Иргэдийн төрдөө зориулах өдөр эхлэв
2012-06-28

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт өглөө 7.00 цагаас орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуульд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1 838 849 иргэн 26 тойргийн 333 салбар хорооны 1905 хэсгийн байранд саналаа өгөх юм. Тэднээс гадаадад ажиллаж амьдарч байгаа 2779 сонгогч зургадугаар сарын 10-ны ням гаригт дэлхийн 39 хотод байгуулсан сонгуулийн байранд ирж саналаа өгсөн билээ. Харин өчигдөр хэвтрийн өвчтэй ба Саатуулан баривчлах төвд хоригдож байгаа хүмүүсийн саналыг зөөврийн хайрцгаар авсан байна. Эдгээр санал хураалтыг өнөө орой 20 цагаас хойш тоолох юм. Хот, хөдөөгөөс ирж буй мэдээгээр сонгогчид саналаа ямар нэгэн саадгүй өгч эхэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 8.00 цагт нийслэлийн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн байран дахь сонгуулийн хэсэгт ирж саналаа өглөө. Харин Д.Дэмбэрэл 9.00 цагт Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг буюу УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн 41 дүгээр хэсэгт саналаа өглөө. Ноён спикер, өнөөдрийг иргэд төрдөө зориулах өдөр. Төрийг байгуулна гэдэг амар зүйл биш гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 10.40 цагаас нийслэлийн 32 дугаар сургуулийн байран дахь сонгуулийн хэсэгт  саналаа өгөх юм байна. Энэ удаагийн сонгууль нь холимог тогтолцооны дагуу нэр дэвшигчээс гадна улс төрийн намыг зэрэг сонгох учраас сонгогчдоос давхар үүрэг хариуцлага шаардаж байна. Нийслэлийн ИТХ-ын сонгууль мөн зэрэгцэж байгаа тул Улаанбаатарчууд ирэх дөрвөн жилийнхээ өнгийг энэ өдөр нэгэн зэрэг тодорхойлох учиртай.  Нөгөөтэйгүүр сонгогчид иргэний үнэмлэхээ үзүүлсний дараа хурууны хээгээ шалгуулж, сонгогчдын нэрсийн жагсаалт дахь мэдээлэлтэй тулгаснаар саналын хуудсаа авч бөглөөд автомат машинд хийнэ. Саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороон дахь сонгуулийн хэсгийн санал хураах байрны автомат машин гацсаныг холбогдох ажилтнууд ачааллаас үүдэлтэй хэмээн тайлбарлав. Үүнийг шуурхай хэсгийн баг яаралтай засах үүрэгтэй бөгөөд зохих арга хэмжээ авч байна хэмээн газар дээрээс нь манай сурвалжлагч мэдээллээ. Манай орны иргэд, ялангуяа ахмадууд маань өглөө эртлэн сонгуулийн байрыг зорьж, урьдын адил гоёлын хувцсаа өмссөн нь энэ сонгуулийн ач холбогдлыг илтгэж байлаа. Сонгуулийн явцыг  гадаадын 60 гаруй сурвалжлагч, дотоодын 500 шахам хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжилж байна. Х.Аянга
Shuud.mn
Сонин хачин