Халдварт өвчний тархалт нэмэгдэж байна
2010-12-14

Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт сурталчилгаа (МСС)-ны үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор Монгол улсын засгийн газрын 5, 224 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 311 дүгээр тушаал зэрэг олон баримт бичиг гарсан. Эдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багагүй ололт, амжилт, туршлага хуримтлагдсан хэдий ч хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бий болгох МСС-ны талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, арга хэмжээний нэгдсэн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хяналт үнэлгээ санхүүжилтийн тогтолцоо дутагдалтай байсныг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 274 дүгээр тушаалаар Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны үндэсний стратегийг баталсан. Энэхүү стратегийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн МСС-ны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилгоор 2010 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд “Хамтдаа хэрэгжүүлж – Хамтдаа дэмжье” сэдэвт уулзалт/сургалтыг зохион байгууллаа. Манай улсын сүүлийн 5 жилийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин давамгайлж, тасралтгүй нэмэгдсээр байгаагаас гадна халдварт өвчний тархалт нийт улсын хэмжээнд буурахгүй байгаа төдийгүй шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний гаралт нэмэгдэж байна. Зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчний шалтгаан нь хувь хүний амьдрах хэв маяг, зан үйлээс 50%, гадаад орчноос 25%, удамшлаас 15%, эрүүл мэндийн үйлчилгээнээс 10% хамаардаг гэж ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ үздэг. Сургалтанд дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар болон МСС хариуцсан мэргэжилтнүүд оролцсон бөгөөд аймгуудын зарим эрүүл мэндийн үзүүлэлтийг ашиглан орон нутгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрсдэлт зан үйлийн, зорилтот бүлгийн, мэдээллийн дүн шинжилгээ боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг алхмуудаар оролцооны арга дээр  тулгуурлан зохион байгууллаа. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын шинэчлэгдсэн бүтцийн талаар хэлтсийн дарга нар мэдээлэл өгснөөс гадна Эрүүл мэндийн сайд С.Ламбаа уулзалтанд оролцож оролцогчдын асуултанд хариулж, харилцан ярилцлаа. Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ “Цаг үеэ олсон хэрэгтэй сургалт хийж байгаад Эрүүл мэндийн газрынхандаа юуны өмнө баярлалаа гэж хэлье. Урьдчилан сэргийлэх анагаах ухаан эрүүл мэндийн салбарын гол анхаарах чиглэл болоод байгаа энэ үед зан үйлийг өөрчлөх МСС-ны үндэсний стратеги батлагдан гарсан нь чухал алхам болсон. Энэ стратегийг гардан хэрэгжүүлэх миний дайчин туслах болох та бүхэн  илүү анхаарч хамтран ажиллах хэрэгтэй байна. Орон нутгийнхаа онцлог, нөхцөл байдлын үнэлгээн дээр тулгуурлан аймаг бүр цаашилбал сум бүр өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, стратегитэй болох шаардлагатай. Манай эрүүл мэндийн салбар хийж байгаа болон зан үйлийг өөрчлөх МСС-ны талаар хийх ажлаа, гарсан үр дүнгээ олон нийтэд таниулж, сурталчилах талаар анхаарах хэрэгтэй байна. Бид маш их ажил хийж байна. Дархлаажуулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт, эрүүл мэндийн хууль, тамхины хуулийг шинэчлэн батлуулах зэргээс гадна Эрүүл мэндийг дэмжих санд тамхины 2% дээр нэмж архины 1%, эмийн 2%-ийн татварыг нэмж санхүүжилт авах гэх мэт ололттой томоохон ажлуудыг хийгээд байгаа. Цаашид ч энэнээс илүү эрч хүчтэй, санаа нэгтэй ажиллана гэж найдаж байна.” Тус сургалтаар эрүүл зан үйл төлөвшүүлэх МСС-ны стратегийг хэрэгжүүлэх орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний загварыг боловсруулж, цаашид хийх ажлын чиглэлийг гаргалаа.

Shuud.mn
Сонин хачин
эрүүл мэндийг дэмжих санд архи ,тамхинаас оруулах татварын хувийг илүү нэмэх шаардлагатай шүүдээ улс орон даяраа архичин боллоо ялангуяа залуучуудын ихэнх нь л архинд ороод байхад
2011-11-09