Орон бүхний монголчууд нэгдэхтүн!
2012-08-02

Лондон-2012 олимпийн наадамд Монгол Улсаас 29 эрхээр 30 тамирчин оролцож байна. Эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд дэлхийн аварга С.Батцэцэгийн бэлтгэл хангагчаар ДАШТ-ий хүрэл медальт О.Насанбурмааг ирүүлэхээр Монголын чөлөөт бөхийн холбоо зарласан билээ. Тэрхүү 30 тамирчин, тэдний багш дасгалжуулагчид, албаны хүмүүсээс гадна монгол угсаа гарлын цөөнгүй тамирчин Британийн эзэнт гүрний нийслэлд халз тулалдахаар хүрэлцэн иржээ. Тэдний тэргүүн эгнээнд хойд, урд хоёр хөршийн монгол залуусаа танилцуулья. ОХУ-ын багийн бүрэлдэхүүнд дэлхийн цомын аварга, 22 настай харваач буриад басган Инна Степанова, сонгомол бөхийн 55 кг-ийн жингийн халимаг бөх Мингиян Семенов, Халимагийн гандболчин Людмила Бодниева нар багтжээ. 20-хан настай Мингиян өмнөх олимпийн аварга Назыр Манкиевийг ДАШТ-ий хүрэл медальт дүү Бекхан Манкиевийнх нь хамт ээлж халаагүй ялсаар Лондонд ирэх болзлоо биелүүлжээ. Харин дэлхийн хошой аварга Людмила Бодниева хоёр гурван жил Оросын шигшээд багтаагүй явснаа эргэн ирж, тэгэх тэгэхдээ олимпийн дэвжээнд өрсөлдөж байна. Бээжингийн олимпод түрүүлсэн БНХАУ-ын багийн эгнээнд жүдогийн хөнгөн жингийн Алмас, Үндэс (Ү Шүген), боксын 81 кг-ийн жинд өрсөлдөж буй Мөн Фаньлон нарыг нэрлэж болно. Харин өмнөд нутгийн монгол угсаатнуудаас чөлөөт болон сонгомол бөхөөр өрсөлдөх хүн гарсангүй. Барселона, Бээжингийн олимпийн хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Герман улсын иргэн Доржсүрэнгийн Мөнхбаяр зургаадахь олимпдоо оролцож байна. Афганистаны түүхэнд олимпийн анхны медалийн эзнээр тодорч асан, ДАШТ-ий хүрэл медальт тэквондоч Роxулла Никпай жин өгсөн Лондонд иржээ. Түүнчлэн монгол эхээс мэндэлсэн Казахстаны жүдоч Тимур Болатыг энд нэрлэх нь зүйн хэрэг. Түүний аав Х.Болат ч Казахстаны спортын яаманд Шигшээ багийн албыг удирддагийн хувьд мөн Лондонд ирээд ажиллаж байгаа юм. Мөн буудлага спортын олон улсын хэмжээний мастер Б.Алтанцэцэг Тринидад ба Тобаго улсын тамирчдыг, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн Канадын шигшээд багтдаг шавь нараа удирдан Лондонд хөл тавиад байна.        
Shuud.mn
Сонин хачин