Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч
2012-06-18

Бямба гаригт хятад улс түүхэндээ анх удаа эмэгтэй сансрын нисгэгчийг дэлхийн тойрог зам руу явууллаа. 33 настай Лю Ян хятадаас явуулж буй сансрын хөтөлбөрийн сүүлийн зорилт болох сансарт хөлгүүдийг залгах ажиллагааг гүйцэтгэх гурван сансрын нисгэгчийн нэг юм. Шеньчжоу хөлгийг Цзюцюань удирдлагын төв, говиос хөөргөжээ. Энэ нь 2003 онд анхны сансрын нисгэгч Ян Ливейг нисгэснээс хойш, хятадын дөрөв дэхь хүний жолоодлоготой сансрын ажиллагаа болж байгаа аж. Үндэсний телевизээр хөөрөх хүртэлх явц, гурван нисгэгч кабинд орон ортлоо даллаж байгаа байдал зэргийг шууд дамжуулж байв. Хятад улс 2020 он гэхэд өөрийн сансрын төвтэй болох зорилттой байна. Сансрын нисгэгчид өнгөрсөн оны есдүгээр сард хөөргөсөн Тяньгун буюу Диваажингийн ордон хөлгийг Шеньчжоу хөлөгтэй залгах 13-н өдрийн даалгавартай юм. “Бид энэ зорилгодоо хүрч чадна гэдэгт би итгэж байна, учир нь бид технологийн суурь боломжоо бүрдүүлсэн байгаа” хэмээн энэ төслийн ахлах зохион бүтээгч Чжоу Цзяньпин сэтгүүлчдэд хэлжээ.   Ц. Мишээл
Shuud.mn
Сонин хачин