Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсайгаас сонгуультай холбогдуулан шалгаж байгаа зарим хэргийн талаар тодруулав.
-Прокуророос УИХ-ын болон НИТХ-ын сонгуультай холбоотой хэдэн хэргийг ямар үндэслэлээр шалгаж байна вэ?
-Одоогоор УИХ-ын болон НИТХ-ын сонгуультай холбоотой 10 гаруй хэргийг шалгаж байна. Эдгээр хэрэгт нийслэл, аймаг, дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан, сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан, санал хураалтын явцад хууль бусаар нөлөөлөх зорилгоор сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн зэрэг асуудлыг шалгаж байна.
Нэр дэвшигчдээс Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Төмөрхүү, Увсын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхоны 20 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэг, Дархан-Уулын 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Хаянхярваа нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн.
-Сангийн сайд Д.Хаянхярвааг ямар асуудлаар шалгаж байгаа юм бэ?
-УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Хаянхярваа нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330 мянган төгрөгийг өөрийн нэр дэвшсэн тойрогт Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хүн бүрт 670 мянган төгрөг тараасан асуудлаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж байна. Энэ хэргийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагвын прокурорын байгууллагад гаргасан гомдлоор шалгаж байна.
Н.Түвшин