Монгол хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө хувь нэмэрээ оруулцгаая
2011-10-20

Өнөөгийн Монгол улсын хамгийн эмзэг асуудлын нэг бол хүний эрүүл мэнд. Тэр тусмаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулагдсан үр дүнтэй, бодит ажлууд хийгдэх шаардлагатай байгаа билээ. Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаанаас үзэхэд 2010 оны эхний таван сарын байдлаар Монгол улсад 27,597 хүүхэд төрсөн бөгөөд эдгээрээс 625 нярай хүүхэд нь нэгээс доош насандаа эндэж, хүүхдийнхээ эмчилгээний зардалд хандив гуйж яваа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ганц нэг нь гадаадад өндөр зардлаар эмчилгээ хийлгэж, ард нь үлдсэн олон хүүхдүүд амь насаа алдаж байна. Монголчууд бид саруул ухаанаар сэтгэж үр хойчийнхоо төлөө хамтран ажиллаж чадвал олон зуун хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж, эрүүл саруул өсөн бойжих боломжийг нэмэгдүүлж чадах билээ. Үүний нэг жишээ нь ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’  Төрийн бус байгууллага (ТББ) юм.

"Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" ТББ нь 2010 онд байгуулагдан, улмаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 3 ширхэг хяналтын мониторыг хандивлах, Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбайг зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа билээ.

Харин тус ТББ-ын хамт олон дараагийн үйл ажиллаагаараа ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бэхжүүлэхийн тулд Нярайн инкубатор авах зорилт тавин ажиллаж байна. ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг нь 5 их эмч, 19 сувилагчийн орон тоогоор, нярайн 17-н оронд өдөрт дундажаар 25-28 нярайг хүлээн авч эмчилж ажлын ачаалал их, аппарат тоног төхөрөмжийн хангалт муутай ажилладаг. Тиймээс ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн өндөр чанартай нярайн инкубаторыг нийлүүлэх, нийлүүлэхэд шаардлагатай 25.6 сая төгрөгийг босгох, хандив цуглуулах зэрэг үйл ажиллагааг урьд урьдын туршлагадаа тулгуурлан явуулахаар төлөвлөөд байна. Хэдийгээр тус ТББ-ын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй энэ төсөл нь ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бүрэн бэхжүүлж чадахгүй ч, энэхүү төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд цаашид бусад дутагдалтай байгаа тоног төхөөрөмж нийлүүлэх талаар судалгаа хийж энэхүү төслийн II шат болгон хэрэгжүүлэх юм байна.

"Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" ТББ нь Нярайн инкубатор авах зардлыг санхүүжүүлэхийн тулд Монголын үндсэний томоохон аж ахуйн нэгжүүд болон сайн санаат иргэдээс хандив цуглуулах арга хэмжээнүүдийг 2011 оны 10-р сарын 15-с 2012 оны 4-р сарын 1-н хүртэл авч хэрэгжүүлж инкубатороо захиалан тээвэрлэж 2012 оны 6-р сарын 1-ний өдөр ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт гардуулахаар төлөвлөж байгаа билээ. Төслийн хэрэгжих явцад ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага өөрийн вэб хаяг болох www.saveinfants.mn болон www.facebook.com-ийн Save Infants хуудсуудаар санхүүжилт болон санхүүгийн баримтууд, мөн цугларч буй хандивуудын талаар тогтмол мэдээлж байх юм байна.

Уншигч та хандив өргөхийг хүсвэл Голомт Банкны 1105039384 тоот данс, мөн ТББ-ын вэб хаяг болох www.saveinfants.mn -ээр дамжуулан өөрийн хувь нэмэрээ оруулаарай. Монголын Үрс маш олон болох болтугай!

Shuud.mn
Сонин хачин