
Засгийн газраас нийслэлийн иргэдийн хямд үнэтэй махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах, хомсдол үүсгэхгүй байх зорилгоор 2009 оноос нөөцийн мах бэлтгэж эхэлсэн. Нөөцийн мах худалдаанд гарч эхэлсэн цагаасаа л элдэв яриа дагуулж байсан юм. Өнгөрсөн жил мах бэлтгэлиийн 21 аж ахуйн нэгж, 12 мянган тонн махыг нийслэлчүүдийн хэрэгцээнд гаргасан билээ. Тэгвэл өнгөрсөн сараас нөөцийн мах дахин худалдаанд гарлаа гэсэн яриа иргэдийн дунд гарсан ч хаана худалдаалагдаж байгааг мэдэхгүй иргэд цөөнгүй байна. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Долгормаагаас тодруулсан юм.
-Өнгөрсөн сард нөөцийн мах дахин худалдаанд гарсан гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар тодруулаач?
-Нийслэлийн иргэдийн 2012 оны махны хэрэгцээнд бэлтгэн гаргасан 12 мянган тонн махыг өнгөрсөн сарын 31-ний байдлаар борлуулж дууссан. Гэвч өнгөрсөн сараас нөөцийн махыг Засгийн газрын 53-р тогтоолын дагуу хавар нэмж бэлтгэсэн “Багахангай” мах боловсруулах үйлдвэрийн мах зарагдаж байгаа. 18 аймгаас нийлүүлсэн 329 мянган тонн уг махнаас борлуулалт хийгдээд өнөөдрийн байдлаар 281 мянган тонн мах үлдэгдэлтэй байна. Энэ махыг нийслэлийн 25 дэлгүүрээр борлуулж байна. Үхрийн мах 5500 төгрөг, хонь 5100 төгрөг, ямаа 4200 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа, энэ сард борлогдоод дуусах болов уу. Махны үнэ өндөр байгаа нөхцөлд “Багахангай”-гаас борлуулж байгаа мах нь харьцангуй хямд үнэтэй иргэдэд хүрч байна.
-Аль дүүргийн дэлгүүрээр борлуулагдаж байгаа вэ?
-Одоогоор Сонгинохайрхан дүүргийн дэлгүүрүүдээр борлуулж байна. Харин хүнсний захуудаар нөөцийн махыг худалдаалахгүй байгаа. Бусад дэлгүүрүүд авч борлуулахыг хүсвэл өөрсдийн мөнгөөр “Багахангай” махны үйлдвэр дээрээс авах боломжтой юм.
-Нөөцийн мах иргэдийн гар дээр очихгүй байна гэдэг яриа иргэдийн дунд байна?
-2012 онд нийслэлчүүдийн хэрэгцээнд хүрэх ёстой мах хэдийнээ дууссан. Одоо “Багахангай” дээр байгаа энэ мах нийслэлийн иргэдийн нэг хоногийн л хэрэгцээний махны хэрэглээ. Тэгэхээр нийслэлийн бүх дүүргүүдийн дэлгүүрээр худалдаалагдах боломжгүй. Захын дүүрэг, гэр хороолол ихтэй, хүн амын тоогоороо бусад дүүргээс илүү гэдэг утгаар нь Сонгинохайрхан дүүргийн дэлгүүрүүдийг сонгож авсан юм. Гэхдээ Багахангайн махны үйлдвэрийн бусад дүүргийн дэлгүүрүүдэд очоод авахад нээлттэй.
-Ирэх жилийн нөөцийн мах бэлдэх хугацаа болчихлоо. Гэтэл шийдвэр гаргаагүй байдаг. Цаг хугацааны хувьд оройтож байгаа юм биш үү?
-2013 оны нөөцийн махыг одооноос эхлэж бэлдэх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар ирэх жилийн тухайд тодорхой шийдвэр гараагүй байна. Шинэ Засгийн газар байгуулагдаж, нийслэлийн шинэ удирдлага ирээд бидэнд чиглэл өгөх байх. Өнгөрсөн жилийн нөөцийн махны борлуулалтаас харахад нөөцийн махыг тодорхой тооны үйлдвэрүүдээр бэлтгүүлээд урамшуулал олгож байгаа нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй байна. Энэ механизмыг өөрчлөх шаардлагатай. Нөөцийн сан бүрдүүлэх ч юм уу.
-Нөөцийн махны асуудалд төр оролцож байгаа нь хэр зүйтэй юм бол?
-Уг нь мах бэлтгэлийн ажлыг нөөцийн сан болон эргэлтийн хөрөнгөөр хот өөрөө шийдэж, хямд үнээр нийслэлчүүддээ хүргэдэг байх нь зөв шийдвэр. Төр энэ ажилд оролцоод ирэхээр үнэ хөөрөгдөх явдал гарч байна.
-Нөөцийн мах бэлтгэлд малчид хэрхэн оролцдог юм бэ?
-Малчдын тухайд мах нийлүүлэх сонирхолгүй болсон. Өнгөрсөн хавар Засгийн газрын 53-р тогтоолын дагуу 18 аймагт төлөөлөл явуулаад малчидтай болон аймгийн захиргаатай уулзсан. Улсаас бэлэн мөнгө тарааж, оюутнуудын сургалтын төлбөрийг улсаас даах болсноос үүдэн малчид малаа зарах биш өсгөх сонирхолтой болжээ. Тиймээс малчид малаа махны ченжүүдэд өндөр үнээр өгөх сонирхолтой болчихсон байна. Цаашид мах бэлтгэлийн ажлыг захиргааны аргаар, хэдэн үйлдвэрийг сонгож аваад урамшуулал өгөх замаар мах бэлдэж байгаа тогтолцоогоо халах шаардлагатай. Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Ингэснээр махны үнийг барих боломжтой.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ