
Монгол Улсын Засгийн газраас “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” буюу тавдугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ онд Монгол Улс, Монголын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож эхлэсний 10 жилийн ойд тохиож байгаа юм. Энэхүү түүхт ойд зориулсан өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол цэрэг 2003 оноос эхлэн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэсэн бөгөөд энэ хугацаанд 5300 гаруй монгол дайчин гурван тивийн Ирак, Афганистан, Сьерра Леон, Чад, Косово, Баруун Сахар, Конго, Судан зэрэг 10 гаруй улсад үүргээ амжилттай биелүүлж иржээ. Тухайлбал, НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын 14 ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс долоон ажиллагаа амжилттай дуусч, одоо долоон ажиллагаанд 500 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Удахгүй Өмнөд Суданд 850 хүнтэй батальоны үлдсэн хэсэг, Суданы Дарфур мужид цэргийн эмч нарын III баг үүрэг гүйцэтгэхээр болсон байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу энхийг сахиулагчдад баяр хүргэсэн юм. Африкийн орнууд, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн дайчдад “Африкт энхийн төлөө”, “Афганистанд энхийн төлөө” дурсгалын медалиудыг гардуулан өгсөн. Зэвсэгт хүчний 150, 084-р ангийн Энхийг сахиулагчид гардан тулаан, энхийг дэмжих ажиллагааны үзүүлэх тоглолт, БХИС-ийн “Тэмүжин өрлөг” цэрэгжүүлсэн дунд сургуулийн сурагчид, 032-р ангийн дайчид жагсаалын үзүүлэх тоглолт, ҮЖҮНХ, Цэргийн хөгжмийн сургууль хөгжмийн үзүүлэх тоглолт хийж, БХЯ,ЗХЖШ-ын харьяа байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Дашрамд дуулгахад, энэ сарын 29-нд 15.00 цагаас Соёлын төв өргөөнд “Энхийг сахиулагчдын өдөр”-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болох бөгөөд Энхийг сахиулагчдыг төлөөлж 2004 онд Иракт гавьяа байгуулсан Зэвсэгт хүчний 084-р ангийн бүлгийн дарга, дэслэгч Г.Аззаяа үг хэлэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ