Хоёр дахь давалгаа
2012-07-20

Shuud.mn шинэ УИХ-ын эрхэм гишүүдийн хөргийг бэлтгэж, цувралаар нийтэлнэ. Ялангуяа шинэхэн гишүүдийг олонд таниулах үүднээс эн тэргүүнд уншигчдын хүртээл болгохыг зорьж байна. Тэдний дунд Та бүхний таних хүн ч байж магадгүй. Энэ удаа манай “76:1” булангийн салхийг эрхэм гишүүн Р.Бурмаа хагалж байна.     Монгол Улсын парламент одоо есөн эмэгтэй гишүүнтэй болов. Улс төрд барагтайхан эрээс дутахааргүй танигдсан хүн бол яах аргагүй “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа. Тэр өмнөх парламентын өнгөнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд аман хүзүүдсэн ч энэ удаа УИХ-ын танхимын хаалгаар итгэлтэй орж ирлээ. Шударга сонгуулийн төлөө Бурмаагийн дуу хоолой сүүлийн арав гаруй жил парламентын гадна сонсдож байсан бол одоо халуун гал тогоонд нь буцлах болж байна. Раднаагийн Бурмаа социализмын үед Болгарт радио электроникийн инженерийн мэргэжил эзэмшсэн цөөхөн залуусын нэг. Тэнд суралцаж байхдаа кофений амтанд оржээ. Хяслантай нь 1982 онд сургуулиа дүүргээд Монголд ирэхэд мөнөөх кофе нь дэлгүүр хоршоонд огт байсангүй. Гадаадын мэргэжилтнүүдэд үйлчилдэг ганцхан дэлгүүрт зардаг бололтой. Харамсалтай нь тийшээ монгол хүн орох эрхгүй. Бид эх орондоо яагаад гадныхнаас дутуу амьдардаг билээ гэсэн бодол тэгэхэд сэтгэл эмзэглүүлж, энэ нийгэм нэг л биш ээ гэсэн бодол толгойд харважээ. Энэ бол зөвхөн кофеноос үүдсэн бүсгүй хүний, бас юм үзэж нүд тайлсан боловсролтой залуу сэхээтний давхар эмзэглэл байлаа. Наяад оны дундуур монголчууд анх телевизор угсарч эхэлсэн нь “Монел” байлаа. “Монел” фирмийн захирал Ш.Ялалт, УИХ-ын гишүүн З.Энхболд, 1996-2000 онд эрхэм гишүүн асан Ц.Төмөртогоо нартай Р.Бурмаа нэг өрөөнд хамт сууна. Хуучин ЗХУ-д М.С.Горбачёвын “перестройка”-гийн салхи сэвэлзэж, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэсэн нийтлэлийн гар бичмэл тодорхой хүрээнд гараас гар дамжиж байсан цаг. Компьютер ховор, бидний “Канон” гээд сурчихсан хувилагч машин нүдний гэм байлаа. Гэсэн ч “Монел”-ийн залуус тэрхүү цуврал нийтлэлийг чадах ядахаараа олшруулж, хотоос хөдөөд хүртэл тараана. Ингэхдээ яггүй зохион байгуулалттай ажиллахдаа шөнө дөл болтол элдвийг хүүрнэнэ. Нийгэмд ил тод байдал хараахан бүрэлдээгүй, шивнэж ярьдаг айдас арилаагүй байсан болохоор хэн нэг нь баригдаж, хэрэг төвөг болбол бусад нь яаж ажиллахаа ч сэм тохирчээ. Удалгүй 1989 оны 12 дугаар сард Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн болж, улс төрийн улаан хөшгийг анх удаа ярсан юм. МАХН-ын Улс төрийн товчооны гурван гишүүнд залуучууд өргөх бичиг барьж, олон түмний эвлэлдэн нэгдсэн нэгэн холбооны суурийг тавьснаа зарласан нь МоАХ байсан юм. Ийнхүү Бурмаа МоАХ-ны анхдугаар их хуралд оролцож, МоАН байгуулагдсаныг зарлахад үзэл бодлын үндэс нь марксизм, ленинизмийг засч сайжруулна гэх маягийн юм ярихад нь эхлээд нэлээд эргэлзжээ. Гэсэн ч намынхаа дэргэд “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” гэсэн байгууллагыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж эхлэв. Нялх ардчиллыг өсгөж бойжуулахад түүний Тайвань, Өмнөд Солонгос, Непал зэрэг улсад очиж, иргэний нийгэмтэй танилцахдаа жирийн иргэдийн дуу хоолой жинхэнэ хүчтэй байдгийг ухаарчээ. Бусад орны иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд засгийн эрх баригчдад хэрхэн хяналт тавьж ажилладгийг ч анзаарсан байна. Хамтарч ажилладаг бүсгүйчүүдтэйгээ яриад улс төрийн нам, УИХ-ын гишүүд мөрийн хөтөлбөртөө эмэгтэйчүүдийн талаар юу тусгаж, яаж хэрэгжүүлж буйг харьцуулахаар шийдсэн байна. Гэтэл мөнөөх мөрийн хөтөлбөр, амлалтуудын талаар аль ч намаас ганц ч хуудас олдсонгүй. Арга ядаад Сонгуулийн ерөнхий хорооноос бөөн эрэл болж ганцхан хувийг олж аваад биелэлтийнх нь талаар УИХ-аас лавлавал архивт л байгаа гэсэн бүдэг бадаг хариу сонсчээ. Архивт орох хүсэлт тавьсан ч бас л таг чиг. Тэгээд арайхийж хөл тавив. Чухам эндээс Бурмааг парламентын үйл ажиллагаанд хяналт тавих хуулийн хамгийн гол заалтыг гаргаж ирсэн онцгой гавьяатай гэж хэлж болно. Яагаад гэвэл УИХ-ын санал хураалт нууц байсан учир хэнбугай нь ямар санал өгснийг сонгогчид байтугай, нам нь мэдэхийн аргагүй байж. Эрхэм гишүүд амлалтаасаа яаж ухарч няцаж буйг ёстой чөтгөр бүү мэд. Бурмаа ч бууж өгөхийг хүссэнгүй, Азийн санд хандсанаар “Ухаалаг сонгогч” байгууллагаас төлөөлөгч ирж, “Ардчилсан нийгэм дэх сонгогчийн эрх, үүрэг” гэсэн лекц уншиж, төрийн өндөр албан тушаалд сонгогдсон хүмүүст хариуцлага үүрүүлэхийн тулд санал хураалтыг илээр явуулдаг, харин сонгогч аливаа дарамт шахалтаас ангид байхын тулд саналаа нууцаар өгдөг гэсэн тов тодорхой дүрэм байдгийг ойлгов. Ингээд УИХ-д аливаа санал хураалтыг илээр явуулдаг болгохыг хүссэн захидал бичлээ. Урьдын адил дүлий дүмбэ оргисоор. Харин 1996 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл ялсны дараа хуульд өөрчлөлт оруулж, эрхэм гишүүд саналаа илээр өгдөг болсон нь том ололт. Ийнхүү тэр эмэгтэйчүүд гэж туйлшралгүй “Сонгогчдын боловсрол төв” гэсэн хэнд ч үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулаад хориод жил ажиллаж байна. 2000-2004 онд СЕХ-нд сонгогчдын төлөөлөл ганцхан хүн байсан нь Бурмаа. СЕХ-нд асуудлыг олонхийн саналаар шийдэж, сонгууль гэдэг бол зөвхөн санал хураалтын үр дүн биш, түүнийг зохион байгуулагчдаас ч хувь заяа нь бас шалтгаалдаг болохыг мэдэрчээ. Тиймээс ч Үндсэн хуулийн цэцэд маргаантай асуудлаар нэг биш удаа хандаж байлаа. Чухамдаа сонгогчийн ганцхан санал алтнаас ч үнэтэй гэдгийг Бурмаа ихэд онцолдог. 1996-2000 онд УИХ-д  “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудалтай байхад асуудлыг дор хаяж 51 саналаар шийдэх үед найрагч О.Дашбалбар агсны багтсан тал нь дийлдэг байсан. Ирц бүрдэж өгөхгүй спикер Р.Гончигдоржийг зовоож байсан тэр цагт эвслийн гурван Засгийн газар ганц хоёрхон саналын зөрүүгээр огцорч байсан билээ. Үндсэн хуулийн загалмайлсан эцэг Б.Чимид гуай гэхэд хэн ч танихгүй Т.Бохьшарга гэдэг залууд 12 саналын зөрүүгээр өвдөг шороодсон байдаг. Тэгэхээр тэрхүү 12 санал хэн засгийн эрх барих вэ гэдэг асуудлыг шийдэж байж шүү дээ хэмээн Бурмаа хэлдэг. Түүний нэг удаагийн зүсэм талхны төлөө ирээдүйгээ худалдаж болохгүй гэдэг үг гүн учиртай. Тэрээр улс оронд маань улс төрийн хоёр дахь давалгаа түрж эхэллээ хэмээн дөрвөн жилийн өмнө хэлсэн нь санамсаргүй биш. 90 онд ардчилсан хувьсгал ялж, улмаар шинэ Үндсэн хуулийг баталсан нь үндэсний сэргэн мандалт байлаа. Гэвч 20 жил өнгөрөхөд хүсэн хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Нам төвтэй систем руу шилжиж, олигархиуд хоорондоо сүлбэлдээд нэг намаас ялгарах юмгүй болсон. Харин иргэний хөдөлгөөнүүд мэндэлж эхэлсэн нь зөв зүйтэй алхам байлаа. Энэ бол хоёр дахь давалгаа байв. Дөлгөөхөн төрхтэй энэ бүсгүйн амнаас шантарч цөхөрсөн, урам хугарсан үгс ер гардаггүй. Зугуухан атлаа дайчин чанар нэвт шингэсэн байдаг хэмээн нөхөд нь үнэлдэг юм билээ. Бурмаа хоёр хүүхдийн ээж. Хүүхэд залуустай ажиллах дуртай, тэднээс үргэлж эерэг энерги гарч, эрч хүч мэдрэгдэж байдаг хэмээн хэлэх дуртай. Түүний санаачилсан “Нэг ертөнц”, “Мини парламент”, “Мини НҮБ” зэрэг олон арга хэмжээ хүрээгээ тэлж, хүүхдүүд өөрсдийгөө болон ертөнцийг нээснээр ирээдүйгээ улам бүр утга учиртай болгоход тэмүүлж байдаг. Хүнд байх хамгийн үнэт баялгийг нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт өөрийн бахархал хэмээн тооцдог энэ бүсгүйн нийгэмд үүрэх ачаа нэмэгдэж, парламентын танхимд орж ирлээ. Тэдний есөн бүсгүйчүүд одооноос УИХ-д бүлгийн дайтай байр суурь баримтлахаар зэхэж байна. Хүнд удам судар гэж нэг ноён нуруу бий. Бурмаагийн аав Л.Раднаа гуай спортынхонд “уулын Улаан” гэж алдаршсан эх орныхоо сүрлэг уулсын ноён оргилд хөл тавьсан хүн. Уулын спортын ууган мастер буурал Монголд цанын спортыг хөгжүүлэхэд ч чамбай хувь нэмэр оруулжээ. Аав нь математикийн багш бол ээж нь биеийн тамирын багш байлаа. Г.Сэрээтэр гуай таван сайхан хүүхэд төрүүлсний хоёр дахь нь Бурмаа. Тэр нийслэлийн 52 дугаар сургуулиас анх эрдэм номын мөр хөөж эхэлсэн бол өдгөө их улс төрийн шатаар итгэлтэй өгсөж явна. С.Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Saihan huuhen! amjilt husii!
2012-11-20
зочин:
Бурмаад амжилт хүсье. Монгол тань шиг олон олон ухаалаг эмэгтэйчүүдээр дүүрэн байх болтугай.
2012-07-22
shutegch:
УИХ-ын уур амьсгалыг эрүүл саруул болгоход Бурмаа их үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Улс орноо хүчрэхгүй юмаа гэхэд УИХ-ын гал тогоог эмэгтэй гишүүний хувьд бусдыгаа уриалж сайн цэвэрлэх хэрэгтэй. Хуучин новшнуудын хор найруулсан аяга таваг, тогоо шанагыг бүгдийг нь хуу цэвэрлэ!
2012-07-21
dandaa nzuud ni comment uldeesen yumuu haashiin...kkkkk.....
2012-07-21
ЗАЙСАНГИЙН БОГИНЫ АМЫГ ЭНЭ ХҮҮХЭН ХУУЛЬ БУСААР АШИГЛАДАГ ГЭСЭН. ТЭР АМЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХӨРСИЙГ НЬ ЭРГҮҮЛЖ БАЙГААГ ХАРАХАД ХАРАМСАЛТАЙ. ТИЙМ Ч САЙХАН ХҮН БИШ БОЛУУ
2012-07-21
ӨАХР:
Ухаантай эмэгтэй, сайхан ч бүсгүй.
2012-07-21
Amjilt husye. Mundag shuu. Ih zuil hiine gej huleej baina ard tumen chin.
2012-07-20
дуран:
Боловсролтой сайн бүсгүй. Монголын ард түмний төлөө ихийг хийгээрэй.
2012-07-20
magtaj bolokh khun gevel burmaa khatagtai odoo ajlaad baij dee amjilt khusii
2012-07-20
Burmaa bol chadvarlag emegtei shuu
2012-07-20
2008 ond ner devshij bhad ni gar barihad huiten garaa sulhan atgasan bolood huntei yariad yavahad ni huiten jihuudes turj bilee
2012-07-20
Их хурлын гишүүн болсонд баяр хүргэж цаашдын ажилд тань амжилт хүсье
2012-07-20
zogii:
Burmaa egchiinhee olon jiliin uigagui temtsel ajliin ariun turslagaas baga ch bolob hurtehiig ihed erhemlej ybdgiin hubid UIH d orsond uneheer ih bayrlaj bahdaj suuna ta baih estoi bair suurin deeree ochloo suu dee amjilt husie irgenii niigmiin toloo hiisen ajil buhniihee siidliig ta odoo l gargah bolson 1 namiin hoerhol humuusiig ymar baidald oruuldgiig humuust meduuleerei hairtai suu UB M
2012-07-20
Acaa:
Бурмаа гэдэг сайхан эмэгтэйд амжилт хүсье. Монголчууд Бурмаа гэдэг эмэгтэйг шударга үйлсийн төлөө ямар нэгэн шуналгүйгээр тэмцэгч, дээрээс өөрийнхөө чадалаар амьдарч байгаа чадалтай, чадвартай, боловсролтой эмэгтэй гэж үздэг. УИХ-д ороод өөрийн хийе, бүтээе гэсэн бүгдээ хэнээс айхгүйгээр зоригтой хийгээрэй. Танд Амжилт хүсье.
2012-07-20
zogii:
Burmaa egchiinhee olon jiliin uigagui temtsel ajliin ariun turslagaas baga ch bolob hurtehiig ihed erhemlej ybdgiin hubid UIH d orsond uneheer ih bayrlaj bahdaj suuna ta baih estoi bair suurin deeree ochloo suu dee amjilt husie irgenii niigmiin toloo hiisen ajil buhniihee siidliig ta odoo l gargah bolson 1 namiin hoerhol humuusiig ymar baidald oruuldgiig humuust meduuleerei hairtai suu UB M