгүй багын найзуудтай нь ярьж байгаад энэ нэвтрүүлэгт оролцуулъя гэж шийдээд хуурч авчирсан. Яагаад хуурч авчирсан бэ гэвэл “Миний муусайн найз” нэвтрүүлэгт орохоо мэдчих юм бол өөрөө найзуудыгаа түүж дуудах хэрэг гардаг. Тэгэхээр “Шинэ үе" продакшн  болон найзууд нь өөрөөс нь тас нууж байгаад авчирсан юм. Манайхан нууцаар ярих гэтэл болдоггүй. Тэгэхээр нь “Өнөөдөр цэвэрлэгээ хийнэ. Ундармаа амраад бусад нь цэвэрлэгээтэй” гэж хэлээд бараг хөөж гаргасан юм. Тэгсэн Г.Ундармаа над руу нээх том харснаа “Өрөө цэвэрхэн байхад юу цэвэрлэх гээд байгаа юм бэ. Хүүхдүүд ядарч байгаа явж амруулаач” гэж хэлчихээд гараад явсан. Тэгэхээр "Засгийн газрын нөлөө бүхий хэдэн сайдууд бид хоёрт ажлын санал тавих юм шиг байн. Чи уулзаад ярилц" гэж хэлээд хуурчихсан. Энэ мэтчлэн олон жил удаан хамтарч тоглохоор нэг гэр бүлийн хүмүүс шиг  болдог юм байна шүү дээ. -Сүүлийн үед рекламд их тоглож харагдах юм? -Дэлгэцийн бүтээлээс гадна рекламны саналууд нэлээд ирдэг. Тэр бүгдэд тоглож амжихгүй л байна. Хамгийн сүүлд "Хас" банктай гэрээ хийж тэдний рекламанд тоглосон. -“Шинэ үе" продакшны тулгын гурван чулууны нэг нь яах аргагүй жүжигчин Г.Ундармаа? -Тэгэлгүй яахав. Манай тулгын  гурван чулууны нэг нь яах аргагүй  мөн. Үнэхээр залуу жүжигчдыг бэлдэж байгаа хүн дээ. Хамт олон жил уран бүтээл хийсээр байгаад бие биеэ харцаараа ойлголцдог болчихдог юм. Ямар сайндаа л Ундармаа дэлгүүрт ороод хоёр жижигхэн виски авснаа "Амьдрал дээрх ханьдаа нэг вискийг нь, тайзан дээр амьдрал зохиодог Боёодоо нэгийгээ авчихъя" гэсэн гэнэ лээ. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин
энхүүш:
ариунболд ахдаа амжилт хүсэе
2013-01-23
Shine veiinkhen ok Shvv ikh saikhan yaria boljee xvvxed iin bvteeld chini amjilt khvsei. Chabartai zaluus Shvv demjij yabdag Shvv akh ni
2012-05-23
Амжилт хуухед баярлуулах буян танд болон танаи хамт олонд амжилт
2012-05-23
буян нь биедээ хураагдаж байгаа юм чинь яалтай билээ дэ хө
2012-05-23
Booyo unshaarai:
Booyo mini suuliin ued yamar ih myaraalaad bainaa. Dasgal hiij jaahan turna baigaa.
2012-05-23