40 цэцэрлэг барихад 12 сая ам.доллар зарцуулна
2012-06-27

Сумаас аймаг руу, аймгаас нийслэл рүү гэсэн их нүүдлийн хөлд хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөх болсон. Нийслэл хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр сургууль. цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Сурагчид гурван ээлжээр хичээллэж, нэг ангид олноороо суралцах, хол газраас хичээлдээ явах тохиолдол цөөнгүй. Мөн цэцэрлэгийн насны зарим багачууд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа. Тиймээс энэ талаар БСШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлд энэ жил шинээр хэчнээн сургууль, цэцэрлэг барьж байна вэ? -Нийслэлийн хэмжээнд 54 сургууль, цэцэрлэгийг барьж байна. Үүнээс12 барилга энэ хичээлийн жилд ашиглалтад орно. -Тэгвэл орон нутагт энэ тоо хэд байна? -Ер нь энэ оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 300 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга барьж байна. Эдгээр  нь эхнээсээ ашиглалтад орж байгаа. Дунджаар жилд 80-100 барилгыг ашиглалтад оруулдаг. Улсын төсвийн хөрөнгөөс гадна Дэлхийн банк, "Өвсний үндэс", Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр цөөнгүй барилга барьдаг. Тухайлбал, Дэлхийн банкны хөрөнгөөр энэ онд 40 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Одоогоор зураг, төслийн шатандаа явж байгаа. Уг цэцэрлэгүүдийг Канад технологоор  хямд өртгөөр, хурдан хугацаанд барихаараа онцлогтой. ҮндсэндээУлаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн 350 орчим суманд барилга, угсралт шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. -Улсын төсвийн хөрөнгөөс гадна, гадны хөрөнгө оруулалтаар барьж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгад хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ? - Жил бүр янз бүрийн дүн гардаг. Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр барих 40 цэцэрлэгт 12 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна."Өвсний үндэс", "Дэлхийн зөн", Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр жил бүр дунджаар 5-10 сая ам.доллар зарцуулдаг. -Тэгвэл барилгын чанарын асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ? -Барилгын чанарын асуудал дээр давхар хяналт тавьдаг.Манай барилга захиалагчийн албаны инженерүүд хөдөө орон нутгаар байнга явж ажиллаж байна.Нэг зуны хугацаанд  нэг инженер 7-8 удаа газар дээр нь очиж, барилгын явцтай танилцдаг. БСШУЯ-ны сайд аймгуудын Засаг дарга нартай  гэрээ байгуулдаг. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага, хот байгуулалтын газруудаас өдөр тутам барилгад хяналт тавьдаг. Дээрээс нь зургийн компаниуд өөрсдийн хийсэн зураг төслийн дагуу барьж байна уу гэдгийг хянана. Түүнчлэн гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд ашиглалтын буруугаас гарсан эвдрэл гэмтлийг засварлах баталгаа гаргаж өгдөг.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин