
Лондон-2012 олимпийн чөлөөт бөхийн эхний хоёр жингийн аваргууд дөнгөж сая тодорлоо.
55 кг-д сүүлийн хоёр жил дэлхийн аварга болсон Виктор Лебедевийг гэрт нь үлдээн ирсэн Европын хошой аварга Оросын Жамал Отарсултанов төрийн далбаагаа Лондоны тэнгэрт мандуулж чадлаа.
Гүржийн залуу хүчтэн, дэлхийн залуучуудын хошой аварга Владимир Хинчегашвили мөнгө, Ардчилсан Солонгосын бөх, 2009 оны дэлхийн аварга Ян Кён Иль, Японы Шиничи Юмото нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Гуравдахь олимпдоо оролцсон манай гавьяат Б.Наранбаатар жингийнхээ 19 бөхөөс 19 дүгээрт жагсчээ.
Харин 74 кг-д АНУ-ын Жордан Барроуз Ираны Салег Гударзитай аваргын төлөө өрсөлдөв. Ноднин дэлхийн аваргын төлөө тэд тунаран үлдэхэд америк бөх хоёр үед илүүрхсэн бөгөөд энэ удаа ч урт гар, уран барилдаанаараа асуудлыг амархан шийдвэрлэлээ.
Хүрэл медалийг дэлхийн хошой аварга Оросын Денис Царгуш, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Узбекистаны Сослан Тигиев нар зүүсэн юм. Манай олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат жиндээ 13 дугаарт шалгарсан юм.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ