
Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч тодруулах тэмцээн, Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга тасаг, салаа шалгаруулах тэмцээн болж, Зэвсэгт хүчний 30-аад ангийн 1000 гаруй тамирчин өрсөлдлөө. Энэ жил марш-тактикийн тэмцээнд гэрээт цэргүүд болон Цэргийн төв эмнэлгийн эмэгтэй тасаг анх удаа оролцжээ.
Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний анги бүрээс нэг офицер, нэг ахлагч оролцож, 60 км-ийн явган марш, онолын болон ур чадварын бэлтгэл, марш гүйлтийг байгалийн саад бүхий замд өөрсдийн хүнс, хувцас зэрэг 25 кг ачаатайгаар 18 цагийн дотор туулсан байна.
Тэргүүн байрыг БХИС-ийн тэнхимийн дарга, дэд хурандаа Б.Батмөнх, 015-р ангийн ахлагч С.Батбилэг нар эзэлж, хоёр өрөө орон сууц, II байрыг ЗХЖШ-ын хошууч М.Батхуяг, ЗХ-ний 150 дугаар ангийн сургагч ахлагч Н.Баасан нар хүртэж, гадаадын цэргийн академи, цэргийн дээд сургуульд суралцах, III байр эзэлсэн ЗХ-ний 032 дугаар ангийн ахлах дэслэгч С.Билэгсайхан, ЗХ-ний 123 дугаар ангийн ахлагч Б.Энхтайван нар гэр бүлийн хамт гадаадад амрах эрхийн бичгээр шагнуулжээ.
Зэвсэгт хүчний марш-тактикийн тэмцээний гурван төрөлд Ховд аймгаас ирсэн хурандаа Б.Галбадрах захирагчтай 123-р ангийнхан хоёр алт, нэг хүрэл медалийг хүртэж тэргүүн байрыг эзэллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ