Хилчид өвөр зуураа дайтаж байна
2012-07-23

Монгол Улсынхаа дархан хилийг манах үүрэг хүлээсэн цэргүүд өвөр зуураа дайтаж, өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг сүүлийн үед олноор үйлдэгдэх боллоо.  Нэг хэсэг хэвлэлийн хуудаснаа  Дорноговь аймгийн Улаан-Уулын хилийн дугаар ангийн дөрвөн байлдагч үгсэн тохирч байгаад харуулын даргаа буудаж, хүн барьцаалсан хэрэг гарч дуулиан болж байв.

 Энэхүү аймшигт хэргийн ул мөр балраагүй ээлж дараалан хилийн застав дээр буун дуу гарч хүний амь үрэгдсэн.  Баримт татвал  өнгөрөгч намар гэхэд л  эх  орны зүүн хилийг хамгаалдаг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн VIII заставын орлогч, ахлах дэслэгч Э жагсаалынхаа талбай дээр АКМ буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн.  Ийнхүү  хилийн заставт ойр ойрхон буун дуу гарах болсон шалтгааныг  Хууль зүй үндэсний хүрээлэнгийн судлаачид судлаж үзжээ.

 Судлаач Г.Оюунболд “Хил хамгаалах байгууллагад гарч байгаа  дүрмийн бус харилцаа, сахилгын бусад зөрчлийн талаархи бүртгэл мэдээлэл хангалтгүй, хэрэг зөрчил нь нуугдмал байдгаас шалтгаалан хүнд, онц хүнд гэмт хэрэг үүдэн гарах нөхцөл, шалтгааныг үндэслэлтэй, бүрэн тогтоож чадахгүй байна” гэж үзэж байна. Аливаа ноцтой гэмт хэрэг ялимгүй зөрчлөөс үүдэн гарах нь маш элбэг тул тэрхүү зөрчлийн нөхцөл байдлыг судлаж, буруутанд зохих цээрлэл хүлээлгэж байх нь гэмт хэрэг гарахгүй байх нэг гол нөхцөл болдог аж.

 Судлаачид  сахилгын хэрэг зөрчлийн талаар туршлагатай хилчидтэй санал солилцоход тухайн гэмт хэрэг, зөрчил цэргийн албаны аль цаг, минутад гарсан гэдгийг тогтоох нь ихээхэн ач холбогдолтой гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл  алба хаах үедээ харуулд гарахын өмнө үү, хойно уу, эсхүл харуул дээр алба хааж байхдаа юу, заставын байранд уу, амралт чөлөөт цагийн үед үү, шөнө оройн цагаар гэмт хэрэг, зөрчил их гаргаж байна уу гэдгийг нарийвчлан тогтоох нь тухайн цаг үед авах арга хэмжээг зөв сонгох, тийм үед сургалт хүмүүжлийн арга хэмжээг зөв зохион байгуулах ач холбогдолтой төдийгүй тухайн тэр үед нь завгүй байлгах, ажил үүргийг нь зөв хувиарлах гэх мэт янз бүрийн  арга хэрэглэн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж чадах аж.

 Түүнчлэн    Цэргийн алба хаагчид алба хааж байх үедээ ар гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх нь тэдний хэт их анхаарал халамжид автах, эсхүл гэр бүлд учирсан бэрхшээлийг мэдсэнээр стресст орох, уурлаж бухимдах, улмаар цэргийн албанаас шантрах бэрхшээх, оргох, амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх гэх мэт сөрөг үр дагаварт хүргэж байна. Нийгэмд цэргийн алба хаагч амиа хорлож байгаа тохиолдлыг илүү соргогоор хүлээн авч буй.

 Зөвхөн  судлаачдын судалгааны ажлын явцын дөрвөн сарын хугацаанд гэхэд зэвсэгт хүчин, дотоодын, хилийн цэргийн салбарт нийтдээ дөрвөн цэрэг, албан хаагч амиа хорлосон тохиолдол гарчээ.Амиа хорлосон баримт сөхвөл  Хилийн 0168 дутаар ангийн офицер Д эхнэрээ хөнөөгөөд өөрийгөө шархдуулж байсан билээ.

 Тэрбээр   хэрэг үйлдэх өдрөө отрядын дарга н.Батбаярындаа хүүхдээ тэврэн орж ирсэн аж. Төд удалгүй хүүхдээ орхиод "Хурдан ирнэ" гээд гараад явжээ. Хүүхдээ авалгүй нэлээд удсан тул хурандаа н.Батбаяр гэрт нь очжээ. Гэтэл Д эхнэрийгээ буудаад дараа нь өөрийгөө  буудсан байжээ. Эхнэр нь газар дээрээ нас барж харин  Д шархадсан байсан юм. Энэхүү хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан өнөөдрийг хүртэл нууц байна.

 Зарим эх сурвалжууд цэргүүд амиа хорлох болсон шалтгааныг алба хаагчийн хооронд  маргаан даамжирч, ужгирсан нуугдмал дүрмийн бус харилцаанаас гадна  тэдгээрийн хоорондын хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн шинжтэй маргаанаас үүдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл цэргийн албанд нууц дэглэлт буюу дүрмийн бус харилцаа ужгирч газар авснаас үүдэлтэйг дээрх баримтууд харуулж байна.

 Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Хилчдийг ийм гэнэн тэнэг юмаар гүтгэж, унагааж чадахгүй. Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг
2012-07-24
хилчин:
балай юм бичих юм дахиад нэгийгээ буудчихсан юм болов уу гэж айлаа шүү
2012-07-24
zochin:
deeree suudlaa olohgvi baihad doodoh n yaj gvidlee olohobdee.iimch zasag tor baih gejdee.
2012-07-24