Дөрвөн настай хүүхдийг зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгээгүй гэв
2012-06-19

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын  прокурор Б.Пүрэвжав өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газрын хурлын зааланд мэдээлэл хийлээ. Тус дүүрэгт хянагдаж буй зарим хэргийн талаар цөөн асуултад хариулт авлаа. -Багануур дүүргийн  нутаг дэвсгэрт он гарснаас хойш хэдэн хэрэг бүртгэгдэв? -Багануур дүүрэг бол нийслэлээс алсагдсан дүүргүүдийн нэг.  Өнөөдрийн манай Прокурорын газарт   эрүүгийн 150 гаруй хэрэг шалгагдаж байна.  Өнгөрсөн оны мөн үеийнтэй харьцуулбал хэргийн тоо 14 хувиар нэмэгдсэн үзүүүлэлтэй байна.  Эрүүгийн хэргүүдийг өнгөөр нь ангилж үзвэл  нийт бүртгэгдсэн  хэргийн 50 орчим хувь нь хөнгөн, 30 гаруй хувь нь хүндэвтэр, 10  орчим хувь нь онц хүнд хэрэг гарсан. Он гарснаас хойш хүн амины нэг ч хэрэг гараагүй. Энэ нь манай дүүрэгт эрүүгийн нөхцөл байдал харьцангүй тайван байна гэж ойлгож болно.  Мөн сонин хэвлэлээр гарч буй мэдээллийг зохих журмын дагуу шалгаж, хяналт тавьж байна. Тухайлбал, Өглөөний сонинд нийтлэгдсэн “Сард  гурван сая төгрөгийн орлоготой цэцэрлэгийн эрхлэгч”  гэсэн мэдээллийн мөрөөр   манай дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч  н.Нарангэрэлийг холбогдуулан шалгахад  улсын мөнгө завшсан  нь тогтоогдоогүй учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. -Танай дүүргийн Төмөр замын дахь цэцэрлэгийн багш  дөрвөн настай хүүхдийг зодож гэмтээсэн хэрэг өнгөрөгч хавар гарч байсан. Хүүхэд гэмтээсэн багшид ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм бэ? - Цэцэрлэгийн туслах багш хүүхэд зодож гэмтээсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. -Сэжигтэн, хохирогч талууд мөнгөөр тохиролцсон юм биш үү? -Тэр асуудлыг тодорхой мэдэхгүй -ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар ангид  ял эдэлж буй “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны Ж.Мэндбаяр өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр дэглэм бууруулах хүсэлт гарган өлсгөлөн зарласан. Дээрх хүсэлт нь хуульд нийцсэн үү? - Ялтан Ж.Мэндбаяр өнгөрсөн сарын 17-ноос эхлэн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх хүсэлт гаргаж, өлсгөлөн зарласан. Хэвлэлээр бичигдсэн шиг хуурай өлсгөлөн зарлаагүй. Долоо хоноод өлсгөлөнгөө зогсоосон. Үүний улмаас эрүүл мэндэд нь ноцтой хохирол учраагүй. Тухайн үед манайх хүсэлтийг нь хүлээж аваад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Энэ асуудал удахгүй шүүхээр шийдвэрлэгдэх байх. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин